Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 13

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн Хайрхан гэх газарт оршин суугч иргэн Боржигон овогт Жамбалын Цэндсүрэн /регистрийн дугаар:ЙЗ45070110/-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

“Жамбал овогтой Цэндсүрэнд иргэний үнэмлэх олгохдоо 1943 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрснийг 1945 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн гэж андуурагдан бүртгэсэн байгааг залруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ариунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Цэндсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Цэндсүрэн миний бие нь 1943 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Жунайн Жамбалын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн. Гэвч иргэний үнэмлэх авахад 1945 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн гэж тухайн үеийн иргэний үнэмлэх бичилт хийж олгож байсан хүмүүсийн хариуцлагагүйн улмаас миний иргэний үнэмлэхийн төрсөн оныг буруу бичиж намайг хохироож байгаа... Би 1943 оны хонь жил төрсөн гэдэг нь үнэн. Тийм учраас Улаанбаатар хотод байдаг Улсын Төв Архиваас лавлагаа олж ирээд тэтгэвэрт орсон. Гэтэл Нийгмийн даатгалын ажилтан цахим үнэмлэх дээрх төрсөн он зөрчилтэй байна. “Таныг 1945 онд төрсөн” гэх бүртгэлээ шүүхээр залруулж ирэхгүй бол танд тэтгэвэр олгох боломжгүй болоод байна гэсний дагуу би тус шүүхэд хандсан. Би анх тэтгэвэр тогтоолгохдоо 1943 онд төрсөн лавлагааг Үндэсний төв архиваас гаргуулж ирсний үндсэн дээр 1943 онд төрсөн насаараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон юм. Гэтэл миний иргэний үнэмлэх дээр 1945 онд төрснөөр бүртгэсний улмаас би одоо тэтгэврээ авч чадахгүй, миний тэтгэврийг зогсоочихсон байгаа. Тиймээс миний төрсөн оныг 1945 он гэж улсын бүртгэлд буруу бичсэнийг залруулж 1943 он болгон зөвтгөхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ариунбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цэндсүрэн нь 1945-07-01-нд төрсөн мэдээлэлтэй улаан паспортыг 1980 онд, 1945.07.01-ээр регистрийн дугаар олгогдсон мэдээлэл бүхий ХААТР-1 маягтыг 1987 онд, йз45070110 гэсэн регистрээр олгогдсон иргэний үнэмлэхийг 2002 онд тус тус авсан байсан. Улмаар 2010 онд иргэний биеийн давхцахгүй өгөгдөл буюу шинэчилсэн бүртгэлд дээрх он, сар, өдөр, регистрийн дугаараар хамрагдсан байна. Иймд манай иргэний баримтын архивт 1957 оноос өмнө төрсөн иргэдийн төрөлтийн бүртгэл байхгүй тул төрөлтийн мэдээллийг гаргах боломжгүй болно. ... 1987-1989 онуудад хүн амыг регистржүүлсэн. ... 2002 онд цэнхэр иргэний үнэмлэх олгож эхэлсэн. ...Иргэний бүртгэлийн мэдээллийн санд энэ ЙЗ45070110 регистрийн дугаартай ямар ч зөрчилгүй мэдээллийн санд хадгалагдаж байдаг. Мөн цаасан хэлбэрээр архивт ямар ч зөрчилгүй хадгалагдаж байгаа.  Харамсалтай нь Монгол Улс 1950 оны дунд үеэс эхлэн хүнээ бүртгэж эхэлсэн. 1955 оноос өмнөх хүмүүсийн төрөлттэй холбоотой мэдээлэл мэдээллийн санд байхгүй. Өвөрхангай аймгийн хэмжээнд 1957 оноос хойшхи хүмүүсийн төрөлтийн мэдээлэл хадгалагдаж байгаа. Мэдээллийн санд 1940-өөд онд төрсөн хүмүүсийн төрөлтийн мэдээлэл байхгүй учраас төрөлтийн лавлагааг гаргах боломжгүй. Цэндсүрэн гуай Улаанбаатар хотны Үндэсний архиваас хүн амын тооллогын лавлагаа авчирсан гэж байна. Манай байгууллага архивт хадгалагдаж байгаа материалыг эх сурвалж болгож бүртгэлээ хийдэг. Тийм учраас зөрчил үүсээд байгаа” гэв.

Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанаар гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан “Жамбал овогтой Цэндсүрэн надад иргэний үнэмлэх олгохдоо 1943 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрснийг 1945 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн гэж андууран бүртгэсэн байгааг залруулан бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-3.1.6-д зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв, бодитой бөгөөд нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх бөгөөд энэ нь иргэний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчимтай.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Нэхэмжлэгч Жадамбын Цэндсүрэн нь Монгол улс нийт хүн амаа

Нэг. 1944 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар тоолоход Өвөрхангай аймгийн Зүйл /хуучин нэрээр/ сумын 5 дугаар багийн хүн амын тооллогын бүртгэлд “...өрхийн тэргүүн Жунайн Жамбал эрэгтэй, 31 настай, эхнэр Юмжав 31 настай, охин Мягмар 3 настай, охин Цэндсүрэн 1 настай...”[1] гэж,

Хоёр. 1956 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар тоолоход Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 5 дугаар багийн хүн амын тооллогын бүртгэлд “...өрхийн тэргүүн Жунайн Жамбал эрэгтэй, 44 настай, эхнэр Цэмбэлийн Юмжав 43 настай, хүү Жамбалын Мягмар 13 настай, хүү Жамбалын Цэндсүрэн 11 настай...”[2] гэж,  

Гурав. 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар тоолоход Өвөрхангай аймгийн Зүйл /хуучин нэрээр/ сумын хүн амын тооллогын бүртгэлд “...өрхийн тэргүүн Жамбалын Цэндсүрэн эрэгтэй, 43 настай, эхнэр Сахъяажавын Усанхүү 38 настай...”[3] гэж тус тус бүртгэгдсэн байна.

Дээрх лавлагаануудад тусгагдсан мэдээллээс харахад одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум нь “Есөнзүйл” болон “Зүйл” хэмээх нэрээр өөрчлөгдөн нэрлэгдэж байсан байх ба тус сумын хүн амын 1944 болон 1956 онуудын тооллогын бүртгэлд бүртгэгдсэн “Жунайн Жамбал”, “Цэмбэлийн Юмжав” гэх иргэд нь нэхэмжлэгч Цэндсүрэнгийн эцэг болон эх, 1989 оны хүн амын тооллогын бүртгэлд бүртгэгдсэн “Сахъяажавын Усанхүү” гэх иргэн нь нэхэмжлэгч Ж.Цэндсүрэнгийн эхнэр тус тус болох нь хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “БНМАУ-ын хүн амын регистрийн 049 дугаарын карт”-ын “эцэг, эх, эхнэр /нөхөр/, 16 хүртэлх насны хүүхэд” гэх хэсэгт “эцэг Жунай Жамбал, эх Цэмбэл Юмжав, эхнэр Сахъяажав Усанхүү” хэмээн бүртгэсэн бүртгэл болон Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж буй Зүйл /хуучин нэрээр/ сумын “1944 оны хүн, малын тооллого”-ын бүртгэлд “Жунай Жамбал, эхнэр Юмжав, хүү Мягмар, хүү Цэндсүрэн” гэж бүртгэсэнтэй Үндэсний төв архивын лавлагаануудад тусгагдсан нэрсүүд давхцаж байгаагаар нотлогдож байна. Тодруулбал: Нэхэмжлэгч Жамбалын Цэндсүрэн нь Үндэсний төв архивын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03-2/1008-1010 дугаар лавлагаануудад тэмдэглэгдсэн “Жамбалын Цэндсүрэн” мөн болох нь түүний нэг ам бүлд бүртгэгдсэн өрхийн тэргүүн Жунайн Жамбал, түүний эхнэр Цэмбэлийн Юмжав, Жамбалын Цэндсүрэнгийн эхнэр Сахъяажавын Усанхүү хэмээх иргэдийн овог, нэр нь давхцаж /ижил/ байгаагаар нотлогдож байна.

Мөн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлд Ж.Цэндсүрэнг “охин” хэмээн бүртгэсэн байгаа ч 1956 болон 1989 оны хүн амын тооллогын бүртгэл болон Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж буй Зүйл /хуучин нэрээр/ сумын “1944 оны хүн, малын тооллого”-ын бүртгэлд “хүү” болон “өрхийн тэргүүн” хэмээн бүртгэсэн[4], гэрч Ц.Лхамсүрэнгийн “...Жамбал, Юмжав нар нь ...угаасаа 2 хүүтэй айл байсан. Охин хүүхэд байхгүй...” гэх мэдүүлэг[5] зэргээр нэхэмжлэгч Жамбалын Цэндсүрэнг 1944 оны хүн амын тооллогын бүртгэлд “охин” гэж бүртгэсэн бүртгэл нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн Ж.Цэндсүрэнг 1944 оны хүн амын тооллогын бүртгэлд “1 настай” гэж бүртгэсэн боловч 1956 оны 02 дугаар сард явуулсан хүн амын тооллогын бүртгэлд “11 настай” гэж, 1989 оны 01 дүгээр сард явуулсан хүн амын тооллогын бүртгэлд “43 настай” гэж тус тус бүртгэжээ.

Монгол Улсын хүн амын 1944 оны тооллогыг тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдөр явуулсан байх ба нэхэмжлэгч Ж.Цэндсүрэнг “1 настай” гэж бүртгэсэн байгаагаар түүнийг 1943 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн гэдэг нь нотлогдож байна.

Хэдийгээр Монгол Улсын хүн амын 1956 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар явуулсан тооллогын бүртгэлд Ж.Цэндсүрэнг “11 настай” гэж, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар явуулсан хүн амын тооллогын бүртгэлд “43 настай” гэж тус тус бүртгэснээс Ж.Цэндсүрэнгийн насыг тооцоход 1945 онд төрсөн байхаар байгаа ч 1944 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явуулсан хүн амын тооллого[6]-ын бүртгэлд Жунайн Жамбалын ам бүлд “Жамбалын Цэндсүрэн... 1 настай” гэж бүртгэгдсэн бүртгэлээр дээрх бүртгэл  үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Цэндсүрэн нь 1943 онд төрсөн байж 1944 онд явуулсан хүн амын тооллогын бүртгэлд “1 настай” гэж бүртгэгдэх бөгөөд 1945 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн бол 1944 оны хүн амын тооллогын бүртгэлд тусгагдахгүй юм. Тиймээс нэхэмжлэгч Ж.Цэндсүрэнг “1945 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн” гэж бүртгэсэн улсын бүртгэл буруу болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Цэндсүрэнг Монгол Улсын хүн амын нэгдсэн тооллогуудын бүртгэлд бүртгэгдсэн байдлуудаас шүүж үзэхэд 1956 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар тоолсон хүн амын тооллогын бүртгэлээс эхлэн Ж.Цэндсүрэнгийн насыг нь зөрчилтэй бүртгэж эхэлсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ариунбаатар нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд “...Өвөрхангай аймгийн хэмжээнд ...Мэдээллийн санд 1940-өөд онд төрсөн хүмүүсийн төрөлтийн мэдээлэл байхгүй учраас төрөлтийн лавлагааг гаргах боломжгүй. ...Манай байгууллага архивт хадгалагдаж байгаа материалыг эх сурвалж болгож бүртгэлээ хийдэг. Тийм учраас зөрчил үүсээд байгаа...” гэж тайлбарлаж байгаа нь Үндэсний төв архивын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03-2/1008 дугаарын лавлагаагаар ирүүлсэн Жамбалын Цэндсүрэнг 1944 онд “1 настай” гэж бүртгэсэн бүртгэлийг үгүйсгэхгүй байна.

Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгсөн байдаг бол Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д зааснаар “төрсний” бүртгэл нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн нэг төрөл байхаар хуульчилжээ. Нөгөө талаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т Монгол улсын иргэний “төрсний” талаарх мэдээлэл нь Иргэний бүртгэл, мэдээллийн сангийн агуулгад хамаарч байх ба 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд орсон өөрчлөлтийг үндэслэн Иргэний бүртгэл мэдээллийн санд өөрчлөлт оруулж болохоор зохицуулсан байна.  

Түүнчлэн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар иргэний бүртгэлтэй холбоотой үүссэн маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхээр заасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5 болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг улсын бүртгэгчид олгосон байна.

Иймд шүүхээс Монгол Улсын иргэн Боржигон овогт Жамбалын Цэндсүрэнг төрсний бүртгэлд бүртгэхдээ “төрсөн он, сар, өдөр” хэсэгт “1945” гэж буруу бүртгэснийг залруулан “1943” гэж өөрчлөлт оруулж бүртгэхийг хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч Жамбалын Цэндсүрэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 29 дүгээр зүйлийн 29.1.2, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол Улсын иргэн Боржигон овогт Жамбалын Цэндсүрэнгийн төрснийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэхдээ “төрсөн он, сар, өдөр” хэсэгт “1945” гэж буруу бүртгэснийг залруулж “1943” болгон өөрчлөн бүртгэхийг хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.     

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэндсүрэнд олгосугай.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.3-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БАТЧИМЭГ

 


[1] Хэргийн 62 дугаар хуудас. Үндэсний төв архивын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03-2/1008 дугаарын лавлагаа.

 

[2] Хэргийн 63 дугаар хуудас. Үндэсний төв архивын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03-2/1009 дугаарын лавлагаа.

 

[3] Хэргийн 64 дүгээр хуудас. Үндэсний төв архивын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03-2/1010 дугаарын лавлагаа.

[4] Хэргийн 28-43 дугаар хуудас. Шүүх Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж буй тус сумын “1944 оны хүн, малын тооллого”-ын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл.

[5] Хэргийн 44-46 дугаар хуудас. Гэрч Ц.Лхамсүрэнгийн мэдүүлэг.

[6] Хэргийн 72 дугаар хуудас. Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаарын албан бичигт тусгаснаар хугацааг тодорхойлов.