Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б  овогт Бийн Бт холбогдох 1935003030155 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг, 5-16 тоотод оршин суух Б  овогт Бийн Б / РД:.............................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт иргэн Н.Цийн гэрт хохирогч Б.Стэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт иргэн Н.Цийн гэрт хохирогч Б.Стэй маргалдаж, түүнийг зодсон болох нь хохирогч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр миний эхнэр, хүүхэд Улаангом сумын 9-р багийн Буянт хороололд байдаг хадам ээжийн гэрт байсан учир 21 цагийн орчим би очсон юм. Тухайн үед манай хадам ээж Ц Улаанбаатар хот руу ажилаар явчихсан байсан. Харин манай хадам дүү Ц /Ж.Ц/, түүний нөхөр Б нар байсан. Намайг очиход манай эхнэр, хадам дүү Ц, баз Б нар архи ууж байсан. Намайг очсоны дараа удалгүй Б.Б, Б гээд хоёр залуу ирсэн. Тэгээд 1 шил 750 грамм архи, 1 ширхэг 2,5 литрийн пиво хувааж уугаад нэлээн согтоцгоосон. Тэгээд би эхнэр, хүүхэдтэйгээ хэвтэж байсан орон дээр Б.Б гэх залуу нэлээн согтоод унчих гээд байсан тул би орноосоо босоод Б.Быг орон дээр уналаа гээд түлхчихсэн чинь Б.Б хойшоо ухарч 2-3 алхсанаа над руу дайрч ирээд миний хамар луу толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тэгтэл миний хамар гэмтэж цус гарсан. Б.Быг би барьж аваад өөрийгөө зодуулахгүй гээд ноцолдож байтал Б.Бын фудволк урагдсан. Тэгтэл манай эхнэр бид хоёрыг салгасан юм. Б.Б бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед намайг Б.Б зодож байхад миний хажууд Б, манай эхнэр Н, Ц, Б нар байсан. Миний биед өвдөж зовиурлах зүйлгүй миний хамар хугарсан байсныг 40.000 төгрөгөөр Б.Б гаргуулж өгсөн. Би Б.Баас 20 хоног ажилгүй байсны хөлс болох 600.000 төгрийг төлж өгсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-р тал/,

Гэрч Ж.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхөр С болон хүүхдийн хамт зүүн талын орон дээр унтахаар хэвтэж байтал Б.Б бид нарын хэвтэж байсан орны хажууд ирэхэд С “хүүхэд дарж уналаа” гээд босоод Б.Быг гараараа түлхээд орноос холдуулахад Б.Б уурлаад манай нөхрийн хамар руу толгойгоороо 1 удаа мөргөхөд хамар нь гэмтээд цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р тал/,

Гэрч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “С эхнэртэйгээ хэрэлдээд зодох гээд байхаар нь Б.Б эхнэрийг өмөөрөхөд С уурлаад босож ирээд Б.Быг түлхэхэд Б.Б уурлаад Сийн хамар тус газар толгойгоороо нэг удаа мөргөхөд хамраас нь цус гарахаар нь би Быг салгаж холдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

Гэрч Ж.Ц /Ц/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр Улаангом сумын 9-р багийн нутаг Буянт хорооллын 15 тоот хашаанд манай ээжийнтэй хамт байдаг юм. 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим нөхөр бид хоёр гадуур ажилтай явж байгаад гэртээ ирэхэд ээжийн гэрт миний төрсөн эгч Н хүүхэдтэйгээ ирчихсэн байсан. Н эгч ирэхэдээ 2,5 литрийн 1 сав Сэрүүн нэртэй пиво авч ирсэн байсныг нөхөр бид хоёр Н эгчтэй хамт ууж байтал 21 цагийн орчим Нгийн нөхөр С гаднаас ганцаараа ирээд бид дөрвүүлээ нөгөө пиво хувааж уугаад сууж байтал манай садангийн Б, Б.Б нар халамцуу орж ирсэн. Бид нар 1 шил 750 граммын Ерөөл нэртэй архи, 2,5 литрийн 1 сав пиво дэлгүүрээс аваад хувааж уугаад юм яриад сууж байтал С эхнэр Нг Б.Б, Б нартай хардаад уурлаад байсан. Тэгэхээр нь манай нөхөр Ст “Чи ингэж болохгүй. Энэ хүмүүс чинь хоорондоо садан төрлийн холбоотой” гэж хэлсэн боловч С түүнийг тоохгүйгээр хардаад уурлаад байсан. Тэгээд бид нар сууж байтал С, Н нар унтахаар хэвтсэн ба орон дээр хэвтэж байхдаа С Нг хардаад маргалдаад байхаар нь Б.Б Нг өмөөрөөд тэр хоёрын хэвтэж байсан орны урд талд очоод зогсоход С Б.Быг “Хүүхэд дээр уналаа. Согтуу архичин минь” гээд босож ирээд хоёр гараараа түлхээд холдуулахад Б.Б уурлаад урдаас нь очоод Сийн хамар луу нь нэг удаа мөргөхөд Сийн хамраас цус гараад тэр хоёрыг Н дундуур нь орж салгасан юм. Тэгээд Б.Б Сээс уучлалт гуйгаад байсан. С эхнэрээ Б.Бтай хардасны улмаас маргаан үүсээд түүнээс болж маргалдаж байхдаа Б.Б Сийн хамар луу толгойгоороо мөргөөд гэмтээсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим эхнэр бид хоёр гэртээ ирэхэд манай хажууд байдаг хадам ээжийн гэрт манай эхнэрийн төрсөн эгч Н хүүхэдтэйгээ ирчихсэн байсан.  Н эгч ирэхэдээ 2,5 литрийн 1 сав пиво авч ирснийг Н, Ц бид гурав ууж байтал 21 цагийн орчим Нгийн нөхөр С гаднаас ирээд дөрвүүлээ нөгөө пиво уугаад сууж байтал гаднаас Н, Ц нарын садангийн Б, Б.Б нар халамцуу орж ирсэн. Бид нар 1 шил 750 граммын архи,  2,5 литрийн 1 сав пиво дэлгүүрээс аваад хувааж уугаад юм яриад сууж байтал С эхнэр Нг Б.Б, Б нартай хардаад уурлаад байхаар нь би Ст “Чи ингэж болохгүй. Энэ хүмүүс чинь хоорондоо садан төрлийн холбоотой” гэж хэлсэн. Бид нар сууж байтал С, Н нар унтахаар хэвтсэн ба орон дээр хэвтэж байхдаа хоорондоо маргалдаад С Нг хардаад маргалдаад байхаар нь Б.Б Нг өмөөрөөд тэр хоёрын хэвтэж байсан ороны урд талд очоод зогсоход С Б.Быг “хүүхэд дээр уналаа. согтуу архичин минь” гээд түлхээд холдуулахад Б.Б уурлаад урдаас нь очоод Сийн хамар луу нь нэг удаа мөргөхөд Сийн хамрнаас цус гараад тэр хоёрыг Н босоод салгасан юм. Тэгээд Б.Б Сээс уучлалт гуйгаад байсан. Тухайн үед 2019 оны 7 дугаар сарын 17-ны өглөө үүр цайгаад 03 цаг өнгөрч байсан байх. С зүгээр байсан Б.Быг эхнэртэйгээ хардсанаас болоод маргаан үүсээд Б.Б Сийг зодсон юм. Харин Б.Быг С зодсон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой 17 цагийн орчим төв таксины зогсоол дээр явж байгаад Б гээд урдны танил залуутай таараад уулзаж байгаад Бтой хамт явсан найзтай нь бидэн гурав Хяргас нуур буудлын нэг өрөөнд орж 2 шил 750 граммын архи хувааж уусан. Тэндээс гараад Б бид хоёр Буянт хороололд байх Бийн гэрт очихоор болоод төв таксины зогсоол дээрээс такси бариад Буянт хороололд байх Бийн гэрт орой 22 цагийн орчим очсон юм. Бид хоёрыг очиход Бийн гэрийн хажууд байх Бийн хадам ээж Ц эгчийн гэрт Б, Ц, Н Нгийн нөхөр С нар пиво ууж байсан юм. Тэгээд бид нар тэнд эхлээд нэг шил 750 граммын архи 1 сав 2,5 литрийн пиво хувааж уусан бөгөөд дахин 1 шил 750 граммын архийг Н мөнгийг нь өгч Ц, Б нар авч ирсэн. Тэр архинаас нь би ууж байгаад ухаан балартаад унчихсан юм байсан. Нэг сэрээд иртэл тэд нар архиа ууж байсан ба С эхнэртэйгээ гэрийн зүүн талын орон дээр хэвтчихсэн Нтайгаа маргалдаад хэрэлдээд байсан.  Эхнэрээ янз бүрийн хараалын үгээр доромжлоод байхаар нь өмөөрөөд С Н нарын орны хажууд очиход С намайг “хүүхэд дээр уналаа” гээд хоёр гараараа хойш түлхэхээр нь би хойш ухраад арагш уналгүй буцаад С рүү дөхөж очоод толгойгоороо нүүр лүү нэг удаа мөргөхөд Сийн хамар тус газар нь мөргөхөд хамраас нь цус гараад бид хоёрыг Н салгаж хоёр тийш болгосон юм. Би Сийг эхнэртэйгээ маргалдаад дарамтлаад байхаар нь эхнэрийг нь өмөөрөөд очоод намайг түлхээд байхаар нь урдаас нь нэг мөргөөд Сийн хамрыг нь гэмтээсэн юм. Би ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би Сийн нэхэмжилсэн 600.000 төгрөгийг төлж өгсөн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 540 дугаартай шинжээчийн “Б.Сийн биед хамар ясны хугарал, хамрын муруйлт гэмтэл үүссэн байна.  Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнхөн нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/-ээр хохирогч Б.Сийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хамар орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Сийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р тал/-аар нотлогдсон. 

Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлын талаар Гэрч Б.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гэр Улаангом сумын 4-р багийн нутаг Сургуулийн хороо 063 тоот хашаанд байдаг юм. Манай нөхөр 1989 онд төрсөн бөгөөд айлын том хүүхэд доороо 2 эрэгтэй дүүтэй юм. Б.Б бид хоёр 2015 оны 6-р сард гэр бүл болсон. Б.Б нь 10-н жил төгсөөд Ховд аймагт Ховд их сургуулийн англи хэлний багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Манай нөхөр үг дуу цөөнтэй, төлөв даруу зантай, шудрага, нэг ажил эхэлвэл түүнийгээ заавал дуусгадаг хүн юм. Архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг хэрэглэсэн үөдээ гэр орондоо агсан согтуу тавьж байгаагүй илүү дутуу зан ааш гаргадаггүй юм. Манай нөхөр улирлын чанартай газар тариалангийн ажил эрхлэдэг бөгөөд гашууны голд 2 га орчим газартай сард 800.000 төгрөгний орлогтой харин би сард 500.000 төгрөгний цалинтай юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

Гэрч Э.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Б бид хоёр Улаангом сумын 3-р 10-н жилд 6-р ангид хамт ороод түүнээс хойш 16 жил найзлаж нөхөрлөж байна. Б.Б нь 10-н жил төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд Ховд их сургуулийн англи хэлний ангийг аваад 4 жил сургуульд сураад дээд боловсрол эзэмшээд ирсэн хүн юм. Б.Б нь үг дуу цөөнтэй, даруухан томоотой, хүний хэлсэн үгээр, хүнд итгэмтгий, сайн залуу юм. Янз бүрийн зан араншин гаргадаггүй хүн юм. Б.Б тамхи татдаггүй, архи согтууруулах ундааг хааяа нэг л хэрэглэдэг л байх ер нь архи уух нь ховор. Б.Б нь эхнэрийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь Эрчимд ажилладаг харин өөрөө жимсний талбайтай юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/ гэх мэдүүлэгүүд хэрэгт авагдсан байна.

 

Хохирогч Б.С нь “надад учирсан 600.000 төгрөгийн хохирлыг Б төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэ учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт  600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу  600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч  Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Б.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ