| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2022/04451/И |
| Дугаар | 210/МА2025/01257 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01257
Ц*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03693 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22280103/153-01 тоот болон 22280103/153-02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, мөн ******* ХХК-ийн эзэмшлийн *******дугаартай ******* аймгийн *******сумын ******* нэртэй ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 5,192,884,237 төгрөгөөр, уг газарт байрлах 20,000 тн нүүрсийг 448,095,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 1585 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 1535 дугаар магадлалаар *******" ХХК-аас 1,249,974,386 төгрөг, 6,407,821 төгрөг нийт 1,256,382,208 төгрөгийг гаргуулж "*******" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд тус компанийн эзэмшлийн *******дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 5,192,884,237 төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнэлгээ болоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар *******" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч надад огт мэдэгдээгүй бөгөөд 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 10:53 цагийн үед ******* дугаараас "...дуудлага худалдаанд оруулах болохыг анхааруулъя гэсэн зурвасыг анх ирүүлсэн. Дээрх үнэлгээ нь бодит байдлаас хэт зөрүүтэй, тусгай зөвшөөрөл болон түүний нөөц, дагалдах тоног төхөөрөмж, дэд бүтэц зэргийг хэтэрхий үнэгүйдүүлсэн. Тухайн тусгай зөвшөөрлийг Голомт банктай байгуулсан зээлийн барьцаанд барьцаалуулахад банк 16,280,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн *******дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хураан авсан шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22280103/153-01 тоот болон 22280103/153-02 тоот тогтоолыг гаргахдаа шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг зөрчсөн. Маргаан бүхий хураах тогтоолд *******, ******* нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж тогтоол үйлдэж, тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Дээрх 2 хөндлөнгийн гэрч *******, ******* нарын хаягаар очиход огт амьдарч байгаагүй, танихгүй гэсэн хариуг өгсөн.
Иймд *******дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон нүүрсийг үнэлсэн үнэлгээ, мөн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22280103/153-01 тоот болон 22280103/153-02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 1585 дугаар шийдвэрээр *******" ХХК-аас 1,249,974,386 төгрөгийг гаргуулж "*******" ХХК-д олгохоор, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 101,230,770 төгрөгийг гаргуулж "Петро хаан" ХХК-д олгохоор, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 204 дугаар магадлалаар "*******" ХХК-аас 592,181,125 төгрөгийг гаргуулж, БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны "******* ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч *******" ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн эзэмшлийн *******дугаартай ******* аймаг *******сумын ******* нэртэй газарт байрлах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон нүүрсийг 2022 оны 04 сарын 08-ны өдөр хурааж, талуудаас үнийн санал авахад талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход тусгай зөвшөөрлийг 5,192,884,237 төгрөг, нүүрсийг 448,095,000 төгрөгөөр тус тус үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн. Төлбөр төлөгч *******" ХХК-д 2022 оны 11 сарын 08-ны өдөр 4-153/21192 дугаар үнэлгээний мэдэгдэл талуудад гардуулж, давхар мэдэгдлийг баталгаат шуудангаар хаягаар хүргүүлсэн. Мөн 2022 оны 11 сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зарласан боловч хөрөнгө худалдан борлогдоогүй тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явагдаж байна.
Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар *******т холбогдох, ******* ХХК-ийн ******* аймгийн *******сумын ******* нэртэй газарт байрлах 344.7 гектар талбай бүхий *******дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй түүхий нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг уурхайг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22280103/153-01 дугаартай, 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22280103/153-02 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол-уудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 16197 дугаартай захирамжаар авсан ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Шинжээч нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг 5,192,884,237 төгрөгөөр, харин олборлосон байсан 20,000 тн орчим түүхий нүүрсийг 448,495,000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн бодит үнэ ханшнаас илтэд доогуур үнэлсэн. Бид тус ордын техник эдийн засгийн үнэлгээгээр хэрхэн үнэлэгдэж байснаа нотлохоор Ашигт малтмал газрын тосны газраас тус ордын Техник эдийн засгийн үндэслэлийг тогтоосон холбогдох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гарган татуулсан. Уг баримтад дурдсанаар тус орд нь өндөр үр ашигтай гэж тооцогдож үнэлэгдэж 190,9 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж татварын дараах цэвэр ашиг нь 26,4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Тус нүүрсний ордыг ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг Голомт банканд барьцаалуулахад банк 16,2 тэрбум төгрөгөөр үнэлсэн байдаг.
4.2. Хариуцагч байгууллага нь 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22280103/153-01 тоот болон 22280103/153-02 тоот эд хөрөнгө хураах тогтоолуудыг үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу 2-оос доошгүй гэрч оролцуулаагүй. Хөндлөнгийн 2 гэрчээр *******, ******* нарыг оролцуулсан мэт бичсэн боловч тогтоолд дурдсан гэрчүүдийн хаяг дээр эдгээр гэрчүүд бус *******, ******* гэх хүмүүс гэр бүлийн хамт 5-13 жил амьдарч байгаа тайлбарыг өгсөн. Мөн шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн 2 гэрч оролцуулсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.5-д заасныг хэрэгжүүлэх байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд эрх, үүрэг тайлбарласан, санал хүсэлт гаргасан баримт үйлдэгдээгүй, хэрэгт авагдаагүй нь гэрч оролцуулаагүйг давхар нотолж байна.
4.3. Мөн төлбөр төлөгч болон төлбөр авагчийн хооронд төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож уг хуваарийн дагуу төлөлт хийж байгаа бөгөөд одоо төлөх үлдэгдэл нь тус орд газраас бэлэн олборлосон 448,495,000 төгрөгийн үнэ бүхий 20.000 тн нүүрсийг худалдан борлуулж барагдуулах бүрэн боломжтой байхад ашиглалтын тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг хийх нь үндэслэлгүй гэж үзэж байна.
4.4. Мөн шүүхийн журмаар бүрдүүлсэн Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн тус ордын Техник эдийн засгийн үндэслэлийг тогтоосон холбогдох баримтуудтай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг танилцуулалгүй хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22280103/153-01 тоот болон 22280103/153-02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, мөн ******* ХХК-ийн эзэмшлийн *******дугаартай ******* аймгийн *******сумын ******* нэртэй ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 5,192,884,237 төгрөгөөр, уг газарт байрлах 20,000 тн нүүрсийг 448,095,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага нь эд хөрөнгө хураах тогтоолуудыг үйлдэхдээ хуульд зааснаар 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, шинжээч нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон нүүрсийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн... гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргажээ.
4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01585 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 1535 дугаар магадлалаар хариуцагч ******* ХХК-аас 1,249,974,386 төгрөг болон 6,407,822 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ. /1хх 39-42, 43-47/
5. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь нэхэмжлэлд дурдагдсан *******дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 20,000 тн нүүрсийг 2022 оны 04 сарын 08-ны өдрийн хураан авч, 2022 оны 04 сарын 19-ний өдөр шинжээчээр *******ыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасантай тус тус нийцжээ. /1хх 69, 2хх 101, 3хх 91-92, 96-97/
6. *******аас шинжээч *******т 2022 оны 04 сарын 19-ний өдөр хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулжээ. /1хх 72/
7. Шинжээч нь ******* ХХК-ийн эзэмшлийн *******дугаартай ******* аймгийн *******сумын ******* нэртэй ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 5,192,884,237 төгрөгөөр, уг газарт байрлах 20,000 тн нүүрсийг 448,095,000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /1хх 74-170, 171-249, 2хх 1-4/
8. ******* нь 2022 оны 05 сарын 06-ны өдөр дээрх үнэлгээний талаарх мэдэгдлийг ******* ХХК-д хүргүүлжээ. /2хх 5/
9. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасны дагуу өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргасан байна.
10. 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22280103/153-01 тоот болон 22280103/153-02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
10.1. ******* нь дээрх тогтоолуудыг үйлдэхдээ хөндлөнгийн гэрчээр *******, ******* нарыг байлцуулж, тогтоолуудад гарын үсгийг зуруулж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасантай нийцжээ.
10.2. Хөндлөнгийн гэрч *******, ******* нар бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэл нь тэдгээрийг эд хөрөнгө хураан авах тогтоол үйлдэхдээ байлцуулаагүй гэсэн үг биш бөгөөд тэдгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
10.3. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
11. ******* ХХК-ийн эзэмшлийн *******дугаартай ******* аймгийн *******сумын ******* нэртэй ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 5,192,884,237 төгрөгөөр, уг газарт байрлах 20,000 тн нүүрсийг 448,095,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
11.1. Шинжээч томилох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль (2010 оны)-ийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хөрөнгийн үнэлгээний тайланд дараахь зүйлийг тусгана: гээд 9.3.1-д үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа...; гэж, 9.4-т Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэж тус тус заажээ.
11.2. ******* ХХК-ийн эзэмшлийн *******дугаартай ******* аймгийн *******сумын ******* нэртэй ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 5,192,884,237 төгрөгөөр, уг газарт байрлах 20,000 тн нүүрсийг 448,095,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлангуудад мэргэшсэн үнэлгээчин ******* гарын үсэг зурж тэмдэг дарсан, мөн туслах үнэлгээчин *******, ******* нар гарын үсэг зурсан, мөн мэргэшсэн үнэлгээчин *******т олгогдсон тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсаргажээ.
11.3. Дээрхээс үзвэл эрх бүхий байгууллагаас шинжээчээр томилогдоогүй этгээд болох *******, ******* нар үнэлгээний тайланг гаргалцаж, гарын үсэг зурсан, мөн тэдгээр нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн, эрх бүхий байгууллагаас туслах үнэлгээчин гэх *******, ******* нарт хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.
11.4. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангаж, холбогдох шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
12. Дээрхийг нэгтгэн дүгнээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулж, түүний гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03693 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар ******* ХХК-ийн эзэмшлийн *******дугаартай ******* аймгийн *******сумын ******* нэртэй ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 5,192,884,237 төгрөгөөр, уг газарт байрлах 20,000 тн нүүрсийг 448,095,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс үлдэх 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 22280103/153-01 тоот болон 22280103/153-02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...57 дугаар зүйлийн 56.2... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2... гэж, ...7.1.2... гэснийг ...7.1.4... гэж, ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.НЯМБАЗАР