Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01238

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 193/ШШ2025/00395 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан Налайх дүүрэг, ******* хороо, *******гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 12,384 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ******* дугаарт бүртгэлтэй, 195 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* дугаарт бүртгэлтэй, 439 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* дугаарт бүртгэлтэй, 1,389 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмж, харуулын байр, сэндвичэн барилга, гүний худаг зэргийг нийт 2,886,682,700 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээчин *******ын гаргасан 2025 оны 02 сарын 26-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...шинжээч нь эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшаас хэт багаар үнэлсэн, эд хөрөнгүүдийн ашиглалтад орсон оныг буруу тодорхойлсон, нэхэмжлэгч нь ******* ХХК-аар эд хөрөнгүүдийг үнэлүүлэхэд 6,584,423,000 төгрөгөөр үнэлсэн... гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн... гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргасан байна.

4. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 104/ШШ2022/00205 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас 667,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 104/ШШ2022/00225 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас 21,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 104/ШШ2022/00330 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас 80,833,130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 104/ШШ2022/00459 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 210/МА2023/00015 дугаар магадлалаар хариуцагч ******* ХХК-аас 332,870,704 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

5. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь 2022 оны 06 сарын 22-ны өдөр, 2022 оны 08 сарын 01-ний өдөр, 2022 оны 09 сарын 06-ны өдөр, 2023 оны 06 сарын 26-ны өдрүүдэд тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгүүдийг 2024 оны 11 сарын 01-ний өдөр битүүмжилж, 2025 оны 02 сарын 04-ний өдөр хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч, эзэмшигч үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2025 оны 02 сарын 13-ны өдөр шинжээчээр ******* ХХК-ийн үнэлгээчин *******ыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлүүдэд заасантай тус тус нийцжээ.

6. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс түүнд 2025 оны 02 сарын 13-ны өдөр эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулжээ.

7. Шинжээч ******* нь Налайх дүүрэг, ******* хороо, *******гудамж, ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, 12,384 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, ******* дугаарт бүртгэлтэй, 195 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* дугаарт бүртгэлтэй, 439 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* дугаарт бүртгэлтэй, 1,389 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмж, харуулын байр, сэндвичэн барилга, гүний худаг зэргийг нийт 2,886,682,700 төгрөгөөр үнэлсэн байх ба үнэлгээний тайландаа үнэлгээ хийхэд ашигласан арга зүй, хандлага, олон улсын стандартыг тодорхой дурдаж, үнэлж буй хөрөнгийн шинж байдал (байршил, хэмжээ, дэд бүтэц, чанар байдал, элэгдэл, ашиглалтад орсон он, хийцлэл, нэмэлт сайжруулалт г.м)-ыг бүрэн тодорхойлж, фото зургаар баталгаажуулжээ.

Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

8. Нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

8.1. Нэхэмжлэгч нь шинжээч үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн ашиглалтад орсон оныг буруу тодорхойлсон, уг тайлбар нь тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээгээр нотлогдоно гэдэг.

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд аливаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн огноог бичдэг бөгөөд энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтад орсон огноог илэрхийлэх баримт биш.

Энэ талаар шүүх хуралдааны явцад шинжээчийн гаргасан ...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь тухайн объектын ашиглалтад орсон оныг илтгэдэггүй, гэрчилгээний он нь шинэ өмчлөгч хэзээ бүртгэгдсэнийг илэрхийлнэ, жишээлбэл, үйлдвэрийн байр нь Налайхын уурхай ажиллаж байх үед ашиглаж байсан засварын зориулалттай объект байсан, мөн социалистын үед оросууд барьсан гэмээр орос стандартын хийцтэй барилга байсан, дадлага туршлага дээр үндэслээд ЗХУ-ын стандартын дагуу баригдсан барилга байна гэдгийг мэргэжлийн хүний хувьд ялгана, засан сайжруулалт хийсэн тохиолдолд тухайн барилгын ашиглалт одоогийн түвшнийг харгалзан үзээд элэгдлийг тооцох маягаар үнэлсэн... гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

8.2. Нэхэмжлэгч нь шинжээч үнэлж буй хөдлөх эд хөрөнгүүдийн ашиглалтад орсон оныг буруу тодорхойлсон, уг тайлбар нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэдэг.

Гэрчийн мэдүүлэг нь тэдгээр 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийн ашиглалтад орсон оныг тодорхойлох баримт бишээс гадна ******* ХХК нь тоног төхөөрөмжийн талаар шинжээчид бүрэн дүүрэн мэдээлэл өгөөгүй, холбогдох паспорт г.м баримтыг гаргаж өгөөгүй тохиолдолд шинжээчийг буруутгах үндэслэлгүй.

8.3. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн гаргасан үнэлгээгээр эд хөрөнгүүдийн үнэлгээ 6,584,423,000 төгрөг болох нь нотлогдоно гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн ******* ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь эрх бүхий байгууллагаас томилж, хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан шинжээч ******* ХХК-ийн үнэлгээчин *******ын гаргасан хөрөнгийн үнэлгээг шууд үгүйсгэх баримт болж чадахгүй.  

9. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

9.1. ******* нь ******* ХХК-ийн үнэлгээчин *******ын 2025 оны 02 сарын 26-ны өдрийн үнэлгээний тайлангийн талаар төлбөр төлөгч, өмчлөгч, эзэмшигч ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралд 2025 оны 02 сарын 27-ны өдөр Viber-аар мэдэгдэхэд очих боломжгүй байна, миний Viber хаягаар явуулчих гэсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл /цаашид тэмдэглэл гэх/ үйлдэнэ гэж заасан тул шийдвэр гүйцэтгэгчийн дээрх тэмдэглэлийг үнэлнэ.

9.2. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг ******* цахим шуудангаар болон Viber-аар тус тус хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасантай нийцжээ.

9.3. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.  

10. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 193/ШШ2025/00395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР