Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01246

 

*******ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02714 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2021 оны 11 сард ******* ХХК-д ажилд орж, 2024 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл дампын оператораар тасралтгүй ажилласан бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Компани нь ажилчдадаа cap, улирал, жилийн цалин хөлс, урамшуулал өгөхгүй хууль зөрчөөд байхаар нь өөрийн болон бусад ажилчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ дагуу 2024 оны 01 сарын сүүлд ажлын бус цагаар алхах хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан ажил олгогчоос 2024 оны 03 сарын 01-ний өдөр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Тус компанид дампын оператораар ажиллаж байсан ******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1-д заасныг баримтлахгүй, зохих бүртгэл зөвшөөрөлгүй, хууль бус жагсаал цуглаан хийж, бусдыг хууль бус үйлдэлдээ татан оролцуулж, байгууллагын нэр хүнд болон үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3.2.13, 10.3.2.19, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан. ******* нь 2024 оны 01 сарын 21-ний өдөр ажилтнуудын cap, улирал, жилийн цалин хөлс, урамшууллыг олгохгүй байна гэх үндэслэлээр жагсаал цуглааны шинжтэй үйлдлийг зохион байгуулсан. Компанийн зүгээс ажилтанд олгох цалин хөлс, урамшууллыг харилцан тохиролцсон хэмжээнд зохих хугацаанд олгож байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ныг ******* ХХК-ийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 45,625,123 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч *******ны 2024 оны 03 сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 сарын 07-ны өдрийг дуустал хугацаан дахь 45,625,123 төгрөгийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 456,276 /70,200+386,076/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. ******* ХХК-ийн хэсэг бүлэг ажилтнууд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ үл биелүүлж уурхайн бүсээс ажилтнуудын амрах байр хүртэлх замд жагсаал хийсэн. Талууд уг үйл явдалтай маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч ******* жагсаалын үеэр олон нийтийн хэрэгслээр буюу сэтгүүлчид өөрийн ажилладаг ******* ХХК-ийн талаар илт худал мэдээлэл тарааж, байгууллагын нэр хүндэд халдсан. Анхан шатны шүүхээс ажилтнууд жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй хэмээн тайлбарладаг боловч ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3.2, 10.3.2.1, 10.3.2.19, хөдөлмөрийн дотоод журмын 7.1.1, 7.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т эрхийн хүрээнд ноцтой зөрчил хэмээн зохицуулсан. Учир нь, уурхайн бүс бол онцгой нөхцөл бүхий зохих дэг журам, аюулгүй байдлыг ханган ажиллах зохицуулалт бүхий эрсдэлтэй нөхцөл тул энэхүү зохицуулалтыг онцгойлон оруулсан. Өмнө нь 2023 оны 12 сарын 30-ны өдөр ажилтнууд ажил хаялт, жагсаалын шинжтэй үйлдлийг гаргасны улмаас байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хохирол учирсан хэдий ч ажилтнуудад аман байдлаар сануулга өгч өнгөрөөсөн байдаг. Түүнчлэн, Өмнөговь аймгийн ******* сумын Цагдаагийн хэлтсээс бүртгэлгүй жагсаал цуглаан хийсэн талаар ирүүлсэн албан ёсны шаардлага, зөвлөмжийг үндэслэсэн. Үүнээс дүгнэвэл ******* ХХК-ийн ажилтан ******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүй, хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан зөрчлийн үйлдэл гаргасан нь тогтоогдож байна. Харин хөдөлмөрийн онцгой нөхцөлөөс бусад үе шатанд ажилтан үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй болно.

4.2. ******* нь жагсаал цуглаанд оролцох үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгүүлчид ******* ХХК-ийг цалин хөлс, урамшуулал өгдөггүй, хөдөлмөрийн мөлжлөг үйлддэг компани гэх утга агуулга бүхий худал мэдээллийг тарааж байгууллагын нэр хүндэд ноцтой халдсан. Ажил олгогчоос ******* ажиллаж буй хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан хуваарийн дагуу авч буй цалингийн хуулгыг болон хөдөлмөрийн дотоод журамд заасан нөхцөлийн хүрээнд олгосон урамшуулал цалинтай холбоотой бүхий л баримтуудыг гаргаж өгсөн ба үүнтэй *******наас маргасан баримт байдаггүй. Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.2.13-т Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулах ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан гэж заасан нь хохирол учруулахаар ямар нэг үйлдэл гаргасан нь ноцтой зөрчил болохыг тайлбарласан. Түүнчлэн, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээлэл тараасан этгээд үнэн зөвийг нотолж чадахгүй бол уг мэдээг тараасан этгээд няцаах үүргийг хүлээдэг бөгөөд энэ тохиолдолд заавал ямар нэг хохирол учирсан байхыг шаарддаггүйг шүүх анхаарч үзэлгүй худал мэдээлэл тараасан нь ноцтой зөрчил биш буюу хөдөлмөрийн гэрээнд талуудын тохиролцсон ноцтой зөрчил биш гэж дүгнэн ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлийг анхаарч үзээгүй.

4.3. Өмнөговь аймгийн ******* сумын Цагдаагийн хэлтсээс 2024 оны 01 сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн ажилтнуудын жагсаалтай холбоотой шаардлага, зөвлөмжийг уурхайн холбогдох ажилтанд хүргүүлсэн. Улмаар зохих ажилтнаар дамжин ******* ХХК-ийн хуулийн хэлтэст хянагдаж, зөрчлийн үйлдэл гаргасан гэх ажилтнуудаас 2024 оны 02 сарын 08-ны өдрийн тайлбар, мэдээллийг авч холбогдох нотлох баримтуудын үндсэн дээр 2024 оны 02 сарын 20-ны өдрийн хуулийн хэлтсийн дүгнэлтээр хууль бус жагсаал цуглаан хийсэн, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдсан зөрчлийг илрүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасны дагуу 1 сарын дотор буюу 2024 оны 03 сарын 20-ны өдрийн Б24/0285 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар *******ныг ажлаас чөлөөлсөн.

4.4. Ажилтан нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч хөдөлмөрийн харилцааны үед чухам уурхайн онцгой хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах бүсэд дураараа үйлдэл гаргах нь зохимжгүй. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд байгууллагыг цалин хөлс, урамшуулал өгдөггүй, хөдөлмөрийн мөлжлөг үйлддэг компани гэх утга агуулга бүхий мэдээллийг тараасан нь байгууллагын нэр хүнд, ажиллах хүний нөөцийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь ажилтнууд холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, түүнд заасан хэм хэмжээг зөрчиж Хөдөлмөрийн хуулиар цалин хөлс болон бусад харилцааг хэрхэн зохицуулахаар заасан байхад олон нийтийн сүлжээнд лайв хийж худал мэдээлэл тараах, холбогдох хууль тогтоомжийг зөрчин үзэл бодлоо илэрхийлж байна гэх нэрийн дор жагсаал, цуглаан хийх зэргээр хууль бус үйлдлийг өөгшүүлсэн, ийм байдал үүсвэл ажил олгогч хариуцлага тооцсон ч шүүхээс түүнийг хүчингүй болгож болдог гэх муу жишиг тогтоож байна. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцохоор заасан үйл баримтыг тогтоож байгаа нь ажил олгогчийн эрхэнд халдсан үйлдэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ёстой. Хэргийн 195-р талд урамшуулал, цалин хөлс олгох журмын 1.5-д зааснаар жил бүрийн 12 сард үр дүнгийн урамшуулал өгөх ёстой. Гэвч уг цалингаа өгөөгүйн улмаас ажилчид цуглаан хийсэн. Хэргийн баримтаас харахад хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хариуцагч талаас уучлалт гуйж, ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох боломж гарсангүй гэх албан бичиг хэргийн материалд авагдсан. Уг нөхцөл байдлын улмаас тухайн компанийн ажилчид цуглаан хийх үндсэн нөхцөл байдал бий болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д заасны дагуу итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй учраас ажлын бус цагаар тайван жагсаал, цуглаан хийсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажиллагсдаас тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбогдолтой асуудлаар зохион байгуулж байгаа хурал, цуглаан, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээ нь уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж заасан. Хэргийн 204-205-р талд 2023 оны 12 сарын 28-ны өдөр эдийн засагч нарын гаргасан үнэлгээгээр 2024 оны 01 сарын 21-ний өдөр болсон үйл явдлыг урьдчилж тооцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасны дагуу 2 ажилтныг ялгаварлан гадуурхаж, ажлаас халсан. Нэхэмжлэгчийн бизнесийн нэр хүндэд халдсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Нэхэмжлэгчид 2024 оны 02 сарын 21-ний өдрийн дотор шийтгэл оногдуулах ёстой байхад 10-20 гаруй хоног хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, тушаал гаргасан үйл баримт тогтоогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******ныг дампын операторын ажилд ажиллуулахаар түүнтэй 2022 оны 03 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн.

4. Улмаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 01-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Б24/0207 дугаартай тушаалаар дампын оператор ажилтай *******нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухайн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 43.1.6, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.5, 83.6, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 12.3, хөдөлмөрийн гэрээний 8.2.10, 8.4.3, 9.1, 9.3.5, 10.3.2, 10.3.2.1, 10.3.2.13, 10.3.2.19, хөдөлмөрийн дотоод журмын 8.1.1, 8.1.5, 9.2.1, 13.1, 13.8.23, Ёс зүйн дүрмийн 9.6, 11.5, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус удирдлага болгосон байх ба ...*******н нь 2024 оны 01 сарын 21-ний өдөр жагсаал, цуглаан хийх журамд нийцээгүй, хууль зөрчиж бүртгэлгүй жагсаал хийсэн, энэ нь хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн 01 дугаартай шаардлага, зөвлөмж, ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл (тухайлбал өөрийн фэйсбүүк, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нотлогдоогүй, худал, хуурмаг мэдээ тараасан) хийсэн нь тогтоогдож, компанийн дотоод хэм хэмжээ тогтоосон хөдөлмөрийн дотоод журам болон ёс зүйн дүрмийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан... гэсэн үндэслэл заажээ.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг хариуцагч ******* ХХК-ийн дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 45,625,123 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцсэн байх боловч шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хууль хэрэглээ болон найруулгын алдаа гаргасныг давж заалдах шүүх залруулж, өөрчлөлт оруулна.

6. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* нь 2024 оны 01 сарын 21-ний өдөр уурхайн бүсээс ажилчдын амрах байх хүртэл жагсаал хийж, ажил олгогч нь олговол зохих цалин хөлс, урамшууллыг олгохгүй байгаа талаар сэтгүүлчид ярилцлага өгч, олон нийтийн сүлжээгээр лайв хийсэн үйл баримт тогтоогдсон.

7. Хариуцагч талын гаргасан ...ажилтан ******* хууль зөрчиж, бүртгэлгүй жагсаал цуглаан хийсэн... гэсэн татгалзал, давж заалдах гомдлын тухайд.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд Энэ хууль дараахь арга хэмжээ зохион байгуулахад үйлчлэхгүй. гээд 4/-т Аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажиллагсдаас тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбогдолтой асуудлаар зохион байгуулж байгаа хурал, цуглаан, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээ гэжээ.

Иймд ажилтан ******* нь уурхайн бүсээс ажилчдын амрах байр хүртэл жагсаал хийж, ажил олгогч нь олговол зохих цалин хөлс, урамшууллыг олгохгүй байгаа талаар сэтгүүлчид ярилцлага өгч, олон нийтийн сүлжээгээр лайв хийсэн нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул түүнийг уг хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

8. Хариуцагч талын гаргасан ...ажилтан ******* нь компанийн талаар илт худал мэдээ тарааж, байгууллагын нэр хүндэд халдаж, хохирол учруулж ноцтой зөрчил гаргасан... гэсэн татгалзал, давж заалдах гомдлын тухайд.

Хэргийн 195-р талд авагдсан ******* ХХК-ийн дэд захирлын 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 24/003 дугаартай Нийт уурхайн ажилтнуудад гэж хаягласан албан бичигт ...Өнгөрсөн 11 болон 12 сард Монгол улс түлшний хомсдолд орсон бөгөөд манай компанийн алдагдалтай ажилласан байна. Улмаар бидний санхүүгийн байдал хүндэрсэн ба бид түншлэгч компанитай сайтар зөвлөлдсөний дагуу 13 дахь сарын цалинг түр хойшлуулахаар шийдвэрлэлээ. Жилийн эцсийн урамшуулал та бүгдэд хичнээн хэрэгтэй байгааг бид ойлгож байгаа мөн тус шийдвэрт хүрэх болсондоо гүнээ харамсаж байна... гэж дурджээ.

Дээрхээс үзвэл, ажилтан *******ыг ...ажил олгогч нь олговол зохих цалин хөлс, урамшууллыг олгохгүй байгаа талаар илт худал мэдээ тарааж, байгууллагын нэр хүндэд халдсан... гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Түүнчлэн, *******ны дээрх үйлдлийн улмаас хариуцагч ******* ХХК-д хохирол учирсан болох нь баримтаар нотлогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

Ажилтан ******* нь 2024 оны 01 сарын 21-ний өдөр уурхайн бүсээс ажилчдын амрах байх хүртэл жагсаал хийсэн тул энэ талаар ажил олгогч тэр даруй мэдсэн буюу тэр даруй илрүүлсэн гэж тооцно.

Иймд ажил олгогч нь 2024 оны 03 сарын 01-ний өдөр ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

10. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/02714 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ыг дампын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 45,625,123 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 гэснийг 2 гэж, 5 гэснийг 3 гэж дугаарлалтыг өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.2... гэснийг ...56.1... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 386,076 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР