Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 5129

 

2016 оны 09 сарын 19 өдөр

 

     Дугаар 102/ШШ2016/05129

Улаанбаатар хот

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, консул-21, өөрийн байранд байрлах, “Нарантуул трейд” ХХК /РД: 2070022/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн гудамж, өөрийн байрлах, “Суурь” ХХК /РД: 2041588/-д холбогдох,

 

221 700 030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Нарантуул трейд” ХХК-ийн төлөөлөгч Ш.Оюунсогоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нарантуул трейд” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Суурь” ХХК-тай бетон зуурмаг худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээг байгуулж, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан бүтээгдэхүүний үнэд 850 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Үүний дагуу “Суурь” ХХК нь гэрээний гүйцэтгэлийн ажил явуулж байхдаа 2014 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө барилгын карказын бетон зуурмаг нийлүүлэхдээ стандартад нийцээгүй чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлж, цутгасан карказыг нураах болон дахин барих ажил хийгдэж, нийт 320 379 030 төгрөгийн зардал манай компаниас гарсан бөгөөд энэ тухай 2 тал акт үйлдэж баталгаажуулсан. Талууд тооцооны үлдэгдэлийг нягталж, 221 700 030 төгрөгийг “Суурь” ХХК-иас манайд төлөхөөр тохирч харилцан баталгаажуулсан. “Суурь” ХХК-иас дээрх хохирлыг удаа дараа шаардсан боловч төлбөрийг барагдуулаагүй. Чанарын шаардлага хангаагүй талаар 2 талын тооцоо нийлсэн актаар 320 379 030 төгрөгийг хохирол гарсан ба үүнээс “Суурь” ХХК нь 295 401 030 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Үүнээс бид тодорхой төлбөрийг бараа материалтаар тооцсон ба тооцооны үлдэгдлийн баталгаагаар дээрх төлбөрийг тооцоход “Суурь” ХХК нь бидэнд 221 700 030 төгрөгийг төлөхөөр гарсан. Иймд “Суурь” ХХК-иас чанаргүй бетон зуурмаг нийлүүлсний хохиролд нийт 221 700 030 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Суурь” ХХК-ийн төлөөлөгч Х.Чинболд шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Нарантуул трейд” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 13/08 дугаартай, “Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-г байгуулан бетон зуурмагаа 2014 оны 6 дугаар сараас 10 дугаар сар дуустал нийлүүлсэн. м.куб буюу 977 701 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэнээс гадна нь Худалдааны төвийн барилгын Б блокын 2 дугаар  давхарын цутгалтын нураасан талбайд дахин М350 маркаар 138 м.куб буюу 24 978 000 төгрөгийн бетоныг төлбөр авалгүй нийлүулэн гэрээгээр хүлээсэн уургийг давуулан билүулсэн. Бетон нийлүүлэлтийн явцад 2014 оны 8 дугаар сарын 22-оос 23-нд

шилжих шөнө захиалагч тал барилгын Б блокны 2 дугаар давхарын цутгалтын ажилд БМ-300 маркаар 671 м.куб бетон зуурмаг авсан. Гэтэл 4-5 хоногийн дараа захиалагчийн зүгээс гомдол ирсэн, үүний дагуу талбай дээр очиж үзэхэд дээрх Б блокны 2 дугаар давхарт хэсэг газар бэхжээгүй бетон үүрсэн, алаг цоог борлосон байдалтай байсан. Зургийн автор үүссэн асуудалтай хэсгийн талбайг тургэн нурааж асуудлыг яаралтай шийдэхээр болсон. Дээрхи асуудлаас болж "Нвратуул Трейд" ХХК нь 295 401 030 төгрөгийн хохиролын акт тогтоож төлбөр тавьсан. Түхайн уед юунаас болж барилгын талбайд дээрх бетон бэхжээгүй болон үүрч унасан шалтгааныг тогтоолгүй, манай компанийг энэ асуудлыг яаралтай шийд гэсэн. Захиалагчийн талаас хятад ажилчид явахаас өмнө хурдан нурааж, нураасан хэсэгтээ дахин бетон зуурмаг аваад үргэлжлүүлэн дээд давхаруудынхаа бетон зуурмагаа авч өвөл болохоос өмнө цутгалтын ажилаа дуусгаж халаалтаа авах хэрэгтэй гээд шамдуулсан. Бид ч их цаараглаагуй захиалагчийн хэлсний дагуу цааш нь ажлыг саадгүй дуусгасан. Манай зүгээс хөндлөнгийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавихад захиалагч талаас зөвшөөрөөгүй ба нэн тэргүүнд барилгын ажлыг саадгүй явуулах ёстой, мөн гадны хэл амнаас болггомжлох, цаашид ч улсын комисс хүлээн авахад хүндрэл учирна гээд хулээж аваагүй бөгөөд эхэд нууцалсан. Гэтэл "Нарантуул трейд" ХХК нь танай нийлүүлсэн бетон зуурмаг чанаргүй байсан гээд акт тоггоож хучээр шахуу тулган шаардаж хохирлын акт болон тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Бид тухайн үед олон юм яриагүй ба учир шалтгааныг нь олж тогтоох байлгүй гээд өөрийн зүгээс байж болох бүх алдаа, дутагдалыг судалж байсан. Тухайн үед юунаас болсон нь тогтоогдоогүй байхад “Нарантуул Трейд” ХХК нь хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар шалгуулаагүй байж манай компанид 100 хувь буруу өгөөд төлбөр тогтоосон байгаад манай зүгээс эсэргүүцэж байгаа. Гэхдээ манай компани нь тухайн үед хохиролын актын төлбөрийг төлөхгүй гээгүй, хохирлын хэмжээг харилцан торхиролцож хоёр талдаа хүндрэлгүйгээр бүтээгдэхүүн авах замаар шийдэх байх гэж бодсон. “Нарантуул трейд” ХХК нь өөрсдөө ирсэн бетоноо шалгаж хүлээн авах үүрэгтэй, мөн цутгалтыг шөнөөр авсан, талбай дээр ямар нэгэн алдаа дутагдал гаргасан, нийлүүлж байсан зуурмагг механик хольц үүсгэсэн, гадны нөлөө орсон байх, зэрэг асуудлууд байх магдлалтай тул тодруулах хэрэггэй. Манай тал өөрийн үйлдвэхээс гарсан бетонд байнга шинжилгээ хийдэг ба энэ өдрийн манай лабораторын шинжилгээ болон хөндлөнгийн лабораторт өгсөн үр дүнгүүд стандартын шаардлага хангаж байгаа. Дээрх актын төлбөрт манай талаас Б блокны 2 давхарт нөхөж өгсөн бетон зуурмаг 138 м.куб буюу 24 978 000 төгрөг, энэ тооцоог тооцоо нийлсэн актанд оруулалгүй, төлбөр ч төлөөгүй авсан. 2 талын тооцоо нийлсэн актаар 221 700 030 төгрөг “Суурь” ХХК нь “Нарантуул трейд” ХХК-д өгөх өглөгтэй гарсан. Энэ тооцоо нийлсэн актанд хохирлын акт гэж 295 401 030 төгрөгийг оруулаж тооцсон. Дээрх 2 талын тооцоог үзэхэд манайх 73 701 000 төгрөгийн бетон зуурмагийг төлбөр авалгүй нийлүүлсэн байна. Дээрх 2 тооцооны нийлбэр 98 679 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг төлбөр авалгүй нийлсэн ба хохирлын актаас барагдуулсан дүн гэж үзэж байна. Захиалагчийн зүгээс маш их дарамт шахалт хийж байсан ба хэл амаар дайрч доромжлох, сүрдүүлэн далаалгах үйлдлүүд удаа дараа гаргасан боловч бид ажлыг эцсийн дуустал ажилласан. Тооцооны үлдэгдэлийн баталгааг санхүү баталгаажуулсан нь төлөөлөх эрхгүй этгээд баталгаажуулсан гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Нарантуул трейд” ХХК нь хариуцагч “Суурь” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний хохиролд нийт 221 700 030 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...манайх чанарын шаардлага хангасан бетон нийлүүлсэн, ...тооцооны үлдэгдэлийн актыг нэхэмжлэгч тал тулган шаардаж гарын үсэг зуруулсан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талууд 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ”-ээр худалдагч “Суурь” ХХК нь БМ250 маркийн 4000 м.куб, БМ300 маркийн 2000 м.куб бетон зуурмагыг худалдан авагч “Нарантуул трейд” ХХК-д нийлүүлэх, худалдан авагч “Нарантуул трейд” ХХК нь бүтээгдэхүүний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлсэн талаар маргаагүй байх тул талуудын хооронд гэрээний үндсэн дээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн буюу гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний шинж болон гэрээний зүйл, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх нөхцөл зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө нэхэмжлэгчид шилжүүлсэн бетон зуурмагаас 138 м.куб нь доголтой болох нь талуудын хооронд үйлдсэн “Нарантуул” худалдааны төвийн блокын 2 давхарт 2014/08/22-ны өдрийн цутгалтаар чанарын шаардлага хангаагүй ирсэн зуурмаг, түүнтэй холбоотой карказыг нураах болон дахин барих зардлын задаргаа, акт” /цаашид акт гэх/-аар нотлогдож байна. Түүнчлэн, хариуцагч нь дээрх нийлүүлсэн бетон зуурмагыг доголдолын улмаас нурааж, дахин нийлүүлсэн үйл баримтыг үгүйсгээгүй байхаас гадна уг үйл баримтанд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.  Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 253.2-т зааснаар дээрх доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг худалдагч хариуцна.

 

Дээрх доголдолтой бетон зуурмагыг нурааж, дахин барих зардал 320 379 030 төгрөг болсон, үүнээс хариуцагч нь 295 401 030 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх талаар талууд акт үйлдэж, харилцан гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд талууд 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны төлбөрийг тооцон, хариуцагч нь нэхэмжлэгчид 221 700 030 төгрөгийг төлөх төлбөрийг тооцооны үлдэгдэлийн баталгаагаар баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, акт болон тооцооны үлдэгдэлийн баталгааг хоорондоо хамааралтай гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд, нөгөөтэйгүүр хариуцагч нь уг баталгааг дээрх акттай холбоогүй баримт гэдгийг нотлох баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн, хавтаст хэрэгт бетон зуурмагын шинжилгээнүүд авагдсан байх бөгөөд тухайн шинжилгээний дүгнэлтэнд хамрагдсан бетон зуурмагыг хариуцагчаас 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө нэхэмжлэгчид шилжүүлсэн бетон зуурмаг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна /хх 61-65, 71-78,91-93 дугаар тал/. Тухайлбал, хариуцагчийн “...2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө нэхэмжлэгчид нийлүүлсэн бетон зуурмагыг нураасан байсан” гэх тайлбараас үзвэл уг доголдолтой бетон зуурмагт шинжилгээ хийсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т зааснаар хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний хохирол буюу зардалд нийт 221 700 030 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...актыг хүчээр шахуу хийлгэсэн, ...тооцооны үлдэгдлийн баталгааг санхүү баталгаажуулсан нь эрх бүхий этгээд биш” гэж үгүйсгэж байх боловч хариуцагчийн уг тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 221 700 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т заасныг баримтлан хариуцагч “Суурь” ХХК-иас 221 700 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Нарантуул трейд” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хяналан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 266 500  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 266 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН