Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0128

 

 “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ч. Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0875 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0875  дугаар шийдвэрээр: “Ч” ХХК-ийн гаргасан “XY-00 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан А хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ч” ХХК-ийн XY-015341 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д давж заалдах гомдолдоо: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх гэхлээр танай тусгай зөвшөөрлийн хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.1-д зааснаар дуусгавар болсон байна гээд ямар ч асуудал шийдүүлэх боломжгүй, бидний өмнө “хаалгаа тас хааж” байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргэх тухай” 0 тоот албан бичигт манай компанийн XV-00 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсон гэж мэдэгдсэн нь хэргийн материалд авагдсан. Шүүхийн шийдвэрийн 6 дахь хуудсанд Ашигт малтмалын газар 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6 дугаар албан бичгээр манай компанид “тусгай зөвшөөрлийн  талбай нь.... тусгай хамгаалалтад авсан газар нутагт хамрагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шийдвэр гаргагч Засгийн газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хоорондоо тохиролцож нөхөн олговрын гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй” гэж мэдэгдсэн тухай зөвхөн дурджээ. Энэ нотлох баримтыг шүүх үнэлэхдээ ”нэхэмжлэгч нөхөн төлбөрийн асуудлаа Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх, түүнчлэн шийдвэрлээгүй тохиолдолд үйл ажиллагаагаа үргэжлүүлэн явуулах эрхтэй байжээ гэж дүгнэсэн. Шүүх энэ нотлох баримтыг ийнхүү үнэлэхдээ нотлох баримтын хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөөгүй. Нотлох баримт хууль ёсны байх нь хэлбэрийн шаардлага хангасан байхаас гадна хуульд нийцсэн байх шаардлагыг мөн хангах ёстой. Ашигт малтмалын газрын дээрх албан бичиг нь Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн, эдгээр хуулийн холбогдох заалтад огт нийцээгүй байсан. Учир нь эдгээр хуульд зааснаар хийдийн хамгаалалтын бүс нь тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй.

Манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар хориглосон талбайтай давхцсан тухай Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдэл огт ирүүлж байгаагүй. Манай компани энэ талаар Уул урхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргэх тухай” 0 тоот албан бичигт дурдсан хойно мэдсэн. А хийдийн хамгаалалтын бүсийг “улсын тусгай хамгаалалтын газар” гэж буруу ойлгож байгаа нь манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

Ашигт малтмал, газрын тосны газар манай компанийн тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.1-д заасны дагуу дуусгавар болгосоныг бид дээр дурдсан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргэх тухай” 0 тоотоос мэдсэн. Бид шүүхэд нэхэмжлэл гарган бодит байдал дээр Ашигт малтмал, газрын тосны газар ба манай компанийн хооронд үүссэн харицааг захиргааны байгууллага буруу дүгнэж байгаа учраас бид бодит байдал дээр байгаа харилцааг ийнхүү тогтоолгохыг хүссэн билээ.

Манай компанийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг төрөөс буцаан авсны улмаас тухайн талбай дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй байгааг ийнхүү шүүхээс тогтоолгосноор Захиргааны ерөнхий хуулийн 49.1-д заасны дагуу гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага алдаагаа өөрөө засах боломж олгохоор хандах эрх үүсэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах...үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Х сумын нутагт 864.43 гектар, Сант сумын 922.82 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XY-00 дугаартай тусгай зөвшөөрлийг иргэн Ч.А шилжүүлэн авч эзэмшиж байх явцад Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Түүх, соёлын үл худлөх дурсгал болох Сэлэнгэ аймгийн Б  сумын нутаг дэвсгэрт орших А хийдийн хамгаалалтын бүсийг 53782.0 га газар байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн солбицлыг хавсралтаар баталснаар дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ хамрагдсан байна.

Иймд нэхэмжлэгчээс 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын  Кадастрын хэлтэст хандаж, “...манай тусгай зөвшөөрлийн талбай Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрээр А хийд улсын тусгай хамгаалалтын газарт хамрагдсанаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж компанид хохирол учирч байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү”  гэсэн байна.

Тус газраас 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 6-2945 дугаар албан бичгээр “...танай эзэмшилд буй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь улсын тусгай хамгаалалтад авсан газарт хамрагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д...заасны дагуу Засгийн газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хоорондоо тохиролцож, нөхөх олговрын гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй. Танай компанийн нөхөх олговрыг тус агентлаг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор /2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өөрчлөгдсөн/ төлнө” гэж, 14.5-д нөхөн олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор, 14.6-д нөхөх олговрыг...тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байхаар зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх, шийдвэрлээгүй тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байжээ.

Гэтэл нэхэмжлэгчээс дээрх хугацаанд хуульд заасны дагуу холбогдох байгуулагад хандаагүй  болох нь тогтоогдсон, нөгөөтэйгүүр “Ч” ХХК-ийн гаргасан “...XY-004167 хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд буцаан авсны нөхөх олговорт талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, нөхөх олговорт ...талбай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2019/5556 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын XY-00 тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авах тухай хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд ирүүлээгүй байх бөгөөд 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газартай Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, дахин гэрээний хугацааг 2 жил буюу 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сунгаж,  уг тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаа 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон болох нь тогтоогдсон байна.

Мөн нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газарт гаргасан “...Засгийн газар 2011 онд А хийдийн хамгаалалтын бүс тогтоож, хайгуул ашиглалтын үйл ажиллагааг хориглосон боловч өнөөг хүртэл хайгуулын ажилд зарцуулсан 700 гаруй сая нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй удаж байна. Манай тусгай зөвшөөрлийг төр буцаан авсны нөхөх төлбөрийг шийдвэрлэх боломжтой бол хуульд зааны дагуу талбай дүйцүүлэн авахад авахад татгалзах зүйлгүй” гэсэн 1 дугаар албан бичгийн хариуд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас  “...тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх тул танай компанийн гаргасан нөхөх олговортой холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч компани нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар маргаж байна гэх боловч  нэхэмжлэгчийн “...XY-00 хайгуулын тусгай зөвшөөрөл нь Засгийн газраас тогтоосон тусгай хамгаалалтын бүстэй давхацсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар хариуцагч Ашигт малтмалын газраас мэдэгдсэнээс хойш холбогдох эрх бүхий байгууллагад хандаагүй энэ тохиолдолд “...үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох”  нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Эдгээр болон анхан шатны шүүхийн шийдвэрт заасан бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.