| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2024/03346/И |
| Дугаар | 210/МА2025/01274 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01274
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/04550 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Гуравдагч этгээд: ******* ГХОХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ний өдрийн 02749 дугаартай шийдвэрээр ******* ХХК-аас 6,378,400,979 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. ******* ХХК-ийн эзэмшлийн Налайх дүүргийн ******* хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 120,000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, 456,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн тухай 2024 оны 05 сарын 30-ны өдрийн мэдэгдлийг 2024 оны 06 сарын 05-ны өдөр шуудангаас хүлээн авсан. Манай компанийн эзэмшлийн Налайх дүүргийн ******* хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, 120,000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК нь зах зээлийн үнээс хэт багаар буюу 456,000,000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч байна. Шийдвэр гүйцэтгэгч нь хүчин төгөлдөр бус хуулийг баримтлан шинжээч *******ээс холбогдох мэдээллийг тодруулж, эрх, үүрэг тайлбарласан байх тул хөрөнгийн үнэлгээ тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт буюу 2024 оны 05 сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь холбогдох дүрэм, журам, үнэлгээний олон улсын стандартын дагуу хийгдээгүй бөгөөд ******* ХХК-ийн шинжээч ******* нь хөрөнгийг 456,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, зах зээлийн үнээс хэт багаар үнэлэгдсэн гэж үзэхээр байна. Дээрх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагын аргаар тооцоолол хийхдээ хөрөнгийн байршил, зориулалтын хувьд ижил төстэй газруудтай харьцуулах учиртай. Гэтэл шинжээч нь хөрөнгийн зах зээлийн хандлагаар үнэлэхдээ харьцуулсан хөрөнгийн мэдээлэл нь тодорхой бус, ямар хөрөнгөтэй харьцуулсан нь тодорхойгүй байршлыг буруу дүгнэж тус хөрөнгийг үнэлгээг гаргажээ.
Иймд, шинжээч нь хөрөнгийг үнэлгээг холбогдох журам, аргачлалын дагуу хийгээгүй байх тул Налайх дүүргийн ******* хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 120,000 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 456,000,000 төгрөгөөр үнэлсэн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02749 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 0329 дугаар магадлалаар ******* ХХК-аас 6,378,400,980 төгрөгийг, *******" ХК-аас 1,252,746,961 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ******* ХХК-д шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч ******* ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын ******* дугаартай, Налайх дүүргийн ******* хороо, 120,000 м.кв талбайтай газрыг битүүмжлэн, хураасан. Төлбөр төлөгч хуулийн этгээд болон төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоохоор 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 5/182 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний *******" ХХК-ийн шинжээч ******* томилогдон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон. Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 4-184/13555, 4-184/13556 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 026 дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Шүүх үнэлгээний тайланг хүчингүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-д заасныг буруу тайлбарласан. Үнэлгээний тайлан нь ҮОУС-ын 105-д нийцсэн, хоёр төрлийн арга хэрэглэсэн, тухайн нөхцөлд тохирсон бодит мэдээлэлд тулгуурласан тайлан болсон бөгөөд шүүх түүнийг хүчингүй болгох хангалттай хууль зүйн үндэслэл байхгүй байсан. Үнэлгээний тайланд ҮОУС-ын 105-д заасан аргууд болох зах зээлийн хандлага, оруулалтын өртгийн аргуудыг ашигласан гэж тодорхой тусгасан. Хөрөнгийн үнэлгээг гүйцэтгэхдээ тухайн газрын байршил, дэд бүтцийн нөлөөлөл, физик шинж байдал, ижил төрлийн хөрөнгийн жишиг мэдээллийг харгалзан үзсэн нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тодорхойлогдох болно. Шүүх нэхэмжлэгчийн зах зээлийн хандлагын арга-д тулгуурласан үнэлгээг ганц арга гэж үзэн хүчингүй болгоход анхаарал хандуулсан боловч үнэлгээний тайланд өртгийн хандлагын аргыг давхар ашигласан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2.5, 3.2-т зааснаас илэрхий байна. Тиймээс шүүх тайланг нэг талаас хэт өрөөсгөлөөр дүгнэсэн нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээ нь олон талаас харгалзан гарсан, техникийн тооцоололтой тайлан байсан. Шинжээчийн тайланг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байна.
4.2. Шүүх шинжээчийн мэдүүлэгт үндэслэн тайланд газрын налуу, замын байдал тусгагдаагүй гэж үзсэн боловч үнэлгээний тайланд хөрөнгийн байршлын сул болон давуу талууд, орчны нөхцөл байдлын талаар ерөнхий хэмжээнд дүгнэлт өгсөн байна. Баримт хангалтгүй, эсхүл бүрэн биш байсныг зөвхөн хүчингүй болгох хангалттай үндэслэл болгон тайлбарлаж болохгүй юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6-д заасан төрөл, шинж байдлын тодорхойлолт нь үнэлгээний тайланд багтсан бөгөөд судалсан жишээ хөрөнгүүдийн мэдээлэл бодит байдлаас нэлээд хамааралтай байсан нь тайлангийн хавсралтаар баталгаажиж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6-д заасан шаардлагыг тайлан хангасан ч шүүх эдгээрийг бүрэн үндэслэлтэйгээр шалгаагүй, тайлангийн нийт агуулга, аргачлалыг хэт ерөнхий тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.
4.3. Анхан шатны шүүх үнэлгээний тайланг хүчингүй болгох замаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үндэслэлгүйгээр сааруулж, төлбөр авагчийн эрхийг хязгаарласан. Хөрөнгийн үнэлгээ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зайлшгүй үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд талууд тохиролцож чадахгүй нөхцөлд шинжээч томилох нь хуулиар зөвшөөрөгдсөн арга хэмжээ юм. Тиймээс тайланг хүчингүй болгосноор зөвхөн "*******" ХХК-ийн саналыг харгалзаж, төлбөр авагчийн хууль, ёсны эрх ашгийг үл тоомсорлосон хэрэг нь шүүхийн шийдвэр нь аль хэдийн хүчин төгөлдөр болсон төлбөрийн үүргийг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хууль ёсны шийдвэрийн биелэлтийг хойшлуулах үндэслэлгүй нөхцөл үүсгэсэн нь олон нийтийн итгэлийг алдагдуулах эрсдэлтэй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд эд хөрөнгийн үнэ тодорхойгүй, талууд тохиролцоогүй нөхцөлд гуравдагч этгээд болох шинжээчээр үнэлгээ хийлгэхээр зохицуулсны дагуу шийдвэр гүйцэтгэгч талуудын санал зөрсөн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж, шинжээч томилсон. Тиймээс уг үйлдэл нь хуульд нийцсэн бөгөөд анхан шатны шүүх энэ заалтыг буруу хэрэглэсэн нь үнэлгээг үндэслэлгүйгээр хүчингүй болгоход хүргэсэн гэж үзэж байгаа болно.
Иймд шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, ойлгомжгүй гэх байдлаар дүгнэснийг нэхэмжлэгчээс үндэслэлтэй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ******* ХХК-ийн эзэмшлийн, Налайх дүүрэг, ******* хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаарт байршилтай, 120,000 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газрыг 456,000,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээчин *******ийн гаргасан 2024 оны 05 сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд ******* ХХК нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02749 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 329 дугаар магадлалаар хариуцагч ******* ХХК-аас 6,346,510,478 төгрөг болон 31,890,502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг албан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь 2021 оны 08 сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан эзэмших эрхтэй газрыг 2024 оны 04 сарын 09-ний өдөр битүүмжилж, 2024 оны 05 сарын 07-ны өдөр хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч, эзэмшигч нар үнийг харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 05 сарын 24-ний өдөр шинжээчээр ******* ХХК, *******ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлүүдэд заасантай тус тус нийцжээ.
5. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба *******аас 2024 оны 05 сарын 24-ний өдөр шинжээч *******ээс холбогдох мэдээллийг тодруулж, эрх, үүрэг тайлбарлажээ.
Шүүхийн шинжилгээний тухай хууль (2009 оны)-ийн 9, 16 дугаар зүйлүүдэд заасан агуулга Шүүх шинжилгээний тухай хууль (2022 оны)-ийн 10, 19 дүгээр зүйлүүдэд агуулгаараа тусгагдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан ...шийдвэр гүйцэтгэгч хүчин төгөлдөр бус хуулийг баримтлан шинжээчээс холбогдох мэдээллийг тодруулж, эрх, үүрэг тайлбарласан нь хуульд нийцэхгүй... гэсэн тайлбар нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзлээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
6. Шинжээч ******* нь ******* ХХК-ийн эзэмшлийн, Налайх дүүрэг, ******* хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаарт байршилтай, 120,000 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газрыг 456,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээ хийхэд ашигласан арга, хандлага, олон улсын стандартыг тодорхой тайлбарлажээ.
7. Анхан шатны шүүх ...шинжээч нь үнэлгээг ганцхан зах зээлийн хандлагаар хийсэн, мөн газрын үнэлгээг тогтоохдоо барилга байгууламжийн шинж байдлыг ашигласан нь тодорхой бус, ойлгомжгүй болсон... гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь:
7.1. Үнэлгээний олон улсын стандарт: 105-ын 10.4-т зааснаар үнэлгээчин нь хөрөнгийн үнэ цэнийг тогтоохдоо хэрэв нэг аргын үнэн зөв, найдвартай гэдэгт итгэлтэй байвал нэгээс олон арга хэрэглэх шаардлагагүй юм.
7.2. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2.5-д Барилга байгууламжийн үнэлгээг хийхдээ ҮОУС: 105 Үнэлгээний хандлагууд ба аргууд гэсэн стандартын 10.4-т заасны дагуу тухайн үнэлгээний зах зээлийн хандлагын жиших ажил гүйлгээний аргыг ашигласан... гэж дурдсаны Барилга байгууламжийн... гэсэн нь техникийн алдаа байх ба ийнхүү бичсэн нь хөрөнгийн үнэлгээний тайланг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй.
8. Анхан шатны шүүх ...шинжээч нь үнэлэгдэх газрын байршил буюу засмал замаас алслагдсан зай, газрын налуу, замын нөхцөл байдал зэрэг үзүүлэлтүүдийг тайланд тусгаагүй... гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь:
8.1. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн А.Газрын үнэлгээний тооцоолол гэсэн хэсэгт тусгагдсан хүснэгтийн 13.Тохируулга гэсэн хэсэгт үнэлгээчин нь газрын арилжаалагдсан хугацааны, дэд бүтцийн, байршлын, эрхийн төрлийн, засмал замаас алслагдсан зайн, замын нөхцөлийн, газрын налуугийн, газрын хэмжээний, газрын хэлбэр дүрсийн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тохируулга хийсэн болох нь харагдаж байна.
9. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/04550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч *******т холбогдох, ******* ХХК-ийн эзэмшлийн, Налайх дүүрэг, ******* хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаарт байршилтай, 120,000 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалттай газрыг 456,000,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээчин *******ийн гаргасан 2024 оны 05 сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа гуравдагч этгээд ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.НЯМБАЗАР