Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01278

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/07681 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: барьцаа 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан барьцаа 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...Тойрог худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулж байсан, барьцаанд 4,000,000 төгрөг төлсөн, лангуу түрээслэхээ больсон учир барьцаа мөнгөө буцаан гаргуулна... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь дур мэдэн гэрэлтүүлэг хийлгэж, худалдааны төвийн цахилгааныг гэмтээсэн, гэрээнд заасан барьцааны зохицуулалтыг зөрчсөн тул төлөхгүй... гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Талууд 2024 оны 01 сарын 10-ны өдөр Түрээсийн гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, ******* нь өөрийн худалдааны төвд бэлэн хувцасны худалдаа зориулалтаар *******эд лангуу түрээслүүлэх, түрээсийн төлбөр сард 800,000 төгрөг байхаар тохирсон;

4.2. Үүний дараа талууд 2025 оны 01 сарын 10-ны өдөр Түрээсийн гэрээ-г шинэчлэн байгуулж, хугацааг 1 жилээр сунгаж, түрээсийн төлбөр сард 1,000,000 төгрөг байхаар тохирсон;

4.3. Эдгээр Түрээсийн гэрээ-ний барьцаанд ******* нь нийт 4,000,000 (3,500,000 + 500,000) төгрөгийг *******д төлсөн;

4.4. Улмаар талууд Түрээсийн гэрээ-г цуцалж, ******* нь 2025 оны 03 сарын 09-ний өдөр лангууг чөлөөлсөн.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, хожим талууд түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан үйл баримтыг зөв тогтоожээ.

Түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага мөн адил дуусгавар болно.Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас барьцаа 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

6. Талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

7.  Хариуцагч талын гаргасан татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

7.1. Нэхэмжлэгч ******* нь Түрээсийн гэрээ-г хариуцагч *******тай байгуулж, барьцаа 500,000 төгрөгийг *******д, барьцаа 3,500,000 төгрөгийг *******ы нэрлэн заасан этгээдэд (*******ы хүргэн гэх *******) шилжүүлсэн тул *******д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь зөв.

Иймд ...нэхэмжлэгч нь Тойрог худалдааны төвийн лангууг түрээслэсэн байтал анхан шатны шүүх хариуцагч биш этгээд *******аас барьцаа мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ.

...Түрээслэгч нь ажлын байрыг анхны байдалд оруулж хүлээлгэн өгөөгүй, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг бүрэн төлөөгүй... гэх тайлбар, татгалзлаа хариуцагч тал баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээ-ний 4.2.9, 4.2.13, 3.4-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдоогүй гэж үзнэ.

Түүнчлэн, Түрээсийн гэрээ-ний 3.9-д ...Түрээслэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд барьцаа төлбөр буцаан олгогдохгүй... гэж тусгагдсан нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-т ...барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсон бөгөөд хариуцагчид барьцааны зүйлийг үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул тэрээр үүнийг буцааж нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй болно.

Иймд ...нэхэмжлэгч нь гэрээний 3.9, 4.2.9, 4.2.13, 3.4-т заасныг тус тус зөрчсөн тул барьцааг буцаан олгохгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/07681 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...318 дугаар зүйлийн 318.1... гэснийг ...492 дугаар зүйлийн 492.1.1... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР