Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 12

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Өвөрхангай аймгийн Сант сумын иргэн Ц.Туяагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: "Миний бие 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сант сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан. Би ажиллах хугацаандаа ажил үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Ингээд 2016 онд Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг оны эцэст дүгнэхэд миний ажлын үзүүлэлт 63.4 хувь гэж гарсан. Гэрээг дүгнэхдээ намайг байлцуулаагүй, гэрээ дүгнэсэн илтгэх хуудсан дээр гарын үсэг зуруулаагүй, би үнэлгээгээ зөвшөөрөөгүй байхад 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан захирамж гаргасан. Би үр дүнгийн гэрээний дүгнэлтийг зөвшөөрч илтгэх хуудас дээр гарын үсэг зураагүй. Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тоот тогтоолд ажлын үзүүлэлтийн гэрээг дүгнэхэд 60-69 хувьтай байвал албан тушаал бууруулна гэсэн заалт байдаг. Гэтэл намайг ажлаас шууд чөлөөлсөн. Иймд Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд буцаан тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" гэж.

Нэхэмжлэгч Ц.Туяа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Сант сумын иргэн Ц.Туяа миний бие аймгийн Засаг дарга Г.Ганболдын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд буцаан тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах зорилго бүхий нэхэмжлэлээсээ аймгийн Засаг даргатай тохиролцон багшаар ажиллах болсон тул нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Туяа “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлагыг гаргасан. Гэвч Ц.Туяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа талаарх тайлбараа 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2017/0011/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Туяагийн “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2017/0011/з/ дугаарын индэкстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                   Б.БАТЧИМЭГ