Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 5234

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК /РД: 2077361/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нэйшнл Рөүд” ХХК -ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн итгэмлэгдсэн төлөөлөгч Ч.Сандаг-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь “Нэйшнл Рөүд” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын  19-ний өдөр RC15/06-21UB төнөг төхөөрөмжийн түрээсийн гэрээ,  2015 оны  7 дугаар сарын 03-ны өдөр RC15/07-03UB тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318.3-т заасны дагуу тус тус бичгээр байгуулсан. RC15/06-21UB тоот гэрээний дагуу CS74 маркийн E7E00113 тоот серийн дугаартай индүүдэгчийг 2015 оны  6 дугаар сарын 23-ны  өдөр, 160К SZM00471 тоот серийн дугаартай грэйдерийг 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тус тус “Нэйшнл Рөүд” ХХК-д шилжүүлсэн.Нэйшнл Рөүд ХХК нь гэрээний үндсэн төлбөрт 107 973  128.69 төгрөг төлөхөөс анх гэрээ байгуулахдаа  17 431 260 төгрөг төлсөн. Өнөөдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 90 541 868 төгрөг хугацаа хэтрүүлсний алданги 45 270 934 төгрөг нийт 135 812 803 төгрөгийн төлбөрийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-д  төлөх үүрэгтэй.  Бид “Нэйшнл Рөүд” ХХК-д үүргээ зохих ёсоор гүйцэтгэх хангалттай хугацаа өгч ажилласан бөгөөд энэ хүрээнд бид тус компанид удаа дараа мэдэгдэл хүргүүлж улмаар 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Тооцоо нийлэх гэрээ байгуулж үндсэн төлбөрийг төлөх сүүлийн хугацааг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болгон хойшлуулсан боловч энэ хугацаанд мөн төлөлт хийгээгүй. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Нэйшнл Рөүд” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 135 812 803 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хаяг дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй  болох нь тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус компанийн манайд ирүүлсэн албан бичигт Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Бага тойруу-3, Самбуугийн гудамж,18 гэсэн хаяг  байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3-т заасны дагуу  хариуцагчаар оролцвол зохих этгээд “Нэйшнл Рөүд” ХХК-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Ч.Сандаг-Очир шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч “Нэйшнл Рөүд” ХХК-ийг эрэн сурвалжилуулах шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нэйшнл Рөүд” ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК нь “Нэйшнл Рөүд” ХХК-д холбогдуулан  135 812 803  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Нэйшнл Рөүд” ХХК-нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, Самбуугийн гудамж, 18 тоотод бүртгэлгүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байхаас гадна Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2016/01618 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нэйшнл Рөүд” ХХК-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                               

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нэйшнл Рөүд” ХХК-ийг төлөөлөх этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК /Утас: 88106400, 687588/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

“Нэйшнл Рөүд” ХХК /РД: 5134889/ нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, Самбуугийн гудамж, 18 тоотод үйл ажиллагаа явуулдаг байсныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд “Нэйшнл Рөүд” ХХК /РД: 5134889/-ийг төлөөлөх этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Нэйшнл Рөүд” ХХК-ийг төлөөлөх этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д /утас: 88106400, 687588/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН