Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01237

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/06560 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: арилжааны банкнууд дахь дансанд тавьсан битүүмжийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн мөнгөний дансны зарлагын гүйлгээг сэргээлгэх тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан арилжааны банкнууд дахь дансанд тавьсан битүүмжийг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийн мөнгөний дансны зарлагын гүйлгээг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...миний бие төлбөр төлөгч биш байтал хариуцагч байгууллага нь арилжааны банкнууд дахь дансыг битүүмжилж, өндөр насны тэтгэврийн мөнгөний дансны зарлагын гүйлгээг хаасан... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч тул түүний цалин хөлс, бусад орлогоос суутгал хийж, төлбөр төлүүлж байгаа нь хуульд нийцнэ... гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргажээ. Тодруулбал:

4.1. *******ын 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 19270840/177 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн дансны мэдээллийг ирүүлж, дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үлдэгдэл 1,744,678,052 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх, данс нээх, хаах, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоохыг Арилжааны банкнуудад даалгаж шийдвэрлэжээ.

4.2. Үүний дараа, *******ын 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 19270840/177 дугаар Цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоолоор ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн сар бүрийн тэтгэвэр, үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос 50 хувиар суутгахыг *******т даалгаж шийдвэрлэжээ.

4.3. Улмаар, *******ын 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 2-177/19270840 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолоор ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн тэтгэврийн мөнгөний дансыг 2023 оны 19270840/177 дугаар тогтоолоор битүүмжилсэн шийдвэрийг цуцалж, дансны зарлагын гүйлгээг тэтгэврийн мөнгөний хэмжээгээр сэргээхийг *******д даалгаж шийдвэрлэжээ.

5. Дээрхээс үзвэл, хариуцагч байгууллага нь 2023 оны 03 сарын 15-ны өдөр авсан арга хэмжээгээ 26 хоногийн дараа, 2023 оны 04 сарын 07-ны өдөр авсан арга хэмжээгээ 3 хоногийн дараа тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн тэтгэврийн мөнгөний битүүмжийг цуцалж, дансны зарлагын гүйлгээг тэтгэврийн мөнгөний хэмжээгээр сэргээсэн гэж үзэхээр байна.

Гэтэл хэргийн 47-р талд авагдсан Мөнгөн гүйлгээний журнал-д бичигдсэнээр 2025 оны 02 сарын 07-ны өдрийн байдлаар *******ийн тэтгэврээс нийт 13,914,327 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд хуримтлуулсан байна. (давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон үеийн байдлаар буюу 2025 оны 07 сарын 23-ны өдрийн байдлаар энэ тоо 19,000,000 гаруй төгрөг болсон гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг)

6. Тэгвэл дээрх мөнгөн хөрөнгө *******ын чухам ямар шийдвэрээр хуримтлагдсан болох, мөн *******ын 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 2-177/19270840 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоол ямар учраас хэрэгжээгүй болох зэргийг анхан шатны шүүхийн зүгээс тодруулж, энэ талаар зохигчийг мэтгэлцүүлсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангах байжээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй, 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/06560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР