| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0104/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Э.Т,
Шүүгдэгч Ө.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ө.У-д холбогдох эрүүгийн 1920000540048 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн З суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ө.У,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.У нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автошалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэлд 1 хайрцаг буюу 22.260 гр эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох аскорбины хүчлийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ө.У мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот хооронд тээврийн хэрэгсэлээр хүн ба ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүд сумаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот орж хүн ачаа тээвэр хийхээр 10 цагийн үед Эрээн хот руу ороод Эрээн хотын баруун урд талд байдаг Л гэх нэртэй карго орж 5 хайрцаг ачаа ачаад байж байхад таньдаг нэг Өвөрмонгол залуу миний гар утас руу залгаад Л гэх нэртэй эмийн сангаас нэг ачаа байгаа аваарай гэсэн. Би ачааг аваад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын хилээр гараад Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор гарах гээд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шалгуулаад дараа нь гаалийн улсын байцаагчид шалгуулж байхад машины арын суудал доогуур байсан зүйлийг гаргаж ирээд энэ юу вэ гэж асуугаад тухайн зүйлийг задлаж үзэхэд хоёр гялгар уутан дотор хийсэн нунтаг цагаан зүйл байсан. Тэгээд гаалийн байцаагч хураан авч байцаагч зөрчлийн материал бүрдүүлж прокурорын байгууллага руу шилжүүлсэн. Би тухайн ачааг шалгаж ачаагүй. Би тухайн ямар ачаа байгаа талаар асуугаагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,
- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Авто замын шалган нэвтрүүлэх цэг 1 дэх гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд албан үүргээ гүйцэтгэж байхад 16 цагийн үед БНХАУ-ын Эрээн хотоос нэвтэрсэн ... улсын дугаартай ... маркийн авто машинд үзлэг шалгалт хийх явцад Гаалийн байгууллагад мэдүүлээгүй витамин С нэмэгдэл гэх хайрцаг дээрээ 25 кг бичигтэй нунтаг цагаан бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрүүлж прокурорын байгууллагад шилжүүлсэн. Тухайн бодисыг Монгол Улсын хилээр оруулахад тусгай зөвшөөрөлтэй Аж ахуйн нэгж импортын бүрдүүлэлт хийж оруулдаг. Хувь хүн импортлон оруулж ирж болохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,
- Иргэний нэхэмжлэгч А.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “... Тухайн өдөр манай хүүхэд Монгол Улсын хил буюу Замын-Үүд авто шалган нэвтрүүлэх боомтоор орж ирэх гэж байгаад хил дээр саатуулагдаж байгаа талаар хэлсэн. Тэгээд би тухайн үед хилийн боомт дээр очиж хилээр оруулж болохгүй барааг нь үлдээгээд авч болох барааг өөр машинд хийгээд авч явсан. Ө.У-н унаж явж байсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Тухайн өдөр манай хүүхэд өөрийн тээврийн хэрэгсэл БНХАУ-ын Эрээн хотод хасагдсан гээд миний машиныг унаад хүн аваад гараад ирэх үү гээд унаад явсан. Ямар нэг түрээслэдэг зүйл байхгүй. Би тухайн тээврийн хэрэслийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэг хүнээс 800,000 төгрөгөөр худалдаж аваад машинд засвар үйлчилгээ хийж байсан. Тухайн үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Тухайн тээврийн хэрэгслийг буцаан авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/,
- Иргэний нэхэмжлэгч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд: “... 22,260 граммтай витамин С нэмэгдэл гэх ascorbic acid /0484/ нэртэй химийн бодисыг Монгол Улсад ямар нэг бүртгэлгүй учир хэрэглэж болохгүй. Эрүүл мэндийн яамны эм биобэлдмэл импортлох тусгай зөвшөөрөл, эм эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох лизенц бүхий аж ахуй нэгж импортлох бөгөөд иргэн импортлохыг хориглоно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/,
- В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-25/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34/,
- МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн 2019-486 шинжээчийн дүгнэлтэд:
- Цувралын дугаар тодорхойгүй “Аскорбины хүчил” түүхий эд нь хими болон бактериологийн шинжилгээгээр СР 2010-ийн шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/,
- А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 53-56/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-80/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, эд мөрийн баримтыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ө.У нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автошалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэлд 1 хайрцаг буюу 22.260 гр эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар аскорбины хүчлийг зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ө.У нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автошалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэлд 1 хайрцаг буюу 22.260 гр эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох аскорбины хүчлийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ө.У нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох 1 хайрцаг буюу 22,260 кг аскорбины хүчлийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.А “...БНХАУ-ын Эрээн хотоос нэвтэрсэн ... улсын дугаартай ... маркийн авто машинд үзлэг шалгалт хийх явцад Гаалийн байгууллагад мэдүүлээгүй витамин С нэмэгдэл гэх хайрцаг дээрээ 25 кг бичигтэй нунтаг цагаан бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрүүлж прокурорын байгууллагад шилжүүлсэн. Тухайн бодисыг Монгол улсын хилээр оруулахад тусгай зөвшөөрөлтэй Аж ахуйн нэгж импортын бүрдүүлэлт хийж оруулдаг. Хувь хүн импортлон оруулж ирж болохгүй...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Н.О “...22,260 граммтай витамин С нэмэгдэл гэх ascorbic acid /0484/ нэртэй химийн бодисыг Монгол улсад ямар нэг бүртгэлгүй учир хэрэглэж болохгүй. Эрүүл мэндийн яамны эм биобэлдмэл импортлох тусгай зөвшөөрөл, эм эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох лизенц бүхий аж ахуй нэгж импортлох бөгөөд иргэн импортлохыг хориглоно...” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.У-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг эм, эмийн түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ө.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 кг нь 15,330 төгрөгөөр үнэлэгдсэн, шинжээчийн дүгнэлтээр “шаардлага хангасан” гэх тул 1 хайрцаг 22,10 грамм аскорбины хүчлийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.У-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч А.Ө-н өмчлөлийнх тул Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч А.Ө-д олгож, шүүгдэгч Ө.У нь гэмт хэрэг үйлдэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнэ болох 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ө.У-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эм, эмийн түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Ө.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 338,793 төгрөгний үнэтэй 1 хайрцаг 22,10 грамм аскорбины хүчлийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2019 оны 04 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч А.Ө-д олгож, шүүгдэгч Ө.У-с тээврийн хэрэгслийн үнэ болох 1,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н