Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01226

 

  *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/05556 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: илүү цагийн хөлс 9,075,811 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 9,075,811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...2024 оны 05-07 саруудад нийт 112 цаг илүү ажилласан, хуульд зааснаар дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж гаргуулна... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...ажилтныг нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй, хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн... гэж тус тус тайлбарлан маргажээ. 

4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул ...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг системд бүртгэсэн хугацаа, тухайн захирамжийг нэхэмжлэгч тал гардан авсан хугацааг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хангаагүй атлаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Тодруулбал:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 109 дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэрийг хүлээн авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд буюу 2024 оны 12 сарын 11-ний өдөр анх шүүхэд ханджээ.

Гэсэн хэдий ч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/24990 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарснаас хойш буюу 2025 оны 01 сарын 13-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг хэтрүүлсэн байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ... зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* нь хэргийн оролцогч тул өөрт хамаарах захирамжтай холбоотой нотлох баримтыг шүүхийн архиваас зохих журмын дагуу гаргуулан авах боломжтой гэж үзнэ.

Харин шүүхийн архив нэхэмжлэгч *******д тодорхой шалтгааны улмаас захирамжтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар хариу өгсөн тохиолдолд шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй.

Иймд анхан шатны шүүх ...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн бүртгэлийн дэвтрийг гаргуулах тухай... нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

5. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/05556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР