| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 127/2024/0013/з |
| Дугаар | 001/ХТ2025/0096 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2025/0096
С.Ш-гийн нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн нийгмийн даатгалын газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 127/ШШ2025/0007 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2025/0453 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0421 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч С.Ш-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- (цахимаар) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82* дугаартай өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль (2023 он)-ийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоон бодож, шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 30,529,994 төгрөгийг нөхөн олгохыг тус тус даалгах тухай;
2.Хэргийн нөхцөл байдал: С.Ш- нь нийтдээ 30 жил 07 сар улсад ажиллаад 2013 онд өндөр насны тэтгэвэр анх тогтоолгосон. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж нийт 799,560 төгрөгийн тэтгэвэр олгож эхэлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс “ ... Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан томьёог буруу ашиглан, тэтгэврийг дутуу буюу буруу бодож гаргасан” гэж маргажээ.
4.Анхан шатны шүүх: “ ... 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийг 799,560 төгрөгөөр бодож олгосон нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994 он)-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Засгийн газрын 2023 оны 238, 239 дүгээр тогтоолд нийцсэн байх тул Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82* дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулах шаардлага, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй, түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулах, өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн бодохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-нээс 2025 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл хугацааны тэтгэврийн зөрүү 30,529,994 төгрөг нөхөн олгуулахыг даалгах шаардлагыг хангах боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “ ... шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж” шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгч С.Ш- гомдолдоо:
6.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор тооцсон 726,873 төгрөгийг уг 238 дугаар тогтоолын хавсралтад заасан 2013 оны буюу иргэн С.Ш- намайг тэтгэвэрт гарах үеийн итгэлцүүр болох 1.83-аар үржүүлж тэтгэврийн хэмжээг тооцоогүй болно. Уг 726,873 төгрөгийг 1.83-аар үржүүлбэл (726,873*1.83) 1,330,177.59 төгрөг болно. Уг үнийн дүн дээр Засгийн газрын нэмэгдэл болох 133,017 төгрөгийг нэмээд нийт 1,463,194 төгрөгөөр миний тэтгэврийг тогтоох ёстой байсан.
6.2.Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу хэргийн бодит байдал нь нийцээгүй дүгнэлтийг мөн дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан үүргээ биелүүлээгүй.
6.3.Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолд заасан итгэлцүүрийг орхигдуулан шийдвэрлэж, уг шийдвэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлж миний эрх зүйн байдлыг дордуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.
6.4.Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0421 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.Нэхэмжлэгч С.Ш-гээс Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоосон тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, хуульд заасны дагуу дахин тогтоох, тэтгэврийн зөрүү 30,529,994 төгрөг гаргуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж, шаардлагын гол үндэслэлээ “Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолд дурдсанаар тэтгэврийн хэмжээг тогтоохдоо сарын дундаж цалинг 1,194,045 төгрөгөөр зөв тооцсон боловч Тцб=Ц*(45%+(Ш241+*0.125%)) томьёогоор бодохдоо дутуу буюу буруу бодсон, ... 20 жил дээр илүү ажилласан 10 жил 07 сараа нэмээд нийт 368 сарыг 0,145 хувиар үржүүлж тэтгэврийг 61 биш 91 хувиар бодох ёстой” гэж маргажээ.
11.Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн *** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, С-ын Ш- 60 нас хүрснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаж анх 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг 28 жил, 09 сар, 04 өдрөөр, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 30 жил 07 сар 06 өдрөөр тооцуулж өндөр насны тэтгэврээ тогтоолгосон.
12.Анхны сонгосон 5 жилээ өөрчлөн тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр өндөр насны тэтгэврийг 1993-1997 оны хоорондох 5 жилд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс нь тооцож гаргасан хөдөлмөрийн хөлснөөс бодож тодорхойлон, өөрчлөн тогтоохыг даалгаснаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу тэтгэврийн хэмжээгээ өөрчлөн дахин тогтоолгожээ.
13.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо шаардлагын үндэслэлээ өөрчилж “Засгийн газрын тогтоолын дагуу итгэлцүүрийг 1,83-аар үржүүлж тооцоогүй, 726,873 төгрөгийг 1,83-аар үржүүлбэл (726,873*1.83) 1,330,177.59 болох байтал багаар тооцсон” гэсэн боловч хяналтын шатны шүүх хуралдааны явцад тухайн үндэслэлээ дэмжээгүй болно.
Хууль хэрэглээний тухайд:
14.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолоор тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоож, иргэдийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, шинэчлэн тогтоохыг даалгасныг үндэслэн Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газраас тэтгэвэр авагч С.Ш-гийн тэтгэврийг шинэчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1. (Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, ...-ын 45 хувиар тогтооно.), 2. “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1,5 хувиар, сар тутамд 0,125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасны дагуу шимтгэл төлсөн 20 жилээс түүний сонгосон 1993.01.01-1997.12.31-ний өдрийн хоорондох хугацаагаар дундаж цалинг тооцож 1,194,045 төгрөгөөр, 20 жилээс илүү буюу 10 жил 07 сард харгалзах хэмжээг 10жил*1,5%=15%, 07сар*0,125%=0,875%, нийт 45%+15%+0,875%=60,875% буюу 61% буюу 726,873 төгрөг, үүн дээр Засгийн газрын нэмэгдлийн дүнг нэмж тэтгэврийн хэмжээг 799,560 төгрөгөөр тогтоосон байна.
15.Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Өндөр насны бүрэн тэтгэврийн сарын хэмжээг бодоход Тцб=Ц*(45%+(Ш241+*0.125%)) томьёог хэрэглэхээр, Тцб-цалинд үндэслэсэн аргаар тооцсон бүрэн тэтгэврийн сарын хэмжээ,
Ц- энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого,
Ш241+ 241 ба түүнээс дээш шимтгэл төлсөн сарын тоог тооцохоор хуульчилжээ.
16.Дээрх томьёоны дагуу нэхэмжлэгч С.Ш-гийн тэтгэврийг тооцоход түүний Ц буюу сарын дундаж цалин хөлс 1,194,045 төгрөг,
Ш241+ буюу 241 ба түүнээс дээш шимтгэл төлсөн сар 127 буюу 10 жил 07 сар байгааг хуульд заасан дээрх томьёонд оруулахад 1,194,045*(45%+(127*0.125%))=726,873/Тцб/ төгрөг байгаа нь өмнөх хуулийн дагуу тогтоосон тэтгэврийн дүнтэй тохирч байна.
17.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994 он)-ийн 4 дүгээр зүйлийн 1-д өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн зохих насанд хүрсэн хүнд үүсэхээр, 5 дугаар зүйлийн 1-д тэтгэврийн хэмжээг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоохоор, 5 дугаар зүйлийн 2-т 20 жилээс илүү төлсөн бол тэрхүү хугацаанд нь тодорхой хувиар тооцож нэмэгдэл олгохоор, 22 дугаар зүйлийн 1-д шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд (7) төлсөн шимтгэлээс тооцож хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг бодож тодорхойлохоор тус тус хуульчилсан, өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил төлсөн этгээд тухайн 20 жилийн доторх өөрийн сонгосон дараалсан 5 жилийн шимтгэлээс тооцуулж сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцуулан гаргаж, түүнийхээ 45 хувиар тэтгэврийн хэмжээг тогтоолгохоор, шимтгэлийг 20 жилээс илүү хугацаагаар төлсөн бол тэрхүү илүү төлсөн хугацаандаа тодорхой хувиар нэмэгдүүлж тооцуулан тогтоохоор хуульчилсан нь Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд хэвээр хадгалагдан үлджээ.
18.Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёогоор бодсон ч С.Ш-гийн тэтгэврийн хэмжээ нэмэгдэхгүй, өөрөөр хэлбэл уг заалтын Ш241 буюу 241 ба түүнээс дээш шимтгэл төлсөн сарыг тооцон гаргахад С.Ш-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 20 жил буюу 240 сар дээр нэмэгдэл тооцох 10 жил 7 сарыг (240+127=367 сар) нэмж түүний нийт шимтгэл төлсөн хугацааг тооцох хууль зүйн боломжгүй, энэ талаарх хяналтын журмаар гаргасан түүний гомдол үндэслэлгүй байна.
19.Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994 он)-ийн зүйл, заалтыг буруу бичсэн, маргаанд хамааралгүй хуулийн заалтыг баримталснаас гадна хамааралтайг баримтлаагүй, давж заалдах шатны шүүхээс тухайн алдааг залруулаагүй тул шийдвэр, магадлалд хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 127/ШШ2025/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2025/0453 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994 он)-ийн 5 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “...аймгийн Нийгмийн даатгалын газрын 82* дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг, мөн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-нээс 2025 оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 30,529,994 төгрөг нөхөн олгуулахыг тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч С.Ш-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч С.Ш-гээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
Д.БАТБААТАР