| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06767/И |
| Дугаар | 5051 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 5051
2016 оны 09 сарын 07 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05051 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, барилгын 7-6-49 тоотод оршин суух, Боржигон овогт Нямжавын Батбаяр /РД: РЭ58050119/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, УБ палас цогцолбор, 50Ж тоотод байрлах, “Бодь транс” ХХК /РД: 6023169/-т холбогдох,
60 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 9 дүгээр сарын 03-ны БГД нутаг “Барс” худалдааны төвийн зүүн талд 1 дүгээр эгнээний гадна зогсож байсан 38-46 УНХ дугаарын машиныг ачиж барьцаалан надаас 60 000 төгрөг хууль бусаар хураан авсан болно. Тусгай зөвшөөрөлгүй, эрх олгогдоогүй уг ХХК-г хууль бусаар хураан авсан 60 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Бодь транс” ХХК-ийн төлөөлөгч Б.Наранбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нямжав овогтой Батбаярын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батбаяр нь хариуцагч “Бодь транс” ХХК-д холбогдуулан 60 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Бодь транс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Н.Батбаярын нэхэмжлэлтэй, “Бодь транс” ХХК-д холбогдох 60 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч “Бодь транс” ХХК нь 60 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6000 төгрөгөөс илүү төлсөн 1450 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийн хамт Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Батбаярт олгож, тал хувь болох 2275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН