| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2021/03973/И |
| Дугаар | 210/МА2025/01239 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01239
******* улсын иргэн *******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04184 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* улсын иргэн *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гүйцэтгэх захирал болон ерөнхий геологичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хангамжид 33,056,250 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс *******" ХХК-ийн ерөнхий захирал ба ахлах геологич албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажиллаж эхэлсэн. 2021 оны 07 сарын 20-ны өдөр *******" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ******* улсын хуулийн этгээд *******" Ltd нь үлдсэн 50 хувийг эзэмшигч "*******" ХХК-д эзэмшлийн хувьцаагаа бүхэлд нь худалдахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг баталгаажуулсан "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын 4 дэх заалтаар намайг хөдөлмөрийн гэрээнд дурдсан албан тушаалаас чөлөөлж *******г томилж шийдвэрлэснийг миний бие тухайн шийдвэр гарах цаг үед л мэдсэн. Гагцхүү "*******" Ltd-ээс олгосон итгэмжлэлийн дагуу хувьцаа эзэмшигчийг төлөөлж шийдвэрт гарын үсэг зурах үйлдлийг итгэмжлэн хэрэгжүүлсэн. Хариуцагч нь ямар шалтгааны улмаас намайг ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдээгүй, үндэслэлийг огт тайлбарлаагүй хэр нь ажлаа хүлээлгэн өгч, компанийн тамга тэмдгийг шилжүүлэхийг шаардсан. Үүний дагуу нэгэнт компани шийдвэр гаргасан тохиолдолд албан ёсны тамга тэмдгийг томилогдсон гүйцэтгэх захиралд шилжүүлэхгүй байх нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдахад саад учруулна гэж үзээд би тамга тэмдгийг хүлээлгэн өгч, болоод байгаа асуудлаар ажил олгогчоос албан ёсны мэдэгдэл тайлбар хийхийг хүлээсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл ажлаас халсан шийдвэрийг албан ёсоор гардуулаагүй, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэргийг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй учир ямар үндэслэл шалтгааны улмаас намайг ажлаас халсныг одоог хүртэл миний бие ойлгохгүй байгаа. Талууд 2014 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч *******-г ажиллуулах нөхцөлийг харилцан тохиролцож, цалин хөлснөөс бусад түүнд олгох хангамжуудыг тодорхойлсон. Гэрээний 9 (с)-д "Ажил олгогч нь ажилтан болон түүний гэр бүлийн хүнд жилийн 15,000 ******* долларын үнэ бүхий нисэх онгоцны тийзээр хангана" гэж заасан. Гэвч ажил олгогч нь энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул 33,056,250 төгрөг (2022.04.28-ний өдрийн ******* долларын ханш 2203.75) төгрөгийг гаргуулна. Мөн гэрээний 14.3-т "...Ажил олгогч нь халагдсан ажилтанд нэг сарын хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно" гэж заасны дагуу ажилтны 1 сарын дундаж цалин хөлс 58,090,681 төгрөгийг гаргуулна. Ажилгүй байсан хугацааны олговрыг 1 өдрийн цалин хөлсийг 2,701,892.13 төгрөгөөр тооцон 2021 оны 07 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 275 өдөр буюу 2,701,892 төгрөгөөр тооцоход 743,020,300 төгрөг болно.
Иймд гүйцэтгэх захирал болон ерөнхий геологичийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгаж, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хангамжид 33,056,250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь 2014 оны 09 сарын 01-ний өдөр компанийн ерөнхий захирал ба ахлах геологич албан тушаалд туршилтын 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2016 оны 02 сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгч *******-ын туршилтын хугацаа дуусгавар болсон тул гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, нэхэмжлэгч ******* компанийн ерөнхий захирлаар томилогдон 2016 оны 04 сарын 05-ны өдрөөс гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр 2016 оны 04 сарын 05-ны өдөр бүртгэгдсэн. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа компанийн бизнес төлөвлөгөө боловсруулдаггүй, хувьцаа эзэмшигч нарт танилцуулдаггүй, батлуулалгүй үйл ажиллагаа явуулж байсан. Компанийн хөдөлмөрийн дотоод журам батлаагүй, өөрийн хөдөлмөрийн гэрээний төслийг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулаагүйгээс хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчтэй 2021 оны 06 сард харилцан тохиролцож үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдсэнээс хойш нэхэмжлэгч ажилдаа ирэхээ больж, ажлаа гүйцэтгэхгүй болсон. Нэхэмжлэгч нь ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөр компанийн хувьцаа эзэмшигчтэй харилцан тохиролцсон бөгөөд хүлээн зөвшөөрч хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулсан. 2021 оны 07 сарын 21-ний өдөр компанийн тамгыг хүлээлгэн өгч акт үйлдсэн. Нэхэмжлэгчийг ерөнхий захирлын буюу гүйцэтгэх удирдлагын албан тушаалаас чөлөөлсөн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр хууль тогтоомж зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг дурдсан боловч Компанийн тухай хуулийн 62.1, 62.1.16, 62.2.3-т заасныг хэрэглэх тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь дундаж цалин хөлсийг 2021 оны 6, 7, 8-р саруудын цалин хөлсний дунджаар тооцоож нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон төлбөр болох 75,264 ******* доллароос тооцоолсон нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо 2021 оны 03, 04, 05 сарын дундаж цалин хөлснөөс тооцох нь зүйтэй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны тэтгэмжид 58,090,681 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-н 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 26,869,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* улсын иргэн *******-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ерөнхий геологичийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 292,298 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Хариуцагч ******* ХХК нь компанийн тамга тэмдгийг 2021 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авсан хэр нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гардуулж өгөөгүй тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу 2021 оны 08 сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК /хуучин ******* ХХК/-д холбогдуулан ерөнхий захирал болон ерөнхий геологичийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 08 сарын 27-ны өдрийн 101/ШЗ2021/13781 дугаар захирамжаар ******* нь ******* улсын иргэн *******-ийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн үндэслэл заан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжаар нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна.
4.2. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Аливаа иргэн, хуулийн этгээд өөрийн оноосон нэрийг өөрчилсөн нь тухайн иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн чадвар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Иймээс хариуцагч хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн эсэхийг мэдэлгүйгээр хуучин нэрээр нь хариуцагчийг тодорхойлон нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн үйлдлийг хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
4.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлөх тухай ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 21/002 дугаар шийдвэрийг 21-ний өдөр мэдсэн болох нь тамга тэмдэг хүлээлцсэн актаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Дээрх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг хариуцагч нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар тогтоогдож байгаа. Хөдөлмөрийн тухай 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг ажил олгогч ажилтанд өгөх үүрэгтэй боловч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 21/002 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулж өгсөн баримт хэрэгт авагдаагүй, өгсөн талаар хариуцагч маргаан үүсгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн шүүгчээс хэт нэг талыг барьсан бодит байдалд нийцээгүй дээрх дүгнэлтийг хийж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийг зөрчжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагчаас 26,869,650 төгрөг гаргуулсан хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 оны 09 сарын 01-ний өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Улмаар 2016 оны 02 сарын 15-ны өдрөөс туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж компанийн ерөнхий захирлаар томилогдон 2016 оны 04 сарын 05-ны өдрөөс гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь ерөнхий геологичийн ажилд томилогдож байгаагүй ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаанд буюу 6 сарын хугацаанд ерөнхий геологичийн албан тушаалд ажиллаад гэрээг сунгах, эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан гэрээг байгуулаагүй тул ерөнхий геологичийн албан тушаалд томилогдоогүй гэж үзэхээр байна. Ерөнхий захирлыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь Монголын талын хувьцаа эзэмшигчтэй харилцан тохиролцож, зөвшилцөлд хүрч, хамтын шийдвэр гаргаж, ерөнхий захирлын ажлаас чөлөөлөгдсөн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Талууд харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгож буй харилцаанд хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосон" агуулгыг нэмж тусгах шаардлагатай. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улмаар тус шийдвэрт үндэслэж улсын бүртгэлд өөрчлөлт орсон байдаг. Талууд харилцан тохиролцсон болох нь хамтран баталгаажуулж бичгээр үйлдсэн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, уг шийдвэртэй маргаж байгаагүй үйл баримт, ******* руу нутаг буцсан үйл баримт, онгоцны тийз, Монгол Улсад буцаж ирээгүй нөхцөл байдал, тамга тэмдэг хүлээлцсэн акт, *******д очоод өөр ажилд орсон тухай нийтэд илэрхий баримтууд, 2021 оны 07 сарын 20-ны өдөр шилжүүлсэн 159,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримтуудаар нотлогдоно.
5.2. Компанийн гүйцэтгэх удирдлага (нэхэмжлэгч)-тай зөвшилцсөн эсэхээс үл хамааран хугацаанаас өмнө ажлаас чөлөөлөх эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх эрхтэй байхаар заасан тул нэхэмжлэгчийг ерөнхий захирлын буюу гүйцэтгэх удирдлагын албан тушаалаас чөлөөлсөн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр хууль тогтоомж зөрчөөгүй.
5.3. Анхан шатны шүүх хариуцагч 2021 оны 09 сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд мөн зүйлийн 129.3-т заасан хугацаа сэргээх үндэслэл тогтоогдоогүй гэж зөв дүгнэсэн. Зохигч харилцан тохиролцож хариуцагчийг ерөнхий захирлын ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн атлаа, онгоцны тийз 15,000 ******* доллар гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч болон түүний гэр бүлд ямар нэг нэмэлт онгоцны тийзийн зардал гараагүй, хэрэв гарсан бол нэхэмжлэгч нь өөрөө ерөнхий захирал байсан тул баримтаа компанийн нягтлан бодогчид өгөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй. Мөн онгоцны тийзийн зардал шаардах шаардлагыг хожим гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь илэрхий байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* улсын иргэн ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирал болон ерөнхий геологичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хангамжид 33,056,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлаас халагдсаны тэтгэмжид 58,090,681 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.
3. ******* ХХК (2015 оны 11 сарын 19-ний өдрөөс******* ГХОХХК, 2021 оны 08 сарын 02-ны өдрөөс ******* ХХК, 2021 оны 08 сарын 09-ний өдрөөс ******* ХХК) нь *******-ыг ерөнхий захирал бөгөөд ерөнхий геологичийн албан тушаалд ажиллуулахаар түүнтэй 2014 оны 09 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.
Дээрх хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан цалин, хангамж (түрээсийн орон сууц, тээврийн хэрэгсэл, үйлчилгээ, нисэх онгоцны тийз), зардал (албан томилолтын байр сууц, хоол, томилолт, бусад), даатгал (ажилтан ба түүний гэр бүлийнхэнд зориулсан эх орондоо буцан ирэх болон эрүүл мэндийн даатгал, аяллын даатгал) зэрэг нөхцөлүүдээс үзвэл талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 25 дугаар зүйлд заасан контрактын шинжийг агуулж байна.
4. Нэхэмжлэгч нь ...ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гардуулаагүй, үндэслэлийг огт тайлбарлаагүй, ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн болохыг мэдэхгүй... гэсэн тайлбарыг гаргажээ.
4.1. Гэтэл нэхэмжлэгч ******* нь******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт *******. Ltd-ийг төлөөлж эрх бүхий албан тушаалтны хувиар 2021 оны 07 сарын 20-ны өдөр гарын үсэг зурж, тамга даржээ.
Дээрх хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр *******. Ltd нь ******* ГХОХХК-д эзэмшдэг 50 хувийн хувьцаагаа ******* ХХК-д худалдах, ингэснээр ******* ХХК нь ******* ГХОХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох, ийнхүү хувьцаа худалдсантай холбогдуулан******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******г томилж, *******-ыг гүйцэтгэх захирлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
4.2. Улмаар, нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д ******* ХХК-ийн тамгыг 2021 оны 07 сарын 21-ний өдөр хүлээлгэн өгч, акт үйлдэж, уг актад *******. Ltd-ийг төлөөлж гарын үсэг зуржээ.
4.3. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч ******* нь хувьцаа эзэмшигч хувьцаагаа бусдад шилжүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байгаагаа мэдсэн гэж үзнэ.
4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 41 дүгээр зүйлийн 41.1.3-т ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн тохиолдолд контракт цуцлагдахаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч ******* нь ******* ГХОХХК-ийн ерөнхий захирлын ажлаас чөлөөлөгдсөн байх тул энэ талаар тусгайлан тушаал гаргах шаардлагагүй.
4.5. Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох бүрэн эрхтэй.
5. Иймд ...ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гардуулаагүй, үндэслэлийг огт тайлбарлаагүй, ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн болохыг мэдэхгүй... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, улмаар түүний гаргасан гүйцэтгэх захирал болон ерөнхий геологичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
6. Дээрх шаардлагын тухайд анхан шатны шүүхийн хийсэн ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тасалдсан болон түр зогссон үндэслэл тогтоогдоогүй... гэсэн агуулгатай дүгнэлт, мөн ...нэхэмжлэгч нь өөр оноосон нэр бүхий хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй... гэсэн агуулгатай дүгнэлтүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.2, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасантай нийцээгүй байх боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
7. Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хангамжид 33,056,250 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.
7.1. Нэхэмжлэгч нь тус шаардлагыг 2022 оны 04 сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.
7.2. Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээний 9 (c)-д заасан жилийн 15,000 ******* долларын хангамж нь зөвхөн нисэх онгоцны тийзний үнэ төлөхөд хамаарах агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, уг хангамжийг бусад хэлбэрээр шаардан гаргуулах боломжгүй.
8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04184 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.11-д тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох, гүйцэтгэх захирал болон ерөнхий геологичийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хангамжид 33,056,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* улсын иргэн *******-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 292,299 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР