Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01284

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/06435 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,000,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 260,956 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 3,739,044 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

3.  Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...АНУ-д суралцаж буй охиндоо HP-3 нөүтбүүк илгээхээр ******* ХХК-ийн каргод 90,000 төгрөг тушааж, эд зүйлийг хүлээлгэн өгсөн, каргод хулгай орсон шалтгаанаар илгээмж хүргэгдээгүй, тус нөүтбүүкийг 1,200 ам.доллараар авч байсан, 4,000,000 төгрөгөөр хохирсон тул хохирлоо гаргуулна... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...илгээмжийн гэрээ байгуулан 90,000 төгрөг хүлээн авсан болон нөүтбүүкийг хүлээн авсантай маргахгүй, илгээмж хүргэгдэх хугацаанаас өмнө каргод хулгай орж, илгээмжүүд алдагдсан, хохирол барагдуулах журмын 3.1.2-т заасны дагуу 1 кг тутамд 20 ам.доллараар тооцож 170,956 төгрөг (60 ам.доллар х 2,849.26 төгрөг), үүн дээр 90,000 төгрөг, нийт 260,956 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. ******* нь 2016 оны 06 сарын 19-ний өдөр АНУ-д суралцаж буй охиндоо илгээхээр нөүтбүүкийг ******* ХХК-ийн каргод хүлээлгэн өгч, илгээмжийн хөлсөнд 90,000 төгрөг төлсөн;

4.2. ******* ХХК-ийн каргод 2016 оны 06 сарын 21-22-нд шилжих шөнө хулгай орж, АНУ-аас ирсэн болон АНУ руу явуулах байсан илгээмжүүд алдагдсан;

4.3. Прокурорын байгууллага дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаад 2021 оны 06 сарын 29-ний өдөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан илгээмжийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

6. Хариуцагч нь нөүтбүүкийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, нэхэмжлэгчийн даалгасны дагуу АНУ-д суралцаж байгаа түүний охинд нөүтбүүкийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 408 дугаар зүйлийн 408.9-д Илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ гэж тус тус заасны дагуу өөрт учирсан хохирлоо хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх гэрээний тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргийг хүлээнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г дээрх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, улмаар хариуцагч ******* ХХК-ийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч ******* нөүтбүүкийг тухайн үед 1,200 ам.доллар буюу 4,000,000 төгрөгөөр авч байсан болохоо баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх хариуцагчаас 4,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд ...анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр тооцоолоогүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/06435 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...227 дугаар зүйлийн 227.1... гэснийг ...219 дүгээр зүйлийн 219.1... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 80,230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР