| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2023/04362/И |
| Дугаар | 210/МА2025/01225 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/01225
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,049,571 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 7,109,029 төгрөгийг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус ББСБ нь *******тэй 2019 оны 07 сарын 09-ний өдөр ЗГ-102 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 15,600,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талууд тухайн өдрөө барьцааны гэрээ байгуулан ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машиныг барьцаалсан. Зээлдэгч ******* нь 2021 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй. Иймээс барьцаат зээлийн гэрээний 2.1.5-д заасны дагуу 2022 оны 04 сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг хураан авсан. 2022 оны 04 сарын 06-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүг тооцоход 17,977,571 төгрөг болж байгаа. Барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг хүлээн аваад 15,600,000 төгрөгөөр зарахын тулд 4,030,000 төгрөгийн засвар хийсэн. Мөн торгууль 410,000 төгрөг, татвар 210,000 төгрөг, оношилгоо 22,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг засвар хийхгүй зарсан тохиолдолд 10,928,000 төгрөгөөр зарагдах байсан.
Иймд барьцаат зээлийн гэрээний үүрэг 17,977,571 төгрөгөөс автомашиныг зарсан 10,928,000 төгрөгийг хасаад үлдэх 7,049,571 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: ******* миний бие 2019 оны 07 сарын 09-ний өдөр ЗГ-102 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 15,600,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлээ төлж байтал Ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоосон. 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс 2021 оны 04 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Засгийн газраас хатуу хөл хорио тогтоосон хэдий ч нийт 9,326,600 төгрөгийг төлсөн. 2022 оны 04 сарын 06-ны өдөр автомашиныг барьцааны гэрээний 1.10-т заасны дагуу 16,380,000 төгрөгт буюу түргэн борлогдох үнээр тооцон хураан авсан. Автомашиныг 2 ажилтан зориулалтын тоног төхөөрөмж дээр гаргаад шалгаж авсан. Миний бие автомашинаа хүлээлгэж өгсөн, өр дууссан талаар бичиг шаардахад одоо танд ямар ч асуудал байхгүй, ингээд өр дууслаа, одоо яв гэсэн. Гэтэл жилийн дараа надад нэхэмжлэл ирсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ
3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн агуулга: Бидний хооронд 2019 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний 1.10-т зааснаар зээлдүүлэгч талаас тогтоосон үнийг зээлдэгч талаас хүлээн зөвшөөрүүлэн гарын үсэг зуруулан баталгаажуулсан бөгөөд үүний дагуу машинаа зээлдүүлэгч талд хүлээлгэн өгсөн. Зээлийн эргэн төлөлтөд төлсөн 9,326,600 төгрөгийг дээрх гэрээнд заасан барьцааны зүйлийн үнэлгээг нэмж нэгтгэхэд 25,706,600 төгрөг болж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа 2022 оны 04 сарын 06-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүг тооцоход 17,977,571 төгрөг болно гэж дурдсан.
Иймд 25,706,600 төгрөгөөс 17,977,571 төгрөг, татвар, торгууль 620,000 төгрөгийг тус тус хасаж 7,109,029 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу хүлээх үүрэг үндсэн зээл 15,600,000 төгрөг, зээлийн хүү 11,692,959 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,719 төгрөг, нийт 27,295,678 төгрөг байсан. Үүнээс зээлдэгч тал 9,326,600 төгрөг төлснөөс үндсэн зээлийн төлбөрт 1,593,263 төгрөг, зээлийн хүүнд 7,730,616 төгрөг төлөгдсөн. 2022 оны 04 сарын 06-ны өдрийн байдлаар үлдэгдэл 17,977,571 төгрөг байсан. Уг үнийн дүн дээр засварын мөнгө нэмэгдээд 22,645,571 төгрөг болсон. Үүнээс 15,600,000 төгрөгийг хасахаар нэхэмжлэлийн шаардлага гарна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.3, 235 дугаар зүйлийн 235.4-т тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас 620,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,429,571 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******ийн 7,109,029 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,744 төгрөг болон хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,656 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 19,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
6.1. Зээлдэгч ******* нь 2021 оны 10 сарын 30-ны өдрөөс зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Барьцаат зээлийн гэрээний 2.1.5-д заасны дагуу 2022 оны 04 сарын 06-ны өдөр барьцаа хөрөнгийг хураан авсан. Барьцаа хөрөнгө болох автомашиныг хүлээн аваад нийт 4,030,000 төгрөгийн засвар (урд хойд гупер, жолооч талын хаалга, баруун зүүн керло, хормой, зүүн хойд хаалганы дээд хэсэг, хөгжим, доод анги, түлк запас дугуй г.м) хийж, татвар, торгуулийг төлж, ямар нэгэн доголдолгүй болгон бусдад 15,600,000 төгрөгөөр худалдсан.
6.2. Нэхэмжлэгчээс 4,030,000 төгрөгийн үнэ бүхий засвар үйлчилгээ хийсэн тухай санхүүгийн баримтыг гарган өгч, тухайн үед автомашиныг хариуцан засвар үйлчилгээ хийсэн иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр баримтыг үндэслэлгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 1, 40.2-т заасантай нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэн зөв, бодитой талаас нь дүгнэсэн. Хэргийн 50-52, 70, 87-90-р хуудсанд авагдсан нэхэмжлэгч талын гаргаж буй нотлох баримтуудад автомашинд оношилгоо хийсэн гэх тодорхой баримт байдаггүй. ******* гэх компаниас 2023 оны 01 сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 сарын 09-ний өдрүүдийн баримтыг гаргаж өгсөн боловч тухайн баримтууд нь ямар автомашины ямар сэлбэг болох нь тодорхойгүй, ямар нэгэн байдлаар хариуцагчаас мөнгө авах сэдэлтэй нотлох баримтууд байдаг. Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлд автомашин эвдрэл, гэмтэлтэй байсан тохиолдолд тухайн мөнгийг нөхөн гаргуулж авах тухай зохицуулалт огт байхгүй. Харин ч эсрэгээрээ барьцааны хөрөнгө ямар нэгэн байдлаар эвдрэл, доголдолтой байвал хариуцагчийг өөр хөрөнгөөр барагдуул, эсхүл өөрийн хөрөнгөөр барагдуул гэх зохицуулалт зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тус тус зохицуулагдсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,049,571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг нь эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 7,109,029 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хариуцагч *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэл мэт тодорхойлсон нь буруу. Учир нь, хариуцагч ******* нь хариуцагч *******д өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2023 оны 07 сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр олгосон байна.
4. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талууд 2019 оны 07 сарын 09-ний өдөр ЗГ-102 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 15,600,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, ******* нар уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 15,600,000 төгрөгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн;
4.2. Мөн өдөр талууд Барьцааны гэрээ /фидуци; үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээ/ байгуулж, уг гэрээгээр дээрх Барьцаат зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Toyota Prius-30 маркийн, ******* улсын дугаартай автомашиныг ******* ХХК -ийн нэр дээр шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцож, фидуцийн зүйлийг зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгүүлсэн;
4.3. Зээлдэгч нар 2022 оны 04 сарын 06-ны өдрийн байдлаар нийт 9,326,600 төгрөгийг Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт төлсөн;
4.4. Зээлдүүлэгч ******* ХХК нь фидуцийн зүйлийг 2022 оны 04 сарын 06-ны өдөр бодитоор гаргуулан авч, улмаар 2023 оны 01 сарын 02-ны өдөр бусдад 15,600,000 төгрөгөөр худалдан борлуулсан.
5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
6. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 4.4-т дурдсанчлан нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч, бусдад 15,600,000 төгрөгөөр худалдан борлуулсан байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний онцлог нь уг гэрээ байгуулагдмагц үүргийн гүйцэтгэл хангагддагт оршино.
Түүнчлэн, зээлдүүлэгч нь шүүхийн шийдвэргүйгээр буюу хуульд зааснаар фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүргийн зөрчлийг аль хүртэл явуулаад фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах нь түүний хүсэл зоригоос шууд хамаардаг.
Үүнтэй холбоотойгоор зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах, эсхүл фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах сонголтын аль нэгийг хэрэгжүүлэх боломжтой.
Иймд хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 2019 оны 07 сарын 09-ний өдөр ЗГ-102 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт 7,049,571 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд хангах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
7. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д Хүүгээс анз тооцохгүй гэж, 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна... гэж, 452 дугаар зүйлийн 452.2-т ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, ... -ээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заажээ.
Гэтэл талуудын байгуулсан 2019 оны 07 сарын 09-ний өдрийн ЗГ-102 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.2, 3.2.10, 4.1, 4.3, 6.2-т тус тус алданги тооцохоор тусгасан нь хуульд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус.
8. Нэхэмжлэгч ******* ХХК нь фидуцийн зүйлийг 2022 оны 04 сарын 06-ны өдөр бодитоор гаргуулан авахдаа хариуцагч *******, ******* нарыг байлцуулан акт үйлдэж автомашины эвдрэл гэмтлийг тодорхойлоогүй, улмаар ийнхүү бодитоор гаргуулан авснаас хойш 7 сар гаруй хугацааны дараа бусдад худалдан борлуулсан байх тул ...автомашины эвдрэл гэмтлийг засварлахад 4,030,000 төгрөгийн зардал гаргасан... гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, дээрх эвдрэл гэмтэл нь автомашин ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байх хугацаанд гаргасан байж болзошгүй юм.
Иймд ...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн 4,030,000 төгрөгийн засвар үйлчилгээтэй холбоотой баримтыг үнэлээгүй, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Анхан шатны шүүх хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.
10. Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.
11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04031 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.3, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* нараас 620,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,429,571 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******, ******* нарын 7,109,029 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 117,824 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР