Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01271

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/06765 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 596,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 596,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь миний нэг шүдийг булга цохисон, үүний улмаас мэдээ алдуулалт, шүд авалт 80,000 төгрөг, шүдний буглаа цэвэрлэлт 95,000 төгрөг, хатуу хуванцар суурьтай хиймэл шүд 140,000 төгрөг, нийт 315,000 төгрөгөөр хохирсон, мөн хариуцагч нь миний машиныг өшиглөж эвдэлсэн, үүнийн улмаас 281,000 төгрөгөөр хохирсон... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...миний эхнэрийг доромжилсон тул энэ үйлдлийг гаргасан, нэхэмжлэгч энэ хэрэгт мөн буруутай... гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Хариуцагч ******* нь 2024 оны 10 сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* авто зогсоолд нэхэмжлэгч *******тай маргалдаж, түүний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд 5-р шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/425 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан тул хариуцагч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******гийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан байна гэж үзнэ.

6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох *******гаас шаардах эрхтэй.

7. Эрүүл мэндэд учирсан гэм хорын тухайд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож буй 140,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Нэхэмжлэгч нь ...мэдээ алдуулалт, шүд авалт 80,000 төгрөг, шүдний буглаа цэвэрлэлт 95,000 төгрөг болсон... гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй тул холбогдох шаардлагыг хангах боломжгүй.

Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Харин анхан шатны шүүх эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 281,000 төгрөг баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулна.

Өмнө дурдсан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүгдэгчийн тухайн цаг хугацаанд хохирогчийн ... тээврийн хэрэгслийг өшиглөж гэмтээсний улмаас хохирогчийн эд хөрөнгөд 281,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь ... зөрчлийн шинжийг хангаж байх тул хохирогчийн зүгээс тус үйлдлийн улмаас учирсан хохирлыг ... нэхэмжлэх эрхтэй... гэж дүгнэгджээ.

Иймд хариуцагчаас 281,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т тус тус заасантай нийцнэ.

Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

9. Дээрх үндэслээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/06765 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...140,000 /нэг зуун дөчин мянган/... гэснийг ...421,000... гэж, ...456,000... гэснийг ...175,000... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын төсвөөс 18,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгож, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 13,280 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 4,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР