Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 5196

 

2016 оны 09 сарын 26 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05196

Улаанбаатар хот

   

 

     Зохигчийн эвлэрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27/1 дүгээр байр, 1206 тоотод оршин суух, Дархан овогт Батмөнхийн Баттөгс /РД: ЧП77121371/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 60 дугаар байр, 86 тоотод оршин суух, Сэрээнэн овогт Сундуйн Мөнх-Эрдэнэ /РД: ЧИ7308262615/-д холбогдох,

 

16 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгч Б.Баттөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батмөнх овогтой  Баттөгс миний бие 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр  С.Мөнх-Эрдэнээс Чинэлтэй дүүргийн    19 дүгээр хороо Дээд Салхитын нутаг дэвсгэрт 10 айлын газар худалдан авахаар тохиролцон 27 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Энэ мөнгийг манай эхнэр М.Алтантуяа түүнд хүлээлгэн өгсөн болно. Гэтэл өнгөрсөн хугацаанд С.Мөнх-Эрдэнэ надад 4 айлын газрын гэрчилгээг гаргуулан өгсөн бөгөөд одоо үлдсэн 6 айлын газарт нь өөр айлууд бууж хашаа барьсан байна. С.Мөнх-Эрдэнэ нь дээрх хүмүүст давхардуулан зарсан учир газрын гэрчлгээ гарахгүй байгаа болно. Ийм учраас 6 айлын газрын мөнгө болох 16 200 000 төгрөгийг С.Мөнх-Эрдэнэгээс  гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Баттөгсийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ гараагүй тул гэрчилгээ гаргаж өгөх, хэрэв гэрчилгээ гараагүй тохиолдолд  3 857 142 төгрөгийг буцаан олгохоор тохиролцов. 2016 оны 9 дүгээр сарын 26-наас 2017 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл хугацаагаар тохирч эвлэрлээ. Бидний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэл шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Батмөнх овогтой Баттөгс би С.Мөнх-Эрдэнээс 16 200 000 төгрөг нэхэмжилсэн боловч Т.Уянга, М.Бямбадэлгэр нарын нэр дээр газар эзэмших эрхийн захирамж гарсан. Гэрчилгээгээ авч амжаагүй байгаа юм. Одоо Б.Баттөгсийн нэр дээр газар эзэмших эрхийн захирамж гараагүй учир үүний гэрчилгээг гаргуулж өгөх. Хэрэв гэрчилгээ гараагүй тохиолдолд 3 857 142 төгрөгийг авахаар тохиролцож болно. Ийм учраас үлдэх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хугацааны хувьд  заавал 2017 оны 6 дугаар сарын 1-ныг хүргэлгүй шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Бидний эвэрлийг баталж, хэргийг оролцуулахгүй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна  гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баттөгс нь хариуцагч С.Мөнх-Эрдэнэд холбогдуулан  16 200 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч нь нэхэмжлэгч Б.Баттөгсийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөх, гэрчилгээ гаргаагүй тохиолдолд 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 857 142 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, нэхэмжлэгч нь үлдэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид эвлэрсэн нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Талууд өөрийгөө байлцуулахгүйгээр эвлэрлийг батлуулах талаар хүсэлт гаргасан тул талуудыг байлцуулахгүйгээр эвлэрлийг батлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Баттөгсийн нэхэмжлэлтэй, С.Мөнх-Эрдэнэд холбогдох, 16 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгч Б.Баттөгсийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөх, гэрчилгээ гаргаагүй тохиолдолд 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 857 142 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, нэхэмжлэгч нь үлдэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 76 664 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН