| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 197/2025/00378/И |
| Дугаар | 210/МА2025/01236 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01236
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/06407 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******гудамж, ******* тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай хувийн сууц, 999 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг нийт 662,003,700 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...гачууртад хувийн сууц шинэ эсэхээсээ хамаарч 1 м.кв нь 3,000,000 5,000,000 төгрөгийн ханштай байхад шинжээч нь 312 м.кв хувийн сууцыг 1 м.кв-ыг нь 2,121,807 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур байна... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэж тус тус тайлбарлан маргажээ.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04345 дугаар захирамжаар хариуцагч *******, *******нараас 876,112,614 төгрөгийг гаргуулан *******ХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд *******аас 2024 оны 09 сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, өмнө дурдсан хувийн сууц, эзэмших эрхтэй газар зэргийг 2024 оны 10 сарын 16-ны өдөр битүүмжилж, 2024 оны 12 сарын 02-ны өдөр хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч үнийн саналыг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 12 сарын 04-ний өдөр шинжээчээр ******* ХХК, *******ыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлүүдэд заасантай нийцжээ.
6. Шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба *******аас шинжээч *******т 2024 оны 12 сарын 04-ний өдөр хууль хууль тайлбарлаж, хүлээх хариуцлагыг танилцуулжээ.
7. Шинжээч ******* нь төлбөр төлөгч *******ын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******гудамж, ******* тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай хувийн сууц, 999 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг 2024 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар нийт 662,003,700 төгрөгөөр үнэлсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээ хийхэд ашигласан арга, аргачлал, олон улсын стандартыг тодорхой тайлбарлаж, үнэлж буй хөрөнгийн байршил, хэмжээ, дэд бүтэц, ашиглалтад орсон он, хийцлэл, чанар байдал г.м мэдээллийг нэг бүрчлэн дурджээ.
Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангажээ.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зохицуулжээ.
*******аас шинжээч ******* ХХК, *******ын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 12 сарын 11-ний өдөр төлбөр төлөгч, өмчлөгч/эзэмшигч *******д мэдэгджээ.
Нэхэмжлэгч ******* нь үнэлгээний талаархи гомдлоо 2025 оны 01 сарын 13-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
9. Шинжээч нь төлбөр төлөгч, өмчлөгч/эзэмшигчийн хувийн сууц, газрыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
10. Дээрхийг нэгтгэн дүгнээд, нэхэмжлэгч *******ын гаргасан ...анхан шатны шүүх хуралд өгсөн нотлох баримтыг өдөр хоногийн зөрүүтэй гэж тооцсон, дахин нотлох баримт бүрдүүлж өгөх боломжийг олгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/06407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР