Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 5001

 

2016 оны 08 сарын 31 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05001

Улаанбаатар хот

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Өнөр хороолол, 32-341 тоотод байрлах, “Оюу Оч трейд” ХХК /РД: 5569559/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, өөрийн байранд байрлах, “А хоёр бетон зуурмаг” ХХК /РД: 5572789/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 4 808 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Оюу Оч трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Оюу оч трейд” ХХК нь 2013 оны 4 дүгээр сард “А хоёр бетон зуурмаг” ХХК-иас тавьсан барилгын материалын түүхий эд хайргыг худалдан авах саналын дагуу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 53 ширхэг падаанаар 10 532 000 төгрөгийн 0.5-ийн хайрга худалдсан байна. 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2 тал тооцоо нийлэхэд 4 808 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг “А хоёр бетон зуурмаг” ХХК нь төлөх тооцоо гарч, талууд төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулан баримт үйлдсэн ч “А хоёр бетон зуурмаг” ХХК нь өнөөдрийг хүртэл тодорхой шалтгаангүйгээр үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Үлдэгдэл төлбөрөө төлөх тухай удаа дараа хандхад санхүүгийн боломжгүй гэх хариу өгч үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийсээр байна. Иймд барилгын материалын түүхий эд болох 0.5 хайрга худалдан борлуусаны үлдэгдэл төлбөр 4 808 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А хоёр бетон зуурмаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед “А хоёр бетон зуурмаг” ХХК-д ажиллаж байсан нягтлан нь ажилаас гарсан. Энэ мөнгийг төлсөн төлөөгүй тухай ямар нэгэн санхүүгийн баримт байхгүй байгаа тул үүнийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Тооцоо нийлсэн акт дээр компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул үүнийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Тооцоо нийлсэн акт дээр дүрмээр заасан эрх бүхий албан тушаалтан гарын

үсэг зураагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Оюу Оч трейд” ХХК нь хариуцагч “А хоёр бетон зуурмаг” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 808 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хариуцагчид нийт 10 532 000 төгрөгийн үний бүхий 0.5-ийн хайрга нийлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан зарлагын баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй байна. Талуудын хооронд хэдийгээр бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс дээрх эд зүйлийг хүлээн аваагүй гэж маргаагүй байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын 0.5-ийн хайрга худалдах-худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар бодит үйлдлээр тэдний хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй 0.5-ийн хайргыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 10 532 000 төгрөгийн үний бүхий 0.5-ийн хайрга нийлүүлсэн, хариуцагч нь уг төлбөрийн үлдэгдэлд нийт 4 808 000 төгрөгийг төлөөгүй болох нь тэдний хооронд байгуулагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-аар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг баримтыг “...нягтлан бодогч байгуулахгүй эрхгүй” гэж үгүйсгэж байх боловч уг татгалзалаа баримтаар нотлоогүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г эрх бүхий этгээд байгуулаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зарлагын баримт, мөн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-аар хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлэлцэн тохирсон үнийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 0.5-ийн хайрганы үлдэгдэл төлбөрт 4 808 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 808 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д баримтлан хариуцагч “А хоёр бетон зуурмаг” ХХК-иас 4 808 000 төгрөг гаргуудан нэхэмжлэгч “Оюу Оч трейд” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хяналан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 91 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   М.БАЯСГАЛАН