| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/04958/И |
| Дугаар | 5053 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 5053
2016 оны 09 сарын 07 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05053 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 48 дугаар байр, 38 тоотод оршин суух, Халван овогт Эрдэнэбилэгийн Уранцэцэг /РД: ЧК80121801/-ийн нэхэмжлэлтэй,
Сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эд хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг зогсоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гарьд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн гэр бүлтэй таарамжгүй болж амьдралын аргагүй байдлаас шалтгаалан эцэг эх, үр хүүхэддээ хэлж мэдэгдэлгүйгээр 2006 оны 8 дугаар сард Монгол Улсаас гарч яваад 10 жил ганцаараа БНСУ-д амьдарч байгаад 2016 оны 02 дугаар сарын 14-нд эх орондоо ирсэн. Э.Уранцэцэг намайг үхсэн амьд нь мэдэгдэхгүй олон жил сураггүй байх хооронд 4 настай үлдсэн охиныг маань өндөр настай эцэг эх маань тэжээн өсгөхийн хажуугаар амьдын хагацал үзэж сэтгэл санаагаар ихээхэн шаналж зовсонд хүний үр болсон би харамсаад ч баршгүй байна. Намайг байхгүй болоод олон жил болсон тул эх Г.Цэрмаа шүүхэд хандсаны дагуу, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2272 тоот шүүгчийн захирамжаар Э.Уранцэцэг намайг сураггүй алга болсонд тооцож, эх Г.Цэрмааг эд хөрөнгийн маань эрхлэн хамгаалагчаар тогтоосныг би эх орондоо ирсэн хойноо мэдсэн. Э.Уранцэцэг би нэгэнт эргэж хүрэлцэн ирсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт зааснаар урьд гаргасан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2272 тоот "сураггүй алга болсонд тооцсон” шийдвэрийг хүчингүй болгож, мөн уг миний эд хөрөнгөнд тогтоосон эрхлэн хамгаалалтыг зогсоож өгнө гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Уранцэцэг нь түүнийг сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2272 дугаар шийдвэрээр Г.Цэрмаагийн хүсэлтээр нэхэмжлэгч Э.Уранцэцэгийг сураггүй алга болсонд тооцож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 48/2 дугаар байр, 4 тоот хэсэг хувийн орон сууцны зориулалттай 216 м.кв талбайтай /зоорийн хамт 3 давхар барилга/-ыг эрхлэн хамгаалахыг түүний төрсөн эх Г.Цэрмаад даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д “Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан иргэн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно” гэж заажээ.
Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу сураггүй алга болсонд тооцогдсон Э.Уранцэцэг нь 2006 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилээр гарсан, 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөн боомтоор Монгол улсын хилээр орсон, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мөн боомтоор Монгол улсын хилээр гарсан, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр боомтоор Монгол улсын хилээр орсон нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 03/5192 дугаар лавлагаараар нотлогдож байна.
Иймд шүүхийн шийдвэрийн дагуу сураггүй алга болсонд тооцогдсон Э.Уранцэцэгийг хүрэлцэн ирсэн буюу түүний байгаа газар нь мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг сураггүй алга болсонд тооцсон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2272 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Түүчлэн, шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 48/2 дугаар байр, 4 тоот хэсэг, 216 м.кв талбайтай хувийн орон сууцыг эрхлэн хамгаалахыг нэхэмжлэгчийн төрсөн эх Г.Цэрмаад даалгасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2-т “Шинэ шийдвэрээр уг иргэний эд хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг өөрчилж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд тэмдэглэсэн тэмдэглэлийг хүчингүй болгон түүнийг биелүүлэхийг холбогдох байгууллагад даалгана” гэж заасан байх тул тухайн орон сууцны эрхлэн хамгаалахыг Г.Цэрмаад даалгасныг мөн хүчингүй болгов.
Дээрх үндэслэлээр хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасныг баримтлан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2272 дугаар шийдвэрээр Халван овогт Эрдэнэбилэгийн Уранцэцэг /РД: ЧК80121801/-ийг сураггүй алга болсонд тооцсоныг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.2-т заасныг баримтлан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт
Жамсранжавын гудамж, 48/2 дугаар байр, 4 тоот хэсэг хувийн орон сууцны зориулалттай 216 м.кв талбайтай /зоорийн хамт 3 давхар барилга/ орон сууцны эрхлэн хамгаалахыг түүний төрсөн эх Г.Цэрмаад даалгасныг хүчингүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН