Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 5073

 

2016 оны 09 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05073

Улаанбаатар хот

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7а дугаар байр, 42 тоотод оршин суух, Боржигон овогт Бятавын Эрдэнэтуул /РД: УС85030107/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамж, 92 тоотод оршин суух, Их мэргэд овогт Батсайханы Бат-Арал /РД: ШУ90011295/-д холбогдох,

 

3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, сар бүр хүү төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулаагүй бэлнээр зээлсэн болно. Зээлэх үед Б.Бат-Арал нь БГД-ийн 10-р хороолол, 5-р хорооны Хөтөл говь ХХК-ийн 1-р давхарт байрлах Од Loung-г түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн үед түрээсийн төлбөр төлөх шаардлага гарсан тул мөнгө зээлээч гэж тусламж хүссэний дагуу зээлдүүлсэн. Улмаар мөнгөө өгөхгүй байсан учраас БГД-н Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. цагдаагийн хэлтэст байцаалт өгч байхдаа хоёр талаас харилцан тохиролцоод зээлийн гэрээ байгуулж 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 5 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөгийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Иймд иргэн Б.Бат-Аралаас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Бат-Арал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Эрдэнэтуулаас 3 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус хуваан төлөх хүсэлтэй байгаа болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтуул шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Бат-Арал нь 3 000 000 төгрөгийг 3 хувааж төлнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнтуул нь хариуцагч Б.Бат-Аралд холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Эрдэнэтуулын нэхэмжлэлтэй, Б.Бат-Аралд холбогдох 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 3 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, үлдэх 1 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 000 төгрөгийн тал хувь болох 31 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 31 500  төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 31 500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэтуулд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                                 М.БАЯСГАЛАН