Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01273

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/03019 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие 2020 оны 10 сарын 12-ны өдөр тус компанид дотоод хяналт шалгалтын ажилтны ажилд анх томилогдож, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие компанийн төлөө өөрийн сурч мэдсэн бүхнээ дайчлан хоёргүй сэтгэлээр ажилласан. Гэтэл компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 26-ны өдрийн Б/95 тоот тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан, хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие 2024 оны 06 сарын 24-ний өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, 2024 оны 07 сарын 06-ны өдрийг дуустал өдрийн эмчилгээнд хамрагдсан. Эмнэлэгт үзүүлж, эмчилгээнд хамрагдаж байгаа талаар компанийн холбогдох ажилтнуудад и-мэйлээр мэдэгдсэн.

Иймд урьд эрхэлж байсан дотоод хяналт шалгалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан. ******* нь 2024 оны 06 сарын 24-ний өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж 2024 оны 07 сарын 06-ны өдрийг дуустал өдрийн эмчилгээнд хамрагдсан тухайгаа компанийн холбогдох ажилтнуудад и-мэйлээр мэдэгдсэн гэж нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй. ******* нь төв оффист харьяалагддаг учраас 2024 оны 04 сарын 08-ны өдөр ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орох байсан боловч ажилдаа ирэхгүй байсан тул 2024 оны 04 сарын 12-ны өдөр мессежээр, 2024 оны 04 сарын 19-ний өдөр и-мэйлээр тус тус "шаардлага" хүргүүлж байсан. Мөн 2024 оны 04 сарын 23-ны өдөр и-мэйлээр сануулга өгч шаардлага хүргүүлсэн. Тэрээр и-мэйлийг авсан боловч ажилдаа 2024 оны 05 сарын 01-ний өдөр ирсэн, ажилдаа ирсэн даруйд нь "гаргасан үйлдэлд нь амаар сануулга" өгөөд өнгөрсөн. Мөн "эрсдэлийн үнэлгээ хий, мэргэжлийн хяналтын шалгалтад бэлд" гэсэн үүрэг даалгавар өгсөн. 2024 оны 05 сарын 02-ны өдөр *******ын гаргаж байгаа ёс зүйгүй, зохисгүй үйлдлүүдийн тухай "үйл ажиллагаа хариуцсан менежер *******ээс "мэдэгдэл" ирүүлж байсан. 2024 оны 05 сарын 16-ны өдөр өмнө нь амаар өгсөн үүрэг даалгавраа тушаалаар баталгаажуулж, хүргүүлсэн. Энэ тушаалд зааснаар ******* нь ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, судлан бүртгэх, шалтгааныг тогтоох, акт дүгнэлт гаргах, тайлагнах үүрэг бүхий орон тооны бус комиссын даргаар томилогдож, 2024 оны 05 сарын 22-ны өдөр хийсэн ажлаа тайлагнах үүрэг авсан боловч тухайн цаг хугацаандаа уг ажлыг хийж тайлагнаагүй. Түүнчлэн, 2024 оны 06 сарын 11-ний өдөр улсын байцаагч ******* "хяналт шалгалт" хийх гэж байгаа тухайгаа нэхэмжлэгч *******ад утсаар мэдэгдсэн боловч уг шалгалтад бэлдээгүйгээс шалтгаалан тус байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал дээр "өндөр эрсдэлтэй" үнэлгээ авч, үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон бөгөөд үүнээс учирсан хохирлыг нэхэмжлэгч хариуцах ёстой гэж үзэж 2024 оны 06 сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу ажилтанд мэдэгдэж, зөрчилд нь тохирсон шийдвэр гаргасан.

Иймд ажил олгогчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ийн дотоод хяналт, шалгалтын менежерийн ажлын байранд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 22,561,296 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т нэхэмжлэгч эхлээд компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор маргааныг шийдвэрлэж чадаагүй бол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор маргааныг шийдвэрлэж чадаагүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хуульд заасан. Гэтэл хэргийн материалд нэхэмжлэгч, хөдөлмөрийн маргаан таслах комисс, цаашлаад хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандсан талаарх баримт авагдаагүй, хандаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан.

4.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин 4,705,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, тодорхой болгоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж хариуцагчаас 22,561,296 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан шаардлагыг хангаагүй эмчийн тамга тэмдэггүй, байгууллагын хуулбар үнэн тэмдэглээгүй хуулбар баримтыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр буруу гаргахад нөлөөлсөн төдийгүй хэргийн үйл баримттай, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт он цагийн хувьд таарахгүй байгааг дүгнээгүй. Хариуцагчийн дурдаад буй үйл баримт нь (2024/06/21-2024/06/26-ны өдөр ажил тасалсан, ажил хаяж явсан) хооронд болсон асуудал буюу Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Улсын байцаагч ******* нь 2024 оны 06 сарын 11-ний өдөр төлөвлөгөөт хяналт шалгалт хийх гэж байгаа тухайгаа нэхэмжлэгч *******д мэдэгдсэний дагуу 2024 оны 06 сарын 11-ний өдрөөс 2024 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл тус шалгалт бэлдэх байсан боловч уг шалгалт-д бэлдээгүйгээс шалтгаалан байгууллага хангалтгүй үнэлгээ авч 2024 оны 06 сарын 21-ний өдөр акт тавиулан үйл ажиллагааг зогсоосон.

4.4.  Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэлд сахилгын зөрчил гаргасан. Дээрх шалгалт нь Үйлдвэр дээр 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 11 цагийн орчимд ирэх үед хариуцагч ******* нь оффис дээрээс ажлаа хаяж яван, ажил тасалсан сахилгын зөрчил тус тус гаргасан (2024/06/21-2024/06/26 ажил тасалсан, ажил хаяж явсан) талаар дурдаж энэ хугацааны үйл баримтыг нотолж чадаагүй байхад 2025 оны 07 сарын 01-ний өдрийн эмнэлгийн хуулбар баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулиудыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд хандах эрхтэй гэж заасан бөгөөд заавал хандсан байхыг шаардахгүй. Мөн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдал муу байсан, 2024 оны 06 сарын 24-ний өдрөөс эхэлж эмнэлгийн байгууллагад хандаж эхэлсэн бөгөөд нотлох баримтаа хэрэгт хавсаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2021 оны 05 сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, ******* нь дотоод хяналт, шалгалтын менежерийн ажилд ажиллах, ******* ХХК нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангаж, үндсэн цалин 2,800,000 төгрөгөөр цалинжуулах нөхцөлийг харилцан тохиролцсоноор тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүсчээ.

4. Улмаар, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 26-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/95 дугаар тушаалаар дотоод хяналт, шалгалтын менежер ажилтай *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, хөдөлмөрийн дотоод журмын 13.1.7.4.10, 13.1.7.4.11, 13.2.1.5, хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.7, 7.2.12-т заасныг тус тус баримталж, ...******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш хоног тасалж хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн... үндэслэлийг дурджээ.

5. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 26-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/95 дугаар тушаалд заасан аль нэг үндэслэл нотлогдсон тохиолдолд уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэйд тооцно.

6. Ажилтан ******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд.

6.1. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 сарын 16-ны өдрийн А/10 дугаар тушаалаар ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, судлах бүртгэх, шалтгааныг тогтоох акт дүгнэлт гаргах, тайлагнах үүрэг бүхий орон тооны бус комиссийн даргаар дотоод хяналт, шалгалтын менежер *******ыг, нарийн бичгийн даргаар ХАБЭА-н мэргэжилтэн *******ыг, комиссын гишүүдээр ерөнхий инженер *******, цахилгааны инженер *******, ачилтын ахлах ажилтан ******* нарыг томилж, ажлын байрны эрсдлийн үнэлгээг 2024 оны 05 сарын 17-ны өдрөөс 2024 оны 05 сарын 20-ны өдрүүдэд хийж, 2024 оны 05 сарын 22-ны өдөр тайлагнахыг даалгаж шийдвэрлэжээ.

6.2. Комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь дээрх тушаалын биелэлтийг хангаж, ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж, тайлагнаагүйгээс Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 0666374 дугаар болон 0666386 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-ийг 1,500,000 төгрөг болон 3,000,000 төгрөгөөр торгож, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын ахлах байцаагчийн 2024 оны 06 сарын 21-ний өдрийн 07/27-02/129/09 дугаар актаар зөрчил дутагдлуудыг арилгуулах хүртэл хугацаагаар компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

6.3. Ажилтан ******* нь комиссын даргын хувьд ажлын байрны эрсдэлийн үнэлгээг 2024 оны 05 сарын 22-ны өдөр хийж, тайлагнах байсан боловч ийнхүү хийж, тайлагнаагүй тул энэ өдрийг зөрчил илрүүлсэн өдөр гэж үзнэ.

6.4. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил ...-ийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан бөгөөд ажил олгогч уг хугацааг хэтрүүлсэн байх тул тушаалын холбогдох үндэслэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

7.  Ажилтан ******* хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд.

7.1. Дээрх үндэслэл нь хэт ерөнхий байдлаар тушаалд тусгагдсан буюу ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн чухам ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй болох нь тодорхойгүй байна.

7.2. Иймд хариуцагчийн хожим гаргасан тайлбараар тушаалын уг үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй тул тушаалын холбогдох үндэслэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

8. Ажилтан ******* хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш хоног тасалж ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийн тухайд.

8.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажилтан дараах үндсэн эрхтэй гээд 42.1.4-т ...зохих журмын дагуу хувийн чөлөө авах гэж, 42 дугаар зүйлийн 42.2-т Ажилтан дараах үндсэн үүрэгтэй гээд 42.2.2-т ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах... гэж тус тус заажээ.

8.2. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1.2-т Ажилтан нь чөлөө авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүний нөөцийн ажилтанд урьдчилан мэдэгдэнэ. Хэрэв хүний нөөцийн ажилтанд урьдчилан мэдэгдэж чөлөө аваагүй тохиолдолд ажил тасалсанд тооцож хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, Ажлын цаг ашиглалт, цагийн бүртгэлийн тухай журам-ын 2.1.1-д ...Бүх төрлийн чөлөөг удирдах ажилтнаас зөвшөөрөл авч холбогдох бичиг баримтыг /маягт 2-2/ бөглөсөн байна. Чөлөө авах шалтгаан, нөхцөл байдлаас шалтгаалж нотлох баримт шаардаж болно гэж, Хөдөлмөрийн дотоод журам-ын 12.3.2-т ...Ажилтан чөлөө хүсэхдээ хүний нөөцийн нэгжээс чөлөөний хуудсыг бөглөж, өөрийн шууд удирдах албан тушаалтанд бичгээр хүсэлтээ гарган өөрийн биеэр өгнө... гэж тус тус зохицуулжээ.

8.3. Ажилтан ******* нь 2024 оны 06 сарын 21-ний өдрөөс 26-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь оффисын ажилтнуудын цагийн бүртгэлээр тогтоогдсон.

Хэдийгээр ажилтан ******* нь 2024 оны 06 сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээг авсан болох нь нотлогдож байх боловч өмнө дурдсанаар хөдөлмөрийн гэрээ, Ажлын цаг ашиглалт, цагийн бүртгэлийн журам, Хөдөлмөрийн дотоод журам-д заасны дагуу урьдчилан мэдэгдээгүй, маягт бөглөөгүй, чөлөөний хуудас бөглөөгүй, өөрийн шууд удирдах албан тушаалтанд бичгээр хүсэлт гаргаагүй байх тул түүнийг ажил тасалсанд тооцож, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

Ажилтан ******* нь хүний нөөцийн ажилтны******* цахим хаяг руу 2024 оны 06 сарын 25-ны өдөр Эмнэлгийн цаг авсан. Зураг явуулсан гэж, 2024 оны 06 сарын 26-ны өдөр Миний бие эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа. Баримтаа эмчилгээ дууссаны дараа хүргүүлнэ гэж тус тус бичсэн нь дээр дурдсан хөдөлмөрийн гэрээ, Ажлын цаг ашиглалт, цагийн бүртгэлийн журам, Хөдөлмөрийн дотоод журам-д заасныг баримталсан гэж үзэхээргүй байна.

Ажилтан ******* нь дээрх хугацаанд эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй байх ба түүний цахим шууданд зохих журмын дагуу чөлөө авах агуулга огт дурдагдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

8.4. Иймд ажил олгогч нь ажилтан *******ыг хөдөлмөрийн гэрээний 9.2.10-т Урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын байраа орхиж явсан... гэж, 9.2.22-т Хүндэтгэх шалтгаангүйгээр 3 өдөр дараалан ажил тасалсан... гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцэж байх тул тушаалыг холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.  

9. Дээрх агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж чадаагүй, хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан... гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч ...нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн... гэх, ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тус тус тогтоогдсонгүй. Тодруулбал:

9.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах, эсхүл шүүхэд хандах эсэх нь түүний сонголтын асуудал байх тул ...нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

9.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосны үр дагавар нь урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаад өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох үүрэгтэй тул ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.  

10. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/03019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 270,757 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР