Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01272

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03036 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Гуравдагч этгээд: *******ХК,

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгох тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00213 дугаар захирамжаар хариуцагч *******, ******* нараас 190,769,825 төгрөг гаргуулж ******* ХК-д олгож, хариуцагч нар хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 95.71 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2022 оны 08 сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгийн үнэлгээний "*******" ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч *******, ******* нарын үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 2024 оны 03 сарын 26-ны өдөр 491,950,000 төгрөгөөр үнэлсэн. Тус орон сууцны 1 м.кв талбайн ханш 9,000,000 төгрөг ба нийт 816,390,000 төгрөг юм. "*******" ХХК нь үндэслэлгүй үнэлгээ гаргасан нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур худалдан борлуулагдах эрсдэлтэй нөхцөл байдал бий болгосон. Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээний "*******" ХХК-ийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй байна.

Иймд хөрөнгийн үнэлгээний "*******" ХХК-ийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Төлбөр төлөгч нарт удаа дараа төлбөр төлөхийг мэдэгдэхэд төлбөрийг төлж барагдуулаагүй. *******, ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай 95.71 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 491,950,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээг мэдэгдэж, тайланг танилцуулсан. Шинжээч тухайн орон сууцыг үнэлэхдээ үнэлгээний олон улсын стандарт, Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар харьцуулан хамгийн өндөр үнэлгээ буюу зах зээлийн хандлагын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч хамгийн бодит үнэлгээг гаргасан байна. Нэхэмжлэгч талаас шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болохыг нотлох баримт ирүүлээгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үндэслэл байхгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд *******ХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Хөрөнгийн үнэлгээний тайланд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан 3 өрөө орон сууцны үнэлгээний дунджаар хөрөнгийн үнэлгээг гаргасан байна. Нэхэмжлэгч талаас хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэж байгаа ч түүнийгээ нотолж чадаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 95.71 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 491,950,000 төгрөгөөр үнэлсэн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн ******* ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийг шинжээчээр томилж улмаар төлбөр төлөгч *******, ******* нарын үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу 2024 оны 03 сарын 26-ны өдөр 491,950,000 төгрөгөөр үнэлсэн байна. Учир нь: нэхэмжлэгчийн орон сууцны 1 м.кв талбайн ханш 9,000,000 төгрөг буюу нийт 816,390,000 төгрөг болно.

5.2. Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн дүгнэлтэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт дээрх хөрөнгийг үнэлэхдээ гаднах тоглоомын талбай, амралтын хэсэг, зогсоол, орчны аюулгүй байдал зэргийг тусгахгүй орхиж, хөрөнгийг үнэгүйдүүлэх нөхцөл байдал үүссэн.

5.3. Талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Учир нь, тус өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэхээр хуульд заасан ба нэхэмжлэгчээс хариуцагчид хэргийн үйл баримт гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх, асуулт асууж тодруулах, гэх хуульд заасан шүүхийн процесс алдагдаж мэтгэлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шинжээч нь үнэлгээ гаргахдаа хамгийн өндөр үнэлгээгээр тооцсон. Хариуцагч тал олон улсын стандартыг зөрчсөн гэх боловч ямар зөрчил гаргасныг тодорхой хэлж чаддаггүй. Мөн зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх атлаа үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөөгүй. Шинжээч ******* гэрчээр оролцон хариуцагч тал асуулт асуусан учраас мэтгэлцэх зарчим зөрчигдөөгүй.

Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 95.71 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 491,950,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд *******ХК нь хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00213 дугаар захирамжаар хариуцагч *******, ******* нараас 190,769,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХК-д олгож, барьцаа хөрөнгө болох *******н өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 95.71 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

4. Дээрх хүчин төгөлдөр захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 08 сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2024 оны 03 сарын 06-ны өдөр хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 03 сарын 15-ны өдөр шинжээчээр ******* ХХК, *******ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 54, 55 дугаар зүйлд заасантай тус тус нийцжээ.

5.  Шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба хариуцагч байгууллагаас шинжээчид 2024 оны 03 сарын 15-ны өдөр хууль тайлбарлан өгчээ.

6.  Шинжээч ******* нь Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 95.71 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 491,950,000 төгрөгөөр үнэлсэн байх ба үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлалыг тодорхой тайлбарлаж, үнэлж буй эд хөрөнгийн байршил, ашиглалтад орсон он, хэмжээ, хийцлэл, дэд бүтэц, дотоод засал, чанар байдал, нэмэлт тоноглол (орчин, автомашины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, хотхоны нэгдсэн хашаа, домофон систем, хос лифт) зэргийг тодорхой дурджээ.

Иймд ...шинжээч хөрөнгийг үнэлэхдээ тоглоомын талбай, амралтын хэсэг, зогсоол, орчны аюулгүй байдал зэргийг тусгахгүй орхисон... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцсэн байна.

7. Шинжээч нь орон сууцыг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

8. Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдаанд оролцох эсэх нь хариуцагч талын хүсэл зориг тул ...анхан шатны шүүх мэтгэлцэх зарчим зөрчсөн... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй хуулийн зохицуулалт баримталсан алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03036 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...122 дугаар зүйлийн 122.5... гэснийг хасаж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ 

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР