Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01227

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03175 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК-уудад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-тай байгуулсан 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 102/2019/ЭДАО/01 дугаартай Газрын тосны бүтээдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 439 м.кв талбай бүхий цехийн зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ...******* ХХК нь ******* ХХК-тай 2019 оны 08 сарын 23-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу худалдан авсан шатахууны төлбөрийг ачилт хийснээс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулна гэж харилцан тохиролцсон. Уг асуудал 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд эцсийн байдлаар 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 578 дугаар магадлалаар ******* ХХК-д хариуцагч ******* ХХК нь 695,253,510 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, 2021 оны 10 сарын 18-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гэтэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага шийдвэрлэгдээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* ХХК-ийг хариуцагчаар оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. ******* ХХК болон ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлага ******* байсан. Тиймээс ******* ХХК-ийн эд хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрч улмаар ******* ХХК нь гэрээг байгуулсан бөгөөд барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс ******* гэх хүнийг шүүх хуралдаанд заавал оролцуулах ёстой буюу ******* ХХК-ийг оролцуулах шаардлагатай гэж үзсэн.

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: ******* гэх хүн тус компанийг өөр дээрээ шилжүүлэн авч зээл авсан гэж бичсэн байсан. Цагдаагийн газар энэ хүнтэй уулзахад асуудалгүй, танд бүгдийг нь шилжүүлж өгнө гээд өгсөн. Сүүлд улсын бүртгэлийн газарт очтол таны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанд тавьсан байна гэж Татварын алба хэлсэн. Энэ 2 хүн нийлж байгаад миний бичиг баримтыг барьцаанд тавьсан. Анхан шатны шүүхэд ******* гэх хүн барьцаанд тавих үндэслэлгүй байна гэж гарсан. Гэтэл ******* нь би өөрийн компанийн бичиг баримтыг барьцаанд тавьсан, таны бичиг баримтыг тавиагүй гэж хэлдэг. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шат руу дахин хэлэлцүүлэхээр шилжүүлсэн, үүнээс хойш 2 жил болж байна. Өөрийн бичиг баримтыг барьцаанаас чөлөөлүүлж авмаар байна.

Иймд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Тухайн үед ийм их хэмжээний түлш авсан гэдгийг би мэдээгүй, оролцоогүй. Гэнэт би 500,000,000 гаруй төгрөгийн өр төлбөрт унаад шүүхээс намайг дуудсан. Би шүүх хуралдаанд огт ороогүй, миний өмнөөс ******* гэх хүн ирж ордог байсан. 2022 оны 01 сард *******г би цагдаад өгсөн. Прокурор дээр хэд хэдэн удаа өгсөн ч хэрэг хаагддаг. ******* ХХК хохирч байгаа. Барьцааны гэрээний хувьд би нотариат ороод явуулсан, үл хөдлөх дээр би очоогүй, намайг байхгүйд ийм зүйл болсон байсан. Сая гэрээг харахад миний гарын үсэг биш байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК-уудад холбогдох ******* ХХК-тай байгуулсан 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 102/2019/ЭДАО/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг ******* ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 439 м.кв талбай бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдох шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* хороо, Үйлдвэр гудамж ******* байрны ******* тоот хаягт байрлах 99 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

5.1. ******* ХХК болон ******* ХХК нарын 100%-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь 108/2019/БЭДАО/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан ******* гэх ганцхан хүн байдаг. ******* нь ******* ХХК болон "******* ХХК нарыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, дангаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд тул хэлцэл хийх гуравдагч этгээдэд буюу ******* ХХК-д төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар хуульд нийцсэн итгэмжлэл олгосны үндсэн дээр тус үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, нотариатаар үнэн зөвийг гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр тус гэрээ нь хүчин төгөлдөр болсон юм.

5.2. Анхан шатны шүүх хуульд нийцүүлэн итгэмжлэл олгоогүй тул 108/2019/БЭДАО/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ******* ХХК-тай уулзах гэж би их хичээсэн. Уг компани нь олддоггүй, байнга хаягаа өөрчлөөд алга болдог ба хэн нэгний компанийн бичиг баримтыг хамаагүй барьцаалж авдаг. Би компанийн бичиг баримтыг барьцаанд тавиагүй байхад ******* гэх хүн миний компанийг их хэмжээний бензиний барьцаанд тавьсан байсан. 3 жилийн дараа би Хан-Уул дүүргийн шүүх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас компанийн бичиг баримтыг олж авсан. ******* надтай ирж уулзаад ахаа би танд гомдолгүй, танд бичиг баримтыг тань өгье, танд хохиролтой зүйл байвал та надаас аваарай гэж хэлсэн. Энэ нь эрүүгийн хэрэг боловч би адилхан хүүхэдтэй хүмүүс учир заавал нэгэндээ муу зүйл хийгээд яах вэ гэж бодоод орхисон. Би *******ыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг аваад ир гэхэд одоохон аваад ирье гэж хэлээд алга болсон. Улсын бүртгэлийн газарт очиж асуухад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалсан байсан. Энэ талаар *******т хэлэхэд би барьцаалаагүй гэж надад хэлсэн. Анхан шатны шүүх үнэн зөвийг 2 удаа тогтоож өгсөн гэжээ.

 ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-уудад холбогдуулан ******* ХХК-тай байгуулсан 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 102/2019/ЭДАО/01 дугаартай Газрын тосны бүтээдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 439 м.кв талбай бүхий цехийн зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК нь барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр, хариуцагч ******* ХХК нь нотариатаар гэрчлүүлсэн баримтуудыг мэднэ, харин үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бүртгүүлэх аливаа үйлдлийг хийгээгүй, нэхэмжлэгчээс тийм хэмжээний шатахуун авсныг мэдээгүй гэсэн үндэслэлээр тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцжээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00260 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 578 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/00791 дугаар тогтоолоор хариуцагч ******* ХХК-аас 695,253,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн байх боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ...барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* ХХК-ийг хариуцагчаар тодорхойлоогүй, ******* ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй... гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

4. Хариуцагч ******* ХХК, ******* ХХК-уудад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ******* ХХК болон ******* ХХК-уудын хооронд 2019 оны 08 сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх 108/2019/БЭДАО/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* ХХК-ийн зүгээс ******* ХХК-д зөвшөөрөл олгосон эсэх нь ач холбогдолтой байна.  

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь хэргийн 1-р хавтасны 13-р талд авагдсан ******* ХХК-ийн 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 08/2019 дугаартай албан бичгийг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгодог.

6. Анхан шатны шүүх дээрх албан бичгийг ...хуульд заасан итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй, утга агуулгын хувьд төлөөлөх эрхийг олгосон агуулгатай биш... гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Тодруулбал:

6.1. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж зохицуулсан бөгөөд тус маргааны тухайд төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчийн бичгээр олгосон итгэмжлэлээр үүснэ.

6.2. Энэхүү магадлалын 5-д дурдсан албан бичигт Тус компанийн өмчлөлд байх ******* дугаартай 439 м.кв ХУД, ******* хороо, ******* гудамж, ******* тоотод байршилтай цехийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд 3 жилийн хугацаатай барьцаанд тавьж болохыг үүгээр шийдвэрлэж байна гэжээ.

6.3. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэжээ.

Дээрх албан бичгийн агуулгыг ийнхүү тайлбарлавал өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж болох агуулгатай буюу ...******* ХХК болон ******* ХХК-уудын хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалах... агуулга илэрхийлэгдээгүй байна.

7. Хэдийгээр хэргийн 1-р хавтасны 7-9-р талд авагдсан 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 108/2019/БЭДАО/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан мэт боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байна.

8. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03175 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийг 156.3... гэснийг ...175 дугаар зүйлийн 175.1... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР