| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 197/2025/08151/И |
| Дугаар | 210/МА2025/01279 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01279
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/07871 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 8,507,400 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 8,507,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 1,970,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 6,537,400 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн эзэмшлийн орон сууцны угаалгын машинаас ус алдсаны улмаас нийт 8,507,400 төгрөгийн гэм хорын хохирол учирсан... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...үнэлгээний үнийн дүн хэт зөрүүтэй байгаа учир зөвшөөрөхгүй, ******* ХХК-аар үнэлүүлэхэд хохирлыг 1,970,000 төгрөгөөр тогтоосон... гэж тус тус тайлбарлан маргажээ.
4. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ******* нь Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2025 оны 01 сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн;
4.2. 2024 оны 11 сарын 17-ны өдөр ******* байрны ******* тоотын дээд айл болох ******* тоотоос ус алдсан;
4.3. ******* ХХК-ийн гаргасан 2025 оны 03 сарын 13-ны өдрийн хохирлын үнэлгээ, түүнд хавсаргасан фото зураг зэргээр ус алдалтын улмаас ******* байрны ******* тоотод нийт 7,679,972 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд ... болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулжээ.
Иймд нэхэмжлэгч ******* нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахаар хариуцагч *******аас шаардах эрхтэй.
6. Хариуцагч талын гаргасан татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
6.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд ******* байрны ******* тоотын ариун цэврийн өрөө, угаалгын машины холболт хамаарахгүй.
Иймд ...ус алдсан хэсэг нь хариуцагчийн дангаар өмчлөх хэсэг байсан уу, эсхүл СӨХ-ны хариуцах нийтийн эзэмшлийн хэсэг байсан уу гэдэг нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.1. Хариуцагч ******* нь 2025 оны 04 сарын 15-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбартаа ******* байрны ******* тоотоос ******* тоот руу ус алдсан эсэх, тус ******* тоотын өмчлөгч мөн эсэх талаар маргаагүй буюу зөвхөн гэм хорын хохирлын хэмжээний талаар маргасан байдаг. Тийм учир түүний энэхүү тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар нотлох баримтаар үнэлнэ.
Түүнчлэн, ...******* байрны ******* тоот хаягт *******, түүний гэр бүл амьдарч байхад ус алдсан... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй.
Иймд ...хариуцагч нь тухайн байрны өмчлөгч биш тул тухайн орон сууцны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэггүй... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Хэргийн 120-р талд авагдсан ******* ХХК гэсэн толгой бүхий баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, үнэлгээчний гарын үсэг, тамга, фото зургаар баталгаажаагүй, мөн тусгай зөвшөөрөл бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхойгүй баримт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, дээрх баримт нь хэргийн 8-20-р талд авагдсан *******ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг няцаах, уг үнэлгээний тайлантай харьцуулах баримт болж чадахгүй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 7,679,972 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 537,500 төгрөг, нийт 8,217,472 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хувцас, хивс угаалгасны төлбөр нийт 289,928 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцжээ.
9. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/07871 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 146,430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР