Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01247

 

*******ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/3609 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Гуравдагч этгээд: ******* ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд даргын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 02-140/15382 дугаартай Эрх сэргээх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/19665 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-ийн эд хөрөнгө, мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээг авсан. Уг захирамжийг *******аас биелүүлж, хариуцагч ******* ХХК-ийн нэр дээр ямар нэгэн өмч хөрөнгө байхгүй, харин ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлүүд байсан тул эдгээр тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр 2023 оны 12 сарын 08-ны өдөр 01-92725378 дугаар албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газар-т хүргүүлж, "******* ХХК-ийн нэр дээрх хөрөнгүүдийг битүүмжилсэн юм. Гэтэл хариуцагч "*******" ХХК нь *******ны нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад *******аас 2024 оны 06 сарын 20-ны өдөр дансанд мөнгө байршуулсан үндэслэлээр дээрх тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээх талаар 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 02-140/15382 дугаартай хууль бус албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газар-т явуулсан байна. Миний бие энэ талаар 2024 оны 09 сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч *******, шийдвэр гүйцэтгэгч ******* нараас мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нар "*******" ХХК нь манай байгууллагын дансанд мөнгө байршуулсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д заасныг хэрэглэж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн гэж мэдэгдсэн. Уг заалт нь зөвхөн шүүх, шүүгчийн эрх хэмжээний хүрээнд хамаарах байтал ******* энэ заалтаар бие даан шийдвэр гаргаж буйд үнэхээр харамсаж байна.

Иймд *******ын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 02-140/15382 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 183/Ш32023/19665 дугаар захирамжаар "*******" ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 125,405,450 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамжилсан. Захирамжийн дагуу хариуцагч ******* ХХК-ийн эзэмшил болон өмчлөлд бүртгэлтэй хөрөнгүүдийг холбогдох улсын бүртгэлийн байгууллагуудаас тодруулж, эзэмшлийн 4 тээврийн хэрэгсэл, нэгж талбарын ******* дугаартай, ******* аймгийн ******* баг, ******* тоот хаягт байрлах газар болон хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн. Хариуцагч ******* ХХК-аас 2024 оны 06 сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтдээ "Ашигт малтмалын тухай хуульд заасан бөгөөд үүнтэй холбоотой ажиллагааг хийх гэтэл танай байгууллагын дээр дурдсан албан бичгээр битүүмжилсэн учир хуульд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна, иймд танай байгууллагын Голомт банкны ******* дугаартай дансанд *******ны нэхэмжлэлд заасан мөнгөн хөрөнгө болох 124,405,450 төгрөгийг байршуулсан гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно. Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно гэж заасан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгө буюу мөнгийг гаргуулах агуулгатай байх тул ******* ажлаа хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн болно.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд ******* ХХК-ийн тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасны дагуу нэхэмжлэгч *******ны шаардсан 125,405,450 төгрөгийг *******ын дансанд байршуулсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 192/Ш32025/11490 дугаар захирамжаар өмнөх 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 183/Ш32023/19665 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, *******ны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэтэл манай компанид нэхэмжлэлээр шаардсан 125,405,450 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулахыг даалгасан. Уг захирамжийг тус шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иймд *******ын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар *******т холбогдуулан гаргасан тус газрын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 02/140/15382 дугаар Эрх сэргээх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.  Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

5.1. Ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчтэй 2024 оны 09 сард очиж уулзахад 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 02-140/15382 дугаартай Эрх сэргээх тухай шийдвэрийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасныг баримталсан, энэ заалтыг бид хэрэглэх эрхтэй гэж тайлбарласан. Гэтэл дээрх заалтыг зөвхөн шүүх хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч талаас хэрэглэх эрхгүй.

5.2. Шүүхэд хандсаны дараа *******" ХХК-аас одоогийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөр арга хэмжээгээр солиулах хүсэлтийг гаргаж байгаагаар 02-140/15382 дугаартай Эрх сэргээх тухай шийдвэр хууль бус гэдгийг нотолж байгаа юм.

5.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 04 сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлтийг шүүгчийн туслахын ******* хаягаар гаргасныг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгахгүй, хэргийн оролцогчийн биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 125,405,450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос биш тусгай зөвшөөрөлтэй холбоотой шаардлага гаргаагүй. Уг нөхцөл байдлын улмаас тухайн мөнгийг *******ын дансанд байршуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулахдаа товыг талуудын хэн алинаас нь асууж, шүүх хуралдааныг товлосон. Тухайн шүүх хуралдааныг товлоход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хуралтай талаар мэдэгдээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд даргын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 02-140/15382 дугаартай Эрх сэргээх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд ******* ХХК нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/19665 дугаар захирамжаар *******ны нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох 125,405,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар хариуцагч ******* ХХК-ийн эд хөрөнгө, мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 125,405,450 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авахаар захирамжилжээ.

3.2. Дээрх захирамжийн дагуу *******аас хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлийн газар, тээврийн хэрэгсэл, мөн ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3.3. Улмаар, ******* ХХК-аас тус газарт хандаж гаргасан ...танай байгууллагын дансанд *******ны нэхэмжлэлийн үнийн дүн болох 125,405,450 төгрөгийг байршуулсан тул эрх сэргээх албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газар руу явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд даргын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 02-140/15382 дугаартай Эрх сэргээх тухай шийдвэрээр ...2023 оны 04-92/25378 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг сэргээх-ийг Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгджээ.

3.4. Хожим, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/11490 дугаар захирамжаар ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/19665 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг *******ны нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох, 125,405,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар хариуцагч ******* ХХК-д нэхэмжлэлээр шаардсан 125,450,450 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулахыг даалгасугай гэж өөрчилжээ.

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч ...шүүгчийн захирамжаар арга хэмжээг өөрчилснөөр шүүхийн аливаа шийдвэр гараагүй гэх үндэслэл арилсан, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрх сэргээснийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус ажиллагаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй... гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. 

5. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.4-т тус тус заасан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах, хариуцагчийн хүсэлтээр нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр солих нь шүүгчид олгогдсон бүрэн эрх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга нь хуулиар өөрт нь олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь хууль бус юм.

Түүнчлэн, хожим шүүх нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольсон нь, мөн нэхэмжлэгчийн хууль эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэх үндэслэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд даргын хууль бус шийдвэрийг зөвтгөхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үндэслэлд хамаарах бөгөөд урьд өмнө авсан арга хэмжээг гагцхүү шүүгч өөрчлөх бүрэн эрхтэй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/3609 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд даргын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 02-140/15382 дугаартай Эрх сэргээх тухай шийдвэрийг хүчингүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******нд буцаан олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******наас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР