Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2019/1422/Э |
Дугаар | 1455 |
Огноо | 2019-09-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 1455
2019 09 18 2019/ШЦТ/1455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч З.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Зоригтбаатарын З.Гт холбогдох эрүүгийн 1906 05145 1935 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
З.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Г нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” караокены ойролцоо иргэн С.Сүхбатыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05145 1935 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч С.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунель дээр байрлах “Аялгуу” гэх караокед найз Сэргэлэнбаатар, түүний ах Ганбаа, үл таних 2 эмэгтэйн хамт орж үйлчлүүлсэн. Ороод 0.75 граммын “Эдэн” нэртэй архи, ундаа, ус, 2 пивоны хамт авсан. 3 цаг үйлчлүүлж дуулж байгаад 17 цагийн орчимд караокеноос гарсан. Гарахаас өмнө бие засах газар орчихоод ирэхэд Ганбаа Сэргэлэнбаатарын хацар руу нь 1 удаа цохихоор нь очиж салгахад Сэргэлэнбаатар түрүүлээд гараад явсан. Араас нь Ганбаа гарахаар нь би хойноос нь гарсан. Миний хойноос үл таних 2 эмэгтэй гарч ирж байсан. Намайг гарахад Ганбаа дүүгийнхээ хацар руу дахиад цохиж байхаар нь Ганбаагийн араас нь тэврээд салгасан. Тэгтэл Ганбаа намайг “хоёулаа ийшээ явъя” гээд караокены хойд талруу дагуулаад явж байхдаа гараараа хоолойноос боохор нь “боль ахаа” гэхэд “та нар ийм болсон юмуу” гэхээр нь “та чинь одоо хаашаа юм бэ, яаж яриад байгаа юм бэ” гэхэд “ахынхаа охинруу яагаад байгаа юм бэ” гээд миний баруун хөлийг дэгээдэхээр нь хөлөө татаж аваад Ганбааг цаашаа түлхсэн. Тэгтэл “чи намайг цохиж байна уу” гээд заамдаж аваад хэрүүл хийж байхдаа шууд миний зүүн нүдрүү цохихоор нь би газарт унахад толгойруу 2 удаа дэвсээд, дүү Сэргэлэнбаатарыг ална гээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 10461 дугаартай:
С.Сүхбатын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн доод зовхинд цус хугаралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19 тал/,
Шүүгдэгч З.Гын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би дүү Сэргэлэнбаатарын хамт таксинд явж байгаад модны хоёрын орчмоос танихгүй эмэгтэй Ардын эрх орно гээд суухаар нь аваад явсан. Явж байх замдаа уг эмэгтэйтэй танилцахад Туул гэж байсан бөгөөд тэр эмэгтэйг хамт нэг газар орж суух уу, гэхэд зөвшөөрөөд Бөхийн өргөөний ойролцоо байх зочид буудалд орсон. Ямар нэртэй буудал гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр буудалд өрөө хоногоор авсан ба Туул гэх эмэгтэй нэг найз эмэгтэйгээ дуудсан. Сэргэлэнбаатар бид дөрөв 0.75 литрийн Arkhi нэртэй архи, 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво хувааж уугаад унтаж амарсан. Өглөө нь би сэрээд ажлаасаа чөлөө авсан ба Сэргэлэнбаатар нь Сүхбатыг дуудсан байгаа гэхээр нь өчигдөрийн үлдэгдэл пивоноос уусан. Бид нар тэр өдөртөө үргэлжлүүлэн уухаар болоод миний гар утсыг ломбарданд тавихаар болоод Сэргэлэнбаатар, Сүхбат хоёрыг явуулсан. 200.000 төгрөгөнд тавьсан ба уг буудлаасаа гараад хажуу талд нь өөр нэг буудалд өрөө захиалж авч орсон. Тэндээ мөн 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг Сэргэлэнбаатар, Сүхбат, Туул, түүний найз эмэгтэйгийн хамт хувааж уугаад, Сансар орж караокед дуулахаар явсан. Сансарын дээд хэсэгт байрлах Аялгуу караокед ороод 0.75 литрийн Arkhi нэртэй архи аваад ууж дуулцгаасан. Бид нар караокенаас гарахаар болсон бөгөөд Сэргэлэнбаатар бие засах өрөө орчихоор нь араас нь ороод бие засах өрөөний хаалга татахад онгойлгохгүй байсан. Тэгээд хаалгыг нь нүдэж байгаад онгойлгуулсан чинь Сэргэлэнбаатар бие засах өрөөнд Туулын найз эмэгтэйгийн хамт зогсож байсан. Сэргэлэнбаатарт хандан “хаалгаа онгойлгохгүй яасан юм бэ” гэхэд нь “түр байж байхгүй яасан юм бэ” гэж маргалдаад байж байхад Сүхбат дундуур орж ирээд салгасан бөгөөд Сүхбат “хоёулаа ийшээ яваад уулзаадахъя” гэж хэлэхээр нь караокенаас гараад хойд хэсэгт нь зогссон. Би Сүхбатад хандан “би Сэргэлэнтэй очиж уулзаадахья” гэхэд Сүхбат “байж бай гээд байхад яах гээд байдаг юм бэ” гэж хэлээд миний хамар руу нэг удаа баруун гараараа цохисон. Миний хамарнаас цус гарсан бөгөөд би тонгойж сууж байгаад босоод Сүхбатын нүүр рүү баруун гараараа цохисон бөгөөд харилцан өөд өөдөөсөө цохилцож эхэлсэн. Бид хоёрыг хэн ч салгаагүй бөгөөд Сүхбат газар унаад өгсөн. Би Сүхбатыг уначихаар нь зугтаагаад гүйчихсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3 тал/,
-“Натур” эмнэлгийн компьютерт томографийн оношилгоо /хх-ийн 18 тал/,
-Г.Зоригтбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43, 34, 40 тал/,
-“ӨРНӨХ ХҮЧ ИНЖЕНЕРИНГ” ХХК-ын цалингийн тодорхойлолт /хх-ийн 35 тал/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 36 тал/,
-шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 48, 49 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч З.Гын иргэн С.Сүхбатын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч З.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт З.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ