| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 192/2025/00627/И |
| Дугаар | 210/МА2025/01248 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01248
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04107 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээний 3.4-т заасныг хүчин төгөлдөр бусд тооцож, засварт зарцуулсан 9,786,000 төгрөгийг гаргуулах тухай,
иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Талууд 2023 оны 12 сарын 30-ны өдөр зээлийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар уг гэрээг 2024 оны 01 сарын 29-ний өдөр нотариатаар баталгаажуулсан. Уг гэрээгээр Төв аймгийн ******* сумын ******* баг, Нарийн толгод, ******* тоотхаягт байршилтай 4,000 м.кв талбайтай газар бүхий хашаа, 19,984 м.кв талбайтай газар бүхий хашаа, 10х15 хэмжээтэй 3 ширхэг фермийн байшин, 5х8 хэмжээтэй байшин, 11х10 хэмжээтэй байшин, худаг, гараашийн хамт 250,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Талууд 2024 оны 02 сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөг төлөх, үлдэгдэл 150,000,000 төгрөгийг 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацаанд графикийн дагуу төлөхөөр харилцан тохирсон. Энэ хугацаанд худалдан авагчаас 21,738,000 төгрөгийн үнэ бүхий ногоон тэжээл, солом, будаа, фермекс, хорголжин тэжээл болон өвс хэрчигч машиныг зээлээр авч, өөрийн фермерийн үйл ажиллагаанд зарцуулсан. Төлбөрийг 2 хувааж 2024 оны 07 сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 09-ний өдөр 9,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөг төлсөн. Өвс хэрчигч машиныг буцааж өгснөөр 2,738,000 төгрөгийн үнэ бүхий тооцоо дууссан. Гэтэл 2024 оны 10 сарын сүүлээр хариуцагч ******* нь гэрээний хугацаа дуусаагүй байхад эд хөрөнгийг худалдах авах боломжгүй гэдгээ илэрхийлж, мөнгө байхгүй учраас фермерээ хүлээж аваарай, гэрээгээр тохирсны дагуу түрээсийн төлбөрөө төлнө гэж хэлээд гэрээний зүйлийг албан ёсоор хүлээлгэж өгөлгүй, түрээсийн төлбөрөө өгөлгүй орхиж явсан. Гэрээний 3.4-т худалдан авагч тал нь хөрөнгийг хүлээн авч үйл ажиллагаа явуулах үедээ гэрээт хугацаа дуусаагүй, төлбөр төлж дуусаагүй байхад ферм, хашаа байшинг худалдан авахаас татгалзвал хүлээн авснаас хойш хугацаанд хөрөнгийг ашигласан орлого олсон эсэхээс үл харгалзан ферм хашаа байшинг ашигласны төлбөрийг cap бүр 5,000,000 төгрөг байхаар тооцож худалдан авагч талд төлнө гэж заасан.
Иймд 2023 оны 12 сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 сарын 30-ны өдөр хүртэлх нийт 11 сарын хугацаанд ферм, хашаа байшинг ашигласны түрээсийн төлбөрт 55,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: Төв аймаг, ******* сумын ******* багт байрлах, мал аж ахуйн зориулалттай хашаа байшинг хүлээж авснаас хойш 2024 оны 04 сард Голомт банк, 2024 оны 06 сард Хаан банк, 2024 оны 08 сард Ариг банк, хамгийн сүүлд 2025 оны 09 сард Богд банканд тус тус зээл авахаар судлуулсан боловч зээлийн барьцаа хөрөнгө буюу хашаа байшинг худалдах, худалдан авах гэрээний үнэд хүрэхгүй, зах зээлийн эргэлт муутай хөрөнгө гэж үзээд бүгд татгалзсан. Энэ талаар тухай бүрт нь нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. Бид засварын зардалд 8,286,000 төгрөгийн зардал гаргаж, байшингийн үнэ цэнийг мөн хэмжээгээр нэмэгдүүлсэн. Түүнчлэн хашаанд 2 монгол гэрийн буйр цутгуулсан бөгөөд энэ зардал 1,500,000 төгрөг болсон. Бид уг фермийг авахаар хичээж, бүх зүйлийг болгох талаас нь хандсан боловч банкнууд зээл олгох боломжгүй гэсэн тул аргагүйн эрхэнд уг нөхцөл байдлаа *******т хэлээд, 2024 оны 09 сарын 28-ны өдөр фермийн хашаа байшинд биечилж уулзаад байшингийн түлхүүр цоож зэргийг (анх *******аас хүлээж авахад түлхүүр цоожгүй онгорхой байсан) хүлээлгэж өгсөн, нэхэмжлэлд бичсэн шиг орхиж яваагүй. Ийнхүү хашаа байшинг хүлээлгэж өгөхөд талууд ямар нэг төлбөр тооцооны тухай юу ч яриагүй. Засварын зардлаа гаргуулах, түрээс төлөх тухай асуудал яригдаагүй бөгөөд гэрээний харилцаа дуусгавар болсон гэж ойлгосон. Гэтэл олон сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Бид хашаа байшинг хүлээж авснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй буюу ашиг орлого олоогүй, тухайн зүйлийн чанар байдлыг муутгаагүй, харин ч засвар хийж үнэ цэнийг нэмэгдүүлсэн. Мөн шилжүүлж өгөхөөс өмнө ******* нь өөрөө тухайн фермдээ үйл ажиллагаа явуулаагүй ба бусдад түрээслүүлсэн зүйл байгаагүй. Тиймээс худалдагч талд бодитоор хохирол учраагүй гэж үзэж байна. Иймд 55,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний 3.4-т ямар шалтгаанаар цуцлагдсан байхаас үл хамааран худалдагч нь худалдан авагчаас эд хөрөнгө ашигласан хугацаагаар түрээсийн төлбөр шаардах эрхтэй байхаар тусгасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэхгүй. Иймээс худалдах, худалдан авах гэрээний татгалзалтай холбоотойгоор хохирол болон ашиг орлого, өгсөн авснаа харилцан буцаан шилжүүлэх үүрэг үүсдэг ч энэ нь бодитоор тогтоогдсон байх ёстой. Харин миний хувьд худалдагчид хохирол учруулаагүй, худалдагчийн хөрөнгийг засан сайжруулахад 9,786,000 төгрөгийн зардал гаргаж, хөрөнгө оруулалтыг хийсэн.
Иймд зээлийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний 3.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, засвар хийсэн 8,286,000 төгрөг, хоёр монгол гэрийн буйр цутгуулсан зардал 1,500,000 төгрөг, нийт 9,789,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээний 3.4-т хэрвээ худалдаж авахгүй байгаа тохиолдолд ашигласан хугацааны түрээсийн төлбөр төлнө гэж заасан. Хариуцагч тал гэрээний стандарт нөхцөл яриад байгаа хэр нь бодит байдал дээр гэрээ хүчин төгөлдөр үү, үгүй юу гэдэгт маргаагүй. Хариуцагч нь 11 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан. Энэ нөхцөл байдалд тулгуурлаж төлбөрөө шаардаж байгаа. Худалдаж авахгүй бол түрээсийн гэрээний нөхцөлийн дагуу төлбөрөө төл гэдэг агуулга ярьж байгаа. Тиймээс гэрээг дуусгавар болгоод буюу татгалзаад өгсөн авсан зүйлийг буцаах буюу 9,786,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд хариуцагч талын тайлбар болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч *******гаас 22,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 33,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, засварын зардалд 9,786,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 241,726 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 267,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
5.1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 1 болон 13 дугаар зүйлийн 13.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.5-д заасны дагуу талууд холимог нөхцөлтэй гэрээг хуулийн хүрээнд байгуулсан нь хууль зөрчөөгүй. Талууд гэрээний гол нөхцөлийг өөрсдөө тогтоож, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд худалдах-худалдан авах гэрээний үүргийг түрээсийн гэрээний үүргээр солих нөхцөл, журмыг тохирсон нь хууль зөрчихгүй. Шүүх өөрт олгогдоогүй эрхийг эдэлж гэрээгээр тохиролцсон нэг сарын 5,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг ямар ч баримтгүйгээр 2,000,000 төгрөг болгож бууруулж байгаа нь үндэслэлгүй.
5.2. Хариуцагчаас шинжээч томилуулах бус өөрийн санаачилгаар үнэлгээ хийлгэсэн гэх нотлох баримтын шаардлага хангахгүй, түрээсийн объектыг бүхэлд нь хамруулаагүй дутуу хийсэн баримтыг шүүхэд өгч шүүх уг үнэлгээнээс жишиг авч үнэлгээ хийж байгаа нь илтэд хууль бус.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.
6.1. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд зээлийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээний 3.4-т Худалдан авагч тал нь хөрөнгийг хүлээн авч үйл ажиллагаа явуулах үедээ гэрээт хугацаа дуусаагүй, төлбөр төлж дуусаагүй байхад ферм хашаа байшинг худалдан авахаас татгалзвал хүлээн авснаас хойших хугацаанд хөрөнгийг ашигласан, орлого олсон эсэхийг үл харгалзан ферм хашаа байшинг ашигласны төлбөрийг cap бүр 5,000,000 төгрөг байхаар тооцож худалдагч талд төлнө гэж заасан нь түрээсийн гэрээний агуулгыг илэрхийлэхгүй, түрээсийн гэрээний үр дагаврыг үүсгэхгүй.
6.2. Аливаа гэрээг цуцлах, татгалзсантай холбогдох үр дагаврыг хуульд зохицуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд энэ маргааны тухайд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д заасан зохицуулалт хэрэглэгдэх ёстой байсан. Тиймээс анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
6.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...1 сарын 2,000,000 төгрөгийн хэмжээнд буюу 22,000,000 төгрөг байхаар тогтоох боломжтой гэж үзлээ гэх дүгнэлт хийхдээ нотлох баримтад тулгуурлаагүй, хуульд үндэслээгүй буюу хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг нотлох баримт болгоогүй. Шүүгч зах зээлийн үнийг тогтоож шийдвэрлэсэн нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн асуудал мөн. Хэрэв шүүгч өөрөө аливаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох эрхтэй гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тооцоо судалгаа, тусгай мэргэжлийн ажлыг тодруулахаар шинжээч томилох, Хөрөнгийн үнэлгээ тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль зэргийг хэрэглэх шаардлагагүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт учир дутагдалтай гэж шүүх үзвэл нэмэлт болон дахин шинжээч томилох зэргээр уг тодорхойгүй хэсгийг тодруулж, улмаар түүнийгээ үндэслэж шийдвэр гаргах ёстой ба энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангана.
6.4. Хариуцагч 2025 оны 04 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Гэтэл тухайн өдөр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэн аль нь ирээгүй бөгөөд харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* ганцаараа шүүх хуралдаанд оролцсон. Улмаар сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид гардуулж, гардсан даруй өмгөөлөгч нь гараар тайлбар бичиж өгсөн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэг, эрх зүйн байдлын ялгамжтай байдлыг үл тоомсорлож, маргааны үнэн бодит байдлыг бүдгэрүүлж, талуудын мэтгэлцэх эрхийг дордуулсан зөрчил юм. Учир нь, хэрэв нэхэмжлэгч өөрөө сөрөг нэхэмжлэлийг гардаж авсан бол өөрийнх нь хөрөнгөд засвар хийсэн үйл баримтад маргахгүй бөгөөд засварын талаар үнэн бодит тайлбарыг гаргах боломжтой байсан. Гэтэл тухайн үйл баримтыг мэдэхгүй, өмгөөлөгч нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, бодит байдалд нийцэхгүй тайлбарыг хэлбэрийн төдийд гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн болно.
6.5. Анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 192/Ш32025/18800 дугаар захирамжаар шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо ...түрээсийн гэрээний төлбөр хэт өндөр байсан эсэхийг тогтоолгох нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй... гэснээ шүүхийн шийдвэр ...түрээсийн төлбөрийг хэт өндрөөр тогтоосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй... гэх дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй. Улмаар шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй хэр нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг бүрэн бус гэж үзэх, цаашлаад шинжээчийн дүгнэлтгүйгээр өөрийн дурын хэмжээг тогтоож хэргийг шийдвэрлэсэн хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээс илүү хэмжээгээр үндэслэлгүй тогтоосон 8,216,100 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний 3.4-т заасныг хүчин төгөлдөр бусд тооцож, засварт зарцуулсан 9,786,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Талууд 2023 оны 12 сарын 30-ны өдөр 23/01 дугаартай Зээлийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Төв аймгийн ******* сум, Шувуун даваа, ******* баг, Нарийн толгод, ******* тоот хаягт байршилтай, 4,000 м.кв болон 19,984 м.кв талбай бүхий хашаа, 10х15 хэмжээтэй 3 ширхэг фермийн байшин, 5х8 хэмжээтэй байшин, 11х10 хэмжээтэй байшин, худаг, гарааш зэргийг *******д хүлээлгэн өгөх, ******* нь урьдчилгаа 100,000,000 төгрөгийг 2024 оны 02 сард, үлдэх 150,000,000 төгрөгийг 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 15,000,000 төгрөг төлж, нийт 250,000,000 төгрөгөөр худалдан авах нөхцөлийг харилцан тохиролцжээ.
4. *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч худалдан авагч ******* нь гэрээний үнийг төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой талууд уг гэрээнээс хожим татгалзсан байна.
5. Энэ тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх, мөн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо харилцан шаардах эрхтэй.
6. Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан газар, хашаа, байшин, худаг, гарааш зэргийг хариуцагч *******гийн эзэмшил, ашиглалтад 2023 оны 12 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон тул хариуцагч ******* нь гэрээнээс татгалзсаны үр дагаварт тэдгээрийг нэхэмжлэгч *******ын эзэмшил, ашиглалтад буцаан өгөх үүргийг хүлээнэ.
Нэхэмжлэгч ******* нь эд хөрөнгөө 2024 оны 10 сарын 30-ны өдөр буцаан хүлээн авсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул нотлох үүргийн хуваарилалтын дагуу эд хөрөнгийг 2024 оны 09 сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн гэсэн хариуцагч *******гийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь эд хөрөнгийг 2023 оны 12 сарын 30-ны өдөр эзэмшил, ашиглалтдаа хүлээн авч, улмаар 2024 оны 09 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч *******ын эзэмшил, ашиглалтад буцаан хүлээлгэн өгчээ.
7. Худалдан авагч ******* гэрээний үнийг төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцон шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 12 сарын 30-ны өдрийн 23/01 дугаартай Зээлийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ-ний 3.4-т худалдан авагч төлбөр төлөөгүйтэй холбоотой талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тохиолдолд эд хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг нэг сарын 5,000,000 төгрөгөөр тооцож худалдагч талд төлөх нөхцөлийг тусгасан байх тул уг үнийн дүнг зайлшгүй орох байсан орлого гэж тооцох үндэслэлтэй.
Нөгөө талаар хариуцагч ******* нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй юм.
8. Үүний дагуу тооцоход 5,000,000 х 8 сар 28 хоног = 44,666,666 төгрөг гарч байх тул уг үнийн дүнг хариуцагч *******гаас гаргуулан нэхэмжлэгч *******т олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
9. Анхан шатны шүүх хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь:
9.1. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 12 сарын 30-ны өдөр 23/01 дугаартай Зээлийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ-ний 3.4-т заасан зохицуулалт, түүний агуулга нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн аль ч зохицуулалтад хамаарахгүй байна.
9.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын эд хөрөнгөд нийт 9,786,000 төгрөгийн засвар хийсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй тул тус сөрөг шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй.
10. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид гардуулсан нь буруу гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч бус түүний өмгөөлөгч гардан авч тайлбар гаргахдаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хохироосон гэх агуулгаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.
11. Нэгэнт талууд гэрээгээр нэг сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байх тул үнийг тодорхойлуулахаар шинжээч томилох шаардлагагүй, улмаар ...анхан шатны шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй, хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн үнэлгээний тайланг үнэлээгүй... гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.
12. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04107 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч *******гаас 44,666,666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,333,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******т холбогдох, гэрээний 3.4-т заасныг хүчин төгөлдөр бусд тооцож, засварт зарцуулсан 9,786,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...267,950... гэснийг ...381,283... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 146,408 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 322,950 төгрөг (222,950+100,000)-ийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР