Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1454

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

   2019       09          18                                  2019/ШЦТ/1454  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Гантулгабат,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хамба овогт Алтанцэцэгийн А.Гд холбогдох эрүүгийн 1806 08702 1904 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Тэмүүжингийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                            

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08702 1904 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Ж.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны  шөнө 01 цаг орчим Баянзүрх дүүргийн 5 хороо “Их засаг” их  сургуулийн оюутны байранд найз Бандихүүтэй уулзаж нэрийг нь мэдэхгүй хаана байдгийг нь мэдэхгүй  караокед орж 6 шил “Сэнгүр” нэртэй шар айраг уусан. Тэндээс 02 цаг өнгөрч байхад гараад найз Нарангоо руу “Бандихүү бид 2 явж байна, танайд очно” гэж мессеж бичихэд Нарангоо “би гэртэй байхгүй байна, жоохон байж байгаад очно” гэхээр нь гэрт нь очоод цонхыг нь цохиход хажуу айлаас нь ах, эгч 2 гарч ирээд “наад айлд чинь хүн байхгүй” гэхээр нь би хашаанаас нь гараад Нарангоо руу утсаар залгаад яриад зогсож байтал нэг залуу гарч ирээд манай найз Бандихүүг газар унагаагаад өшиглөж байхаар нь би очоод болиулах гэтэл намайг бас нүүр рүү гараараа цохиод доош нь дараад нүүр рүү өшиглөсөн. Тэгэнгүүт миний шүд уначихлаа гээд хэлтэл нөгөө залуу гэр рүүгээ орсон гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Гэрч Б.Цэцэгээгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим үл таних 2 эрэгтэй манай хашааг давж орж ирээд манай гэрийн хаалга болон хажуу айлын гэрийн хаалгыг 2 цаг орчим нүдээд байхаар нь би гараад “юун хүмүүс вэ, яагаад хаалга нүдээд байгаа юм” гэж асуутал “бид нарыг Нарангоо явуулсан юм бид энд хонох гэж ирсэн” гэж хэлээд цонхоор орох гээд байхаар нь би оруулахгүй гэж хэлтэл миний урдаас түлхсэн. Манай хүргэн А.Г гарч ирээд тэднийг хашаанаас гаргах гээд нэг залууг нь чиртэл хохирогч гээд байгаа залуу манай хүргэнийг нуруун тус газар нь цохихоор нь манай хүргэн нүүрэн тус газар нь цохих шиг болсон тэгхээр нь би тэднийг зодолдох юм байна гэж айгаад хүргэн хүүгээ гэртээ оруулаад хаалга түгжээд цагдаа дуудсан. Тэгтэл нөгөө залуучууд манай гэрт орж ирэх гээд тотгоор гараа оруулаад хүргэнийг зодох гээд дуудаад байсан. Тэгж байтал 1 цаг орчмын дараа цагдаа нар иртэл тэд цагдаад өөрийгөө зодуулсанд гомдолтой байна гэж хэлээд цагдаа нар манай хүргэнийг аваад явсан. Энэ хооронд би хажуу айлын Нарангоог дуудсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Гэрч Б.Нарангоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

Тэмүүжин бид хоёр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр дунд сургуульд нэг ангид суралцаж байгаад 2016 онд төгссөн дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Тэмүүжин  нь урьд өмнө манай гэрээр орж , гараад гэрт хонож байсан учраас 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө надруу 01 цагийн орчим залгаад уулзая гэхээр нь би уулзаж чадахгүй хороололд байна гэж хэлсэн. Тэгсэн шөнө 03:30 цагаас надруу залгаад, мессеж бичээд намайг хаана байгаа юм, Тэмүүжин байна уулзая гээд байхаар нь би утсаа аваагүй. Тэгсэн Бандихүү бид хоёр танайд очоод хоноё гээд байхаар нь би зөвшөөрөөгүй. Тэгтэл намайг байхгүйд манай гэрт хонох гээд ирсэн байсан. 04:20 цагийн орчим манай эгч Цэцэгээ надруу залгаад танай найзууд гэх үл таних 2 согтуу залуу ирчихээд танай гэрт орж хононо гээд агсан тавиад байна гээд айсан байдалтай залгахаар нь би хорооллоос гараад гэртээ иртэл Цэцэгээ эгч айсан, гэрийн хаалга нь дотроос нь цоожилсон А.Г ах Ж.Тэмүүжингийн нүүрэн тус газар нь цохисон гээд маргалдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13003 дугаартай:

Ж.Тэмүүжингийн биед 2 нүдний зовхинд цус хуралт, дээд эрүүний үүдэн баруун 1 шүд хугарсан, зүүн гарын сарвуунд шалбаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/,

 

Шүүгдэгч А.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03-04 цагийн орчим үл таних 2 эрэгтэй манай хашааг давж орж ирээд манай гэрийн хаалга болон дүү Нарангоогын гэрийн хаалгыг 1 цаг орчим нүдээд байхаар нь манай хадам ээж Цэцэгээ наад айлд чинь хүн байхгүй бүгд хөдөө явсан гэж хэлсэн чинь тэд цонхоор нь орох гээд толгойгоо оруулж оролдсон. Тэгэхээр нь миний хадам ээж Цэцэгээ тэднийг боль айлын цонхоор орох гэлээ гэж хэлээд очтол тэр залуус хадам ээжийг түлхэхээр нь би гэрээс гарч очоод хохирогч гэх залуутай хамт явсан залууг хашаанаас гар гэж хөөгөөд чиртэл хохирогч гэх залуу миний нуруун тус газар цохихоор нь би тэр залуугийн нүүрэн тус газар гараараа нэг л удаа цохисон. Тэр залуу хойш ухарсан чинь хадам ээж намайг гэртээ оруулаад бид гэрийн хаалгаа дотроос нь цоожлоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд тэр залуус намайг зодох гээд гэрийн тотгоор гараа оруулаад намайг гараад ир гэж дуудаад байсан. Цагдаа иртэл намайг өөрийг нь зодсон гэж хэлээд бид цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 11 тал/,

-А.Г иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39, 40, 42 тал/,

-шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 47-48 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.Ггийн иргэн Ж.Тэмүүжингийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хамба овогт Алтанцэцэгийн А.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ