Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01275

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03605 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: дансны дугаар тогтоож, орон сууцны эзэмшлийг дуусгавар болгох тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот, 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. ******* нь миний өмчлөлийн орон сууцнаас гарахгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн тул шүүхэд хандсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01902 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дугаар магадлалын үндэслэх хэсгийн 8.6.-д ...маргааны зүйл болох орон сууцыг ******* аман хэлцлийн үндсэн дээр бодитоор шилжүүлж, шударгаар эзэмшиж байх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэж шилжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ******* нь мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар өмчлөгч болно. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч *******ын нэхэмжлэлийг хангах боломжгүй... , мөн 9.в-д ...******* нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6-д зааснаар эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа гаргасан зардал, өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцаан өгөхгүй байх эрхтэй гэж дурдан шийдвэрлэсэн. Уг магадлалд холбогдуулан Дээд шүүхэд гомдол гаргасан боловч хэлэлцүүлэхээс татгалзсан болно. Үүний дараа уг орон сууцыг эзэмших *******ын эзэмшил дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар ...210/МА2022/01594 дугаар магадлалаар шийдвэрлэсэн нөхцөл болох *******аас уг орон сууцыг буцаан өгөх нөхцөл болон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн засан сайжруулалтын зардлын шаардлага хангагдсан гэх баримт байхгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг магадлалд Дээд шүүхэд гомдол гаргахад хэлэлцүүлэхээс татгалзах тухай 001/ШТХ2023/01457 дугаар тогтоол гаргасан. Тиймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2024/02197 дугаар шийдвэрээр орон сууцанд хийсэн *******ын засан сайжруулалтын зардал 13,000,000 төгрөг, засан сайжруулалтын үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөг болохыг тус тус тогтоож, улсын тэмдэгтийн хураамж 114,790 төгрөгийг *******ас гаргуулахаар болсон. Энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон. Үүний дагуу албадан гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр *******ын дансыг тогтоолгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 20,000 төгрөг төлсөн. Харин тус газраас шийдвэрт заагдаагүй ажиллагааг хийх боломжгүй гэх аман тайлбарыг шийдвэр гүйцэтгэгч өгч, *******ын дансыг тогтоож өгөөгүй. Миний бие 2024 оны 10 сарын 02-ны өдөр *******д засан сайжруулалтын үлдэгдэл өртгийг хүлээн авах дансны дугаараа ирүүлнэ үү гэх мэдэгдэл шуудангаар хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Миний бие орон сууцны засан сайжруулалтын үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөгийг шилжүүлэхэд бэлэн байгаа. Гэвч төлбөрийг ******* руу шилжүүлэх банк болон дансны дугаар байхгүй.

Иймд Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот орон сууцанд хийсэн засан сайжруулалтын үлдэгдэл өртгийг ******* руу шилжүүлэх дансны дугаарыг тогтоож, Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар уг орон сууцыг эзэмших *******ын эзэмшлийг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Миний бие нэхэмжлэгч ******* болон түүний дүү *******, ******* нарын хамтран үүсгэн байгуулсан "*******" ХХК-д нярав, менежер, гүйцэтгэх захирлын албан тушаалд 2002-2017 оныг хүртэл ажиллаж байсан. 2002 онд намайг барилгын материалын худалдаа эрхэлж байх үед "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан ******* нь ******* рестораныг хариуцан ажиллах ажлын санал, өгсөн амлалтыг нь хүлээн авснаар тус компанид ажиллаж эхэлсэн. Үүний дараа 2003 онд амлалтынх нь талаар асуухад ******* чи надад хэрэгтэй, цаашид ажиллавал орон сууц, бусад урамшуулал олгоно, жаахан тэсээд хүлээчих гэсэн тул цалин багатай ажиллаж байсан хэдий ч компанийн хувьцаа эзэмшигчдийн өгсөн үүрэг, даалгаврыг сайн биелүүлж ажилласаар ирсэн. Миний бие энэ байгууллагад 15 жил тасралтгүй, амралтгүй, өдөр шөнөгүй ажилласны хүчинд анхны хөрөнгө оруулалтыг нь 2 дахин өсгөж, салбар ресторан байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэмжээнд амжилттай ажиллуулсан. Надад өгнө гэж амласан орон сууцны асуудлаар хувьцаа эзэмшигч *******, ******* нартай уулзаж, нөхцөл байдлаа хэлсний эцэст ******* надад чиний байрыг олгохоор боллоо, хоёр өөр байр байгаа, аль нэгийг нь сонгоод аваарай гэсний дагуу Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот, 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууц (маш хуучны, засвар хийгээгүй)-ыг сонгож, банк болон өөрийн ах дүүсээсээ мөнгө зээлж, бүрэн засвар хийсэн. Энэ байрны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөөгүй. Хэдийгээр ******* ХХК-аас гарсан ч орон сууц авах болзол шаардлагаа хэдийн хангасан. Манай амьдарч байгаа орон сууцны гэрчилгээ хувьцаа эзэмшигч *******ын нэр дээр байдаг, би цаашид компанитай хамтарч ажиллахгүй тул ******* нь иргэний шүүхэд орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01902 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дугаар магадлалаар тус тус эцэслэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, ******* намайг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон, давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Гэтэл ******* намайг шударга эзэмшигч гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. ******* ХХК болон түүний хувьцаа эзэмшигчдийг үүргээ биелүүлж шаардлага хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Маргаж буй орон сууц нь нэхэмжлэлд дурдсан шиг албаны орон сууц биш, Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасны дагуу надад олгосон шагналын буюу ажлын үр дүнг үнэлж өгсөн орон сууц юм.

Иймд энэ маргааныг шүүх шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот орон сууцанд *******ын хийсэн засан сайжруулалтын зардлыг 13,000,000 төгрөг, үүнээс үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөгийг шилжүүлэх банкны дансны дугаарыг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх орон сууцыг эзэмших *******ын эзэмшлийг дуусгавар болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

4.1. ******* нь маргаан бүхий орон сууцанд холбогдох засан сайжруулалтын үлдэгдэл өртгийг *******ын дансанд хийснээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/MA2022/01594 дугаар магадлалд заасан нөхцөл хангагдаж, *******ын эзэмшил дуусгавар болох юм. Гэтэл нөхцөл байдал арилсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. ******* 2017 оноос хойш ******* ХХК-аас орон сууц шаардаж шүүхэд хандсан зүйлгүй бөгөөд шүүх хурал дээр ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. *******д ******* ХХК-аас орон сууц шаардаж шүүхэд хандах бүрэн эрх байсаар байхад хувь хүн миний өмчлөх эрхэнд халдсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.3. ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцанд хариуцагч *******ын хийсэн засан сайжруулалтын өртгийг *******д өгөөд өөрөөс хамаарагдах бүхий л арга хэмжээг авч, шаардлагыг хангасан байхад хувь хүнийг хуулийн этгээдтэй хамаатуулан хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч *******ын шаардлагатай холбоотой маргаан өмнө нь 3 удаа шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримтын хүрээнд маргаж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тайлбараа дэмжиж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 210/МА2022/01594 дугаар магадлалын биелэлт хангагдсан гэх зүйлийг тайлбарласан. Тухайн хуралд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* гуравдагч этгээд ******* ХХК нар оролцсон. ******* ХХК-ийг *******, *******, ******* гэх ах дүү гурван хүний компани бөгөөд рестораны үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед 2 салбартай байсан. *******ын зүгээс тухайн компанийн гүйцэтгэх захирлаар үр дүнтэй ажиллаж, компаниас олгосон шагналын болзлыг хангасан гэх маргаан байсан. Анхан шатны шүүх хариуцагчийн хувьд засан сайжруулалтын шаардлага яригдах ёстой. *******" ХХК хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу шагналын байраа өгөөгүй. ******* ХХК-ийн үүрэгт хувьцаа эзэмшигч *******ын байрыг өгч үүргийг хангуулахаар хариуцагчийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн буруу гэж үзэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын агуулгыг хариуцагчийн хариу тайлбарт дэлгэрэнгүй тайлбарласан учраас дахин тайлбарлах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, *******ын хувьд шударга эзэмшигч гэж тогтоогдсон. ******* ХХК болон ******* нар үүргээ биелүүлж хангуулснаар тухайн байрны эзэмшлийг дуусгавар болгохоор шаардлага гаргах эрхтэй. Тэр болтол хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, өөрийн эзэмшилдээ байлгах бүрэн эрхтэй гэх агуулгаар дүгнэлтүүд хийгдсэн. Нэхэмжлэгчийн хувьд ******* ХХК үүргээ биелүүлсэн эсэх асуудал нь иргэн ******* надад хамааралгүй тул компаниас нэхэмжил гэх агуулга бүхий тайлбарыг хэлдэг. ******* ах дүү гурвын том нь бөгөөд тухайн компанийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан байдаг. Бодит байдалд компанийн үйл ажиллагааг өөрөө эрхлэн хариуцаж компанийг удирддаг бөгөөд ******* ХХК-ийн үүргийг хангуулахгүй, хэрэгжүүлэхгүйгээр *******ын шаардлагыг биелүүлэхгүйгээр зөвхөн засан сайжруулалтын үүрэг шаардлагын хүрээнд би хийх юмаа хийсэн, компанийн асуудал тусдаа гэх шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан дансны дугаар тогтоож, орон сууцны эзэмшлийг дуусгавар болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тус маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, уг орон сууцыг ******* ХХК-аас сайн ажилласан гэж шагнаж өгсөн, өмнө нь шүүх намайг шударга эзэмшигч болохыг тогтоож, өөрийн шаардлагыг хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй гэж дүгнэсэн... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот, 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* нь 2010 оны 08 сарын 06-ны өдрөөс улсын бүртгэлд бүртгэгджээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж тооцно.

4. Өмнө нь шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл-тэй иргэний хэрэг, орон сууцыг эзэмших хариуцагчийн эзэмшил дуусгавар болсон болохыг тогтоолгох нэхэмжлэл-тэй иргэний хэрэг, орон сууцанд хариуцагчийн хийсэн засан сайжруулалтын зардал 13,000,000 төгрөг, үлдэх өртөг 6,240,000 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус доорх байдлаар хянан шийдвэрлэсэн байх ба эдгээр шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дугаар магадлалаар хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/02405 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 210/МА2023/01849 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот орон сууцыг эзэмших *******ын эзэмшил дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02197 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот орон сууцанд хариуцагч *******ын хийсэн засан сайжруулалтын зардал 13,000,000 төгрөг, үлдэх өртөг 6,240,000 төгрөг болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

5. Анхан шатны шүүх дээр дурдсан шийдвэр, магадлалын дүгнэлтийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

6. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 4.1, 4.2., 4.3-т дурдагдсан шийдвэр, магадлалаар:

6.1. ******* нь *******ын өмнө үүрэг хүлээхгүй;

6.2. Үүргийг ******* ХХК хариуцна;

6.3. *******ыг нь орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй;

6.4. ******* нь орон сууцыг засан сайжруулахад гаргасан зардлаа гаргуулах хүртэл орон сууцыг буцаан өгөхгүй байх эрхтэй;

6.5. *******ын орон сууцанд хийсэн засан сайжруулалтын үлдэх өртөг 6,240,000 төгрөг;

6.6. ******* нь орон сууцыг буцаан эзэмшилдээ авах эрхтэй;

6.7. ******* нь орон сууцанд хийсэн засан сайжруулалтын зардлыг *******д буцааж өгөөгүй байгаа учир уг зардал, шаардлага хангагдах хүртэл *******ын эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй гэж тус тус дүгнэжээ.

7. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор ******* нь орон сууцаа (*******ын өмчлөлийн орон сууц биш) ******* ХХК-аас, засан сайжруулалтын зардлаа *******аас тус тус шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.

Энэхүү магадлалын хянавал хэсгийн 4.1, 4.2., 4.3-т дурдагдсан шийдвэр, магадлал нь шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр *******ын өмчлөлийн орон сууцыг байнга эзэмших эрхийг *******д олгохгүй.

Тодруулбал, ******* нь гагцхүү засан сайжруулалтын зардлагы *******аас авах хүртэлх хугацаанд орон сууцыг эзэмших эрхтэй боловч тэрээр шүүхийн журмаар нэхэмжлэээгүй, ийнхүү нэхэмжлэл гаргах нь тодорхойгүй байх тул мөнгийг олгож, эзэмшлийг дуусгавар болгох нь зүйтэй.

8. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж заасан тул зохигчийн хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх үүднээс нэхэмжлэгч *******аас 6,240,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот, 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******т буцаан өгөхийг хариуцагч *******д даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна. 

9. Иймд ...******* нь 2017 оноос хойш ******* ХХК-аас орон сууц шаардаж шүүхэд хандсан зүйлгүй атлаа орон сууцыг эзэмшилдээ байлгаж өмчлөгч ******* миний өмчлөх эрхэнд халдаж байна... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

10. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03605 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас 6,240,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот, 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******т буцаан өгөхийг хариуцагч *******д даалгасугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.2... гэснийг ...56.1... гэж, ...хариуцагчаас 70,200... гэснийг ...хариуцагчаас 140,400... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР