Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 5175

 

2016 оны 09 сарын 23 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05175

Улаанбаатар хот

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, “Мобиком корпораци” ХХК /РД: 2072572/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37а байр, 3-12 тоотод оршин суух, Буриад овогт Цагаанхүүгийн Билэгсайхан /РД: МА95121232/-д холбогдох,

 

1 404 186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22811922 тоот гэрээ байгуулан 99754920 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчигээний мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iphone 5S 16 GB утасыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ  төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30 000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны нийт төлбөрт нийт 1 404 186 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Билэгсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1 404 186 төгрөгийг  9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 700 000 төгрөгийг, үлдсэн төлбөрийг 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулна. Гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Билэгсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 1 404 186 төгрөгийг 9 дүгээр сарын 26-нд 700 000 төгрөг,  үлдэх 704 186 төлбөрийг 10 дугаар сарын 26-нд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Ц.Билэгсайханд холбогдуулан 1 404 186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1 404 186 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,  700 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор, үлдэх 704 186 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Билэгсайханд холбогдох 1 404 186  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1 404 186 төгрөгийн 700 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, үлдэх 704 186 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 417 төгрөгийн тал хувь болох 18 708 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18 708 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 18 708 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН