Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б,  

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1820002520124 тоот хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр А аймгийн Ч суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, “Ц” ХХК-д ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт С.Б,

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Д.Б-н гэрийн хаалганы цоожийг эвдэж, гэрт байсан хивс, тоос сорогч зэргийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг ... хашаанаас иргэн Ж.М-н эзэмшлийн БНХАУлсад үйлдвэрлэсэн “Х” маркийн мотоциклийг хулгайлсан,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг ... хашаанаас Ч.М-н эзэмшлийн БНХАУлсад үйлдвэрлэсэн “Х” маркийн мотоциклийг тус тус хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сайншанд суманд очиж манай захирал Б, ажилчид болох Ж, О, Г нарын хамт хашаа угсарч дуусаад 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цаг 00 минутанд Сайншанд сумаас Замын-Үүд сумын 3-р багт гэртээ ирсэн. Сайншанд сумаас гарахад Б захирал ажил дууссан гээд 2 том 2,5 литрийн пиво авч өгөөд бид нар хувааж уусан. Тэгээд гэртээ хоол цай идэж ууж дуусаад 01 цаг болж байхад гэрээс гараад архи олж уух гэж яваад Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байдаг манай гэрээс 3-р гудамжны урд талд байдаг найз З-д ороход З гэртээ хоёр найзын хамт 0.75 литр Е нэртэй архи уугаад сууж байхаар нь би архинаас нь хамт уугаад 02 цаг өнгөрч байхад З-н гэрээс гарч яваад найзындаа очиж мөнгө авах санаатай урагшаа чигээрээ гудамж дамжаад алхаад явж байгаад хашаа байхгүй эзэнгүй айлын хаалга хятад цоожоор цоожилсон байхаар нь гэрийн хойд талд газар байсан төмрийг аваад гэрийн хаалгыг хөшиж онгойлгоод гэрийн хаалгыг нээхэд сарны гэрэлд гэрийн хойд талд улаан хүрэн өнгийн тоос сорогч, цагаан ууттай хуйлж ороосон Хивс харагдахаар нь энэ хоёрыг аваад гэрээс гараад шууд гэртээ хариад гэрийн зүүн талд тоос сорогчийн тавиад, гэрийн зүүн талын орны араар хивсийг хийхэд ээжийн дүү О юу юм бэ гэхлээр нь би гудамжны үзүүрээс олсон гэж хэлээд би унтаж амарсан... Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 10 цагт босоод Замын-Үүд сумын 3-р багт очиж цалингаа авах гээд очсон чинь өгөхгүй гэхээр нь цуг ажилладаг Ш, Т нартай уулзаад Ш “А” дэлгүүр орж 2,5 литрийн 2 том пиво худалдаж аваад ажлын байран дээрээ бид гурав хувааж ууж дуусаад 14 цагийн үед гэртээ ирж амарч байгаад 21 цагийн үед гэрээсээ гараад Замын-Үүд сумын 2-р багт амьдардаг Ш-н гэрт очоод 20,000 төгрөг авч гараад Н худалдааны төвийн хойд талд байдаг дэлгүүрээс 2 ширхэг жижиг лаазтай пиво аваад ганцаараа ууж дуусаад Замын-Үүд сумын 3-р багт амьдардаг Т-нд очих гээд замд явж байхад М гудамжинд айлын гэрийн гадаа улаан өнгийн БНХАУлсад үйлдвэрлэсэн Хятад мотоцикль байхаар нь гэрийн гаднаас консыг нь атгаж байгаад түрээд хашаанаас гаргаад түрсэн чинь асахаар нь унаад гэрийн гадаа ирээд гэрийн зүүн урд тал байдаг амбаарт хийгээд дээгүүр нь улаан өнгийн хөнжлөөр хучаад гэртээ орсон... Би 2018 оны 10 сарын 26-ны өдөр Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг Бетон угсралтын компанид ажилладаг байсан тухайн ажил 2 хоног амраад би өмнө ажиллаж байсан Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн баруун талд О буудлын барилга дээр түр ажиллахаар болоод тухайн өдөр өглөө 7 цаг өнгөрч байхад босоод цай хоол ундаа ууж дуусаад ажил руу 8 цаг өнгөрч байхад Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн баруун талд О буудлын барилга дээр ажиллаж байгаад 20 цагийн үед тухайн барилгат хамт ажиллаж байсан Г, Б нарын хамт баригдаж байсан барилгын подволд орж бид гурав 0,75 граммын У нэртэй архи хувааж уугаад гэр лүүгээ харихаар явж байхдаа Замын-Үүд сумын 3-р баг задгай газар ирэхэд улаан өнгийн БНХАУлсад үйлдвэрлэсэн Хятад Х маркийн мотоцикль байхаар нь зүүн гар тал руу түрж гаргаж байгаад түрсэн чинь асахаар нь унаад гэрийн гадаа ирээд гэрийн зүүн урд тал байдаг амбаарт хийгээд дээгүүр нь хучаад гэртээ орсон...Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Миний гар утас эвдэрчихээд би шүүх рүү ярьж чадаагүй. Утас маань эвдэрчихсэн учраас өмгөөлөгч болон шүүгчийн туслахын утсыг мэдэхгүй болохоор холбоо барьж чадаагүй. Ээжтэй холбоо барьж өмгөөлөгчтэйгээ ярья гэсэн боловч ээжийн утас болохгүй байсан... Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45, 88-89,126-127 /

- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт нөхөр Д.Ч-н хамт амьдардаг. 2018 оны 09 сард Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр нөхрийн хамт явсан. Явахдаа хажуу айл болох О-нд гэрээ захиж үлдээгээд явсан. Тэгтэл 2018 оны 11 сарын 06-ны өглөө намайг гэртээ унтаж байтал О залгаад танай гэрийн цоожийг эвдээд хулгай орсон байна гэж хэлэхээр нь би цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би гэр дотроо ороод эд зүйлс хувцас хунараа бүртгэсэн манайхаас угаалгын машин дээр цагаан шуудайнд ороогоод тавьчихсан улаан өнгийн хивс, улаан өнгийн тоос сорогч зэрэг эд зүйлсүүд алга байсан... хулгайд алдсан улаан өнгийн 4 метрийн урттай 1,50 см-ийн өргөнтэй газар тавьдаг хивсээ 2018 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот Н захын хивс зардаг газраас 280,000 төгрөгөөр худалдан авч байсан. Эдэлгээний хувьд хэрэглээгүй байсан учир цоо шинэ байсан. Мөн улаан хар өнгийн тоос сорогчоо 550 юаниар 2016 онд худалдаж авч  байсан. Эвдрэл гэмтэл байхгүй хэвийн ажиллагаатай байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19:00 цагийн үед өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклио Замын-Үүд сумын 3-р багт оршин суух найз Б-н гэрийн гадаа тавиад гэртээ харьж амарсан. Тэгээд маргааш нь намайг гэртээ амарч байсан чинь 11:00 цагийн Б над руу залгаад гэрийн гадаа байсан таны мотоцикль алга болсон байна гэхээр нь эхнэрийн хамт шууд яваад очсон чинь гэрийнх нь гадаа байсан мотоцикль алга болчихсон байсан. Б-с чи шөнө юм сонссон уу? гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. Тухайн үед мотоциклийнхоо мөрийг дагаад явсан чинь баруун тийш гараад мөр нь замхарч алга болсон. Миний хулгайд алдсан мотоцикль БНХАУ-д үйлдвэрлэсэн “Х” маркийн улаан өнгөтэй мотоцикль байсан. 2016 онд БНХАУ-н Эрээн хотоос тухайн үеийн монгол мөнгөөр 1,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. 2017 онд манай хүргэн ах надад бэлгэнд өгсөн юм. Эдэлгээний хувь шинэвтэр эвдрэл гэмтэлгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 /,

- Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2015 онд БНХАУ-н Эрээн хотоос ажилдаа унахаар “Х” маркийн мотоцикль авсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрт амарч байгаад орой 23:00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт найз охин болох Г.Э-н гэрт мотоцикльтойгоор очоод гэрийнх нь гадаа мотоциклио үлдээгээд гэрт нь орж амарсан. Тэгээд өглөө 10:00 цагийн үед босоод гадагшаа ажил хөөцөлдөх гээд гарах гэсэн чинь гэрийн үүдэнд байсан мотоцикль байхгүй хулгайд алдсан байсан. Тухайн үед Улаанбаатар хот руу явах ажилтай байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй хот руу яваад 10 дугаар сарын 31-ний өдөр ирсэн. Миний хулгайд алдсан мотоцикль улаан өнгөтэй “Х” маркийн БНХАУ-н Эрээн хотоос 2015 онд Монгол мөнгөөр 2,200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Эдэлгээний хувьд гайгүй эвдрэл гэмтэл байхгүй байсан. Улсын номер дугаар байхгүй, аваагүй байсан. Содон шинж тэмдэгийн хувьд улаан өнгөтэй, хянах самбар нь хагарсан, баруун талын дөрөө байхгүй байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Сая үзүүлсэн зурган дээрх мотоцикль миний хулгайд алдагдсан мотоцикль мөн байна. Би ямар шинж тэмдэгээр нь таньсан гэвэл хянах самбар нь хагархай, дээр нь баруун талын дөрөө нь байхгүй байсан. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109/,

- Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би А аймгийн Ц суманд төрсөн. 2016 онд Замын-Үүд суманд ирж төрсөн эгч Б-н хашаа болох Замын-Үүд сумын 3-р баг эгчийнхээ хашаанд гэр барьж амьдрах болсон. Одоо би гэрийнхээ цаана байрлах бетон угсралтын компанид угсралтын ажил хийж байгаа. 2018 оны 11 дүгээр 01-ний өглөө манай даргын машинтай Б, Г, Ж нарын хамт Сайншандад очиж айлын хашаа барьчихаад өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой 22:00 цаг өнгөрч байхад ирсэн. Замдаа бид нар ажлаа дуусгасан гээд пиво авч уугаад ирээд унтсан. Тэгсэн 00:00 цаг өнгөрч байхад Б би гадагшаа хүнтэй уулзчихаад хүрээд ирье гэж хэлээд гарсан. Би Б-г шөнө ирэх болов уу? гээд хаалгаа онгорхой унтсан. Тэгтэл шөнө 04:00 цагийн үед Б гаднаас цагаан уутанд боосон хивс, улаан хар өнгийн тоос сорогч бариад халамцуу орж ирэхээр нь би Б-ээ наадах чинь юу юм бэ? хаанаас авсан юм гэж хэлсэн чинь баруун талын гудамжны үзүүрээс олсон би өглөө авч гараад энэ хоёрыг янзална гэж хэлээд унтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би А аймгийн Э суманд төрсөн. 2018 оны хавар 4 сард намайг А аймагт байж байхад О ах над руу залгаад Замын-Үүдэд бетон хавтангийн угсралтын ажилд ажиллах уу? гэхээр нь би зөвшөөрч найз Г-н хамт 2018 оны 4 дүгээр сарын эхээр ирээд Замын-Үүд сумын 3-р багт байрлах бетон угсралтын компанид угсралтын ажилд орж тэндээ амьдрах болсон. Тэнд амьдарч байгаад сая 10 сард О ахын гэрт цуг амьдрах болсон. 2018 оны 11 дүгээр 01-ний өглөө манай даргын машинтай Б, Г, О ах нарын хамт Сайншандад очиж айлын хашаа барьчихаад өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой 22:00 цаг өнгөрч байхад ирсэн. Замдаа бид нар ажлаа дуусгасан гээд пиво авч уугаад ирээд унтсан. Тэгсэн 01:00 цагийн үед Б би гадагшаа пивонд яваад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд бид нар Б-г шөнө ирэх болов уу? гээд хаалгаа онгорхой унтсан. Тэгтэл шөнө намайг унтаж байсан чинь миний мөрөн дээр нэг юм уначих шиг болохоор нь сэрсэн чинь Б цагаан өнгийн шуудайнд боосон хивс, хар улаан өнгийн тоос сорогч авчирчихсан О ахыг тоос сорогчийг нь ав би өөрөө хивсийг нь авъя гээд тэр хоёр яриад байсан. Миний хувьд нойр их хүрч байсан учир тэр хоёрын яриаг сонсож байгаад унтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

- Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би А аймгийн Ө суманд төрсөн. 2018 оны хавар 4 сард намайг А аймагт байж байхад О ах Ж бид хоёрыг Замын-Үүдэд бетон хавтангийн угсралтын ажилд ажиллах уу? гэхээр нь бид хоёр зөвшөөрч 2018 оны 4 дүгээр сарын эхээр ирээд Замын-Үүд сумын 3-р багт байрлах бетон угсралтын компанид угсралтын ажилд орж тэндээ амьдрах болсон. Тэнд амьдарч байгаад сая 10 сард О ахын гэрт цуг амьдрах болсон. 2018 оны 11 дүгээр 01-ний өглөө манай дарга Б-н машинтай Б ах, Ж, О ах нарын хамт Сайншандад очиж ар шандад айлын хашаа барьчихаад өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой 22:00 цаг өнгөрч байхад ирсэн. Замдаа бид нар ажлаа дуусгасан гээд пиво авч уугаад ирээд унтсан. Тэгсэн 01:00 цагийн үед Б би гадагшаа пивонд яваад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд бид нар Б-г шөнө ирэх болов уу? гээд хаалгаа онгорхой унтсан. Шөнө унтаж байсан чинь чимээ гарахаар нь сэрсэн чинь Б ах орж ирсэнээ гэрэл асаасан чинь нэг гартаа хуйлчихсан хивс, нөгөө гартаа тоос сорогч барьчихсан орж ирсэнээ О ахад гудамжны үзүүрээс оллоо гээд тэр хоёр ярьж байсан. Тэгээд би унтаад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Намайг 2018 оны 10 сарын 16-ны өдөр гэртээ байж байсан чинь орой 19:00 цаг өнгөрч байхад манай найз М гэрт ирээд мотоциклио үлдээчихээд явсан. Ямар учраас үлдээсэн гэхээр би хоёр хүүхэдтэй өглөө сургууль цэцэрлэг хүргэж өгдөг учраас үлдээгээд явсан юм. Орой 22 цагийн үед гадаа гарч бие засахад мотоцикль байсан ба өглөө 10 цаг өнгөрч байхад боссон чинь гэрийн хажууд буюу баруун урд талд тавьсан байсан мотоциклийг хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд би шууд М руу залгаж болсон зүйлийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67/,

- Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би энэ талаар мэдээгүй байсан. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нөхрийн хамт Замын-Үүд сумаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот өглөө гараад орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирээд байж байхад 19 цагийн үед хоёр машинтай цагдаагийн алба хаагч нар ирээд танай хүүхэд хулгайн гэмт хэрэг хийсэн байна танай гэр болон байшин, амбаар гуравт үзлэг хийнэ гэж хэлсэн. Тэгээд манай амьдарч байсан байшин үзлэг хийгээд дараа нь гэрт үзлэг хийж дуусаад дараа нь амбаарт үзлэг хийхэд БНХАУлсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикль амбаар дотороос гаргаж ирэх үед би хулгай хэрэг хийсэн байна гэж мэдсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5, 54-56, 100-106/,

- А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 27-29, 75-77, 115-117/,

  • Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 48-49/,

- Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-63/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-93/,

- Шүүгдэгч С.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 138-140, 143/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг иргэн Д.Б-н гэрийн хаалганы цоожийг эвдэж, гэрээс нь  хивс, тоос сорогч зэргийг,  

2018 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг иргэн Ж.М-н мотоциклийг,  

2018 оны 10 дугаар сарын 26-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг иргэн Ч.М-н мотоциклийг тус тус авсан үйл баримт тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч С.Б нь Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Д.Б-н гэрийн хаалганы цоожийг эвдэж, гэрт байсан хивс, тоос сорогч зэргийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг иргэн Ж.М-н эзэмшлийн БНХАУлсад үйлдвэрлэсэн “Х” маркийн мотоциклийг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг хашаанаас Ч.М-н эзэмшлийн БНХАУлсад үйлдвэрлэсэн “Х” маркийн мотоциклийг тус тус хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх прокуророос шүүгдэгч С.Б-н дээрх 3 удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг үндэслэлгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Б “...хажуу айл болох О-нд гэрээ захиж үлдээгээд явсан. Тэгтэл 2018 оны 11 сарын 06-ны өглөө намайг гэртээ унтаж байтал О залгаад танай гэрийн цоожийг эвдээд хулгай орсон байна гэж хэлэхээр нь би цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би гэр дотроо ороод эд зүйлс хувцас хунараа бүртгэсэн манайхаас угаалгын машин дээр цагаан шуудайнд ороогоод тавьчихсан улаан өнгийн хивс, улаан өнгийн тоос сорогч зэрэг эд зүйлсүүд алга байсан...” гэсэн, хохирогч Ж.М “...намайг гэртээ амарч байсан чинь 11:00 цагийн Б над руу залгаад гэрийн гадаа байсан таны мотоцикль алга болсон байна гэхээр нь эхнэрийн хамт шууд яваад очсон чинь гэрийнх гадаа байсан мотоцикль алга болчихсон байсан. ...” гэсэн,  хохирогч М.М “...Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрт амарч байгаад орой 23:00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг найз охин болох Г.Э-н гэрт мотоцикльтойгоо очоод гэрийнх гадаа мотоциклио үлдээгээд гэрт нь орж амарсан. Тэгээд өглөө 10:00 цагийн үед босоод гадагшаа ажил хөөцөлдөх гээд гарах гэсэн чинь гэрийн үүдэн байсан мотоцикль байхгүй хулгайд алдсан байсан...” гэсэн, гэрч С.О “...Тэгтэл шөнө 04:00 цагийн үед Б гаднаас цагаан уутанд боосон хивс, улаан хар өнгийн тоос сорогч бариад халамцуу орж ирэхээр нь би Б наадах чинь юу юм бэ? хаанаас авсан юм гэж хэлсэн чинь баруун талын гудамжны үзүүрээс олсон би өглөө авч гараад энэ хоёрыг янзална гэж хэлээд унтсан. ...” гэсэн, гэрч Д.Ж “...Тэгтэл шөнө намайг унтаж байсан чинь миний мөрөн дээр нэг юм уначих шиг болохоор нь сэрсэн чинь Б ах цагаан өнгийн шуудайнд боосон хивс, хар улаан өнгийн тоос сорогч авчирчихсан О ахыг тоос сорогчийг нь ав би өөрөө хивсийг нь авъя гээд тэр хоёр яриад байсан...” гэсэн, гэрч С.Г “... Шөнө унтаж байсан чинь чимээ гарахаар нь сэрсэн чинь Б ах орж ирсэнээ гэрэл асаасан чинь нэг гартаа хуйлчихсан хивс, нөгөө гартаа тоос сорогч барьчихсан орж ирсэнээ О ахад гудамжны үзүүрээс оллоо гээд тэр хоёр ярьж байсан...” гэсэн, гэрч Х.Б “...Намайг 2018 оны 10 сарын 16-ны өдөр гэртээ байж байсан чинь орой 19:00 цаг өнгөрч байхад  манай найз М гэрт ирээд мотоциклио үлдээчихээд явсан... Орой 22 цагийн үед гадаа гарч бие засахад мотоцикль байсан ба өглөө 10 цаг өнгөрч байхад боссон чинь гэрийн хажууд буюу баруун урд талд тавьсан байсан мотоциклийг хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд би шууд М руу залгаж болсон зүйлийг хэлсэн...” гэсэн, гэрч С.Б “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нөхрийн хамт Замын-Үүд сумаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот өглөө гараад орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирээд байж байхад 19 цагийн үед хоёр машинтай цагдаагийн алба хаагч нар ирээд танай хүүхэд хулгайн гэмт хэрэг хийсэн байна танай гэр болон байшин, амбаар гуравт үзлэг хийнэ гэж хэлсэн. Тэгээд манай амьдарч байсан байшин үзлэг хийгээд дараа нь гэрт үзлэг хийж дуусаад дараа нь амбаарт үзлэг хийхэд БНХАУлсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикль амбаар дотороос гаргаж ирэх үед би хулгай хэрэг хийсэн байна гэж мэдсэн...” гэсэн  мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснээр түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 41 размерын хар өнгийн үдээстэй цахилгаантай пүүзийг шүүгдэгч С.Б-д, Скарлет гэсэн бичигтэй улаан хүрэн өнгийн тоос сорогч 1 ширхэг, Эрдэнэт гэсэн бичигтэй шаргал өнгийн 150 см өргөнтэй 4 метрийн урттай хивс 1 ширхэгийг хохирогч Д.Б-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б-д холбогдох шүүх хуралдааныг товлосон ба шүүгдэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэтэл Замын-Үүд сумын хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй, шүүхэд ирж бүртгүүлээгүй байсан учир шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүхээс шүүгдэгчийн хаана байгаа газрыг тогтоох ажиллагаа хийж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын цагдаагийн хэлтэст байна гэсний дагуу түүнийг очиж авчирахад 140,000 төгрөгний зардал гарсан байх тул шүүгдэгчээс 140,000 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн ... дансанд оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар С.Б-г 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 41 размерын хар өнгийн үдээстэй цахилгаантай пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б, Скарлет гэсэн бичигтэй улаан хүрэн өнгийн тоос сорогч 1 ширхэг, Эрдэнэт гэсэн бичигтэй шаргал өнгийн 150 см өргөнтэй 4 метрийн урттай хивс 1 ширхэгийг хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух Б овогт Д.Б-д тус тус олгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-с Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс гаргасан зардал 140,000 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн ... дансанд оруулсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Б.Н