Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01276

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04441 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүйдлийн тэтгэмж 3,158,940 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие ******* ХХК-ийн Орхон салбарт 2011 онд ажилд орж, 2024 он хүртэл тасралтгүй 13 жил ажилласан. 2024 оны 06 сарын 15-ны өдрөөс 07 сарын 15-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан. Үүний дараа 2024 оны 07 сард чөлөө авч, 08 сарын 03-ны өдрөөс ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж, 08 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжээ авах гээд нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч компанийн зүгээс 2024 оны 07 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, тасалдсан учир ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Нийгмийн даатгалын байгууллагаас залруулга хийж болно гэсний дагуу компанийн нягтлан бодогч нарт хэлсэн боловч залруулга хийж өгөөгүй. Ингээд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй хохирсон. Орхон аймгийн Нийгмийн даатгалын байцаагч миний ажилгүйдлийн тэтгэмжийг 3,158,940 төгрөг гэж бодож өгсөн.

Иймд, ажилгүйдлийн тэтгэмж 3,158,940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь ээлжийн амралт авах хүсэлт гаргасны дагуу 2024 оны 06 сарын 10-ны өдөр 26 хоногоор тооцож олгосон. Бидний зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд алдаа дутагдал гаргаагүй. 2024 оны 07 сарын шимтгэлийг 08 сарын 05-ны өдөр, 08 сарын цалингийн бичилтийг дараа сарын 05-ны өдөр бичиж байгаа. Нэхэмжлэгчийн бичилтийн хувьд 06 сард ээлжийн амралтын мөнгийг нь олгосон. Нэхэмжлэгч өөрөө ээлжийн амралт авахдаа 07 сарын 15-ны өдрөөс хойш ажиллахгүй гэдгээ хэлсэн бол 07 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүйг тайлбарлах байсан. ******* нь 07 сард ажил эрхлээгүй. Ээлжийн амралт гэж байгаа ч ээлжийн амралтын мөнгийг авсан учраас манайх бичилт хийх боломжгүй. ******* нь 2024 оны 12 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ажил хайгчаар бүртгэл сэргээлгэсэн. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж буй Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, хяналтын байцаагч ******* гэх хүний өргөдөл шалгаж шийдвэрлэсэн тухай гэх баримт нотлох баримтаар авагдсан. Багцаагаар гаргасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3,158,940 төгрөг гарч ирсэн. Нэхэмжлэгч талтай шаардлагын 50 хувиар тохирох боломжтой боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй.

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас ажилгүйдлийн тэтгэмж 2,612,397 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 546,543 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 56,748 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-д нийт 152 cap 29 хоног ажилласан гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй.

4.2. Орхон аймгийн *******аас ******* ХХК нь *******ын 2024 оны 07 сарын нийгмийн даатгалыг төлөөгүй учраас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзээгүй байтал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т ...******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө 2024 оны 07 сарын төлөлтийг орхигдуулснаас энэхүү зохицуулалтын дагуу эрх үүсээгүй үндэслэлээр Орхон аймгийн *******аас нэхэмжлэгчид зөвлөгөө өгч буцаасан байна..." гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2, 116.3-т заасныг ноцтой зөрчсөн, шүүх нотлох баримтын хүрээнд бус өөрийн ойлголтоор дүгнэсэн байна.

4.3. Орхон аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 05 сарын 09-ний өдрийн 01/270 дугаартай албан бичигт ******* нь ...2024 оны 12 сарын 05-ны өдөр өөрийн биеэр Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирж ажил хайгчаар бүртгэлээ сэргээсэн..., ...Даатгуулагч энэ хуулийн 14.1.3-т заасан хугацаанаас хойш ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт, ажил идэвхтэй хайж байгаа тухай хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагын тодорхойлолт болон холбогдох баримт бичгийн хамт нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгсөн бол уг хугацаанаас хоцроосон ажлын өдрийг энэ хуулийн 11.1-д заасан өдрөөс хасаж тооцон ажилгүйдлийн тэтгэмж олгоно гэж заасны дагуу иргэн өөрөө бичиг баримтыг бүрдүүлэн Нийгмийн даатгалын газарт ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийг хүргүүлэх шаардлагатай байдаг..." гэснийг шүүхээс үнэлээгүй. 2024 оны 09 сарын 25-ны өдөр *******ын ******* байцаагчаас зөвлөгөө, мэдээлэл авсныг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1.3-т заасан хугацаанд өргөдөл гаргасан гэж дүгнэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2, 116.3-т заасныг ноцтой зөрчсөн.

4.4. ******* ХХК-аас даатгуулагч *******ын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлж байсан нь *******ын нийгмийн даатгалын тодорхойлолтоор нотлогдож байгаа.

4.5. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/199 дугаар тушаалын хавсралт Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 2.2.2-т заасны дагуу даатгуулагч *******ын ээлжийн амралтын бичилтийг 06 сард ногдох орлого болохыг тодорхойлж тайланд тусган тайлагнасан ба манай зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу нөхөн төлөх нөхцөл байдал үүсээгүй тул арга хэмжээ аваагүй болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: ******* ХХК нь миний 2024 оны 07 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учраас маргаан үүссэн гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 3,158,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажил олгогч нь 2024 оны 07 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, баталгаажилт хийгээгүйгээс миний бие ажилгүйдлийн тэтгэмж авч чадалгүй хохирсон... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК хуульд заасан буюу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүргээ биелүүлээгүй-тэй холбоотой өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн байна.

4. Энэ тохиолдолд анхан шатны шүүх тус хэрэг маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх байжээ.

5. Иймд дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй.

6. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/04441 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 56,749 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР