Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01286

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02743 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт нийт 114,740,267 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь 2020 оны 06 сарын 14-ний өдөр *******той экскаватор сарын 25,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцож гэрээ амаар байгуулсан. *******ын ажиллуулдаг ******* аймгийн ******* сумын ******* гэх газарт экскаваторыг хүргүүлсэн. ******* экскаватор хөлсөлсний урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг төлсөн. Тохирсны дагуу ******* 15 хоног тутамд төлбөр төлөх ёстой байсан хэдий ч төлөлгүй хойшлуулж ах нь бөөнд нь нэг өгье гэдэг байсан. Гэтэл 2020 оны 09 сарын сүүлээр *******д холбогдуулан ******* аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, уурхайд ажиллаж байсан бүх тоног төхөөрөмжийг хураан авсан талаар олж мэдсэн. Ингээд 2020 оны 09 сарын 28-ны өдөр экскаваторыг гаргуулан авсан. 2020 оны 06 сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 сарын 28-ны өдрийг хүртэл 3 cap 14 хоногийн хугацаанд түрээсийн төлбөр нийт 86,666,667 төгрөг болсон. Үүнээс урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл төлбөр 80,666,667 төгрөгийг гаргуулна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу 3 жил 3 сарын хугацаанд хүү тооцно. Монгол банкны мөнгөний бодлогын хүүгийн хэмжээгээр тооцож жилийн хүүг 13 хувь гэж тооцон нийт 34,073,600 төгрөгийг гаргуулна.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 80,666,667 төгрөг, хүү 34,073,600 төгрөг, нийт 114,740,267 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Бидний хооронд гэрээ байгуулагдаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй. Миний бие ******* аймгийн ******* сумын ******* гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед ******* гэх залуу ...******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь миний хуурай ах, би ахын экскаваторыг танай талбайд авчраад ажиллуулъя, олсон орлогоо хуваая... гэж гуйхад нь зөвшөөрсөн. Үүний дараа ******* нь холбогдож ...экскаватороо ачуулах гэсэн боловч ачилтын зардалгүй болоод байна, та туслаач... гэхэд нь зардлын мөнгө шилжүүлж өгч байсан. Ачуулсан экскаватор нь ирсэн боловч жолоочгүй, цаашлаад ашиглах боломжгүй эвдрэлтэй байсан тул огт ашиглаагүй. ******* надад холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа огт явагдаагүй. Тухайн цаг хугацаанд орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор ******* аймагт үйл ажиллагаа явуулж байсан бүх уурхайн техникүүдийг Цагдаагийн журмын хашаанд байршуулж байсан. Энэ шалтгаан нөхцөлийн улмаас нэхэмжлэгчийн экскаватор хураагдсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч *******д холбогдох, 114,740,267 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. 2020 онд ******* аймагт ажиллаж, амьдардаг ******* гэх дүүгээрээ дамжуулан хариуцагч *******той холбогдож, 2020 оны 06 сарын 14-ний өдөр ******* улсын дугаартай экскаваторыг сарын 25,000,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохирсон. Ингээд нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөр шаардахад 6,000,000 төгрөг өгөөд, үлдэгдэл төлбөрийг мөнгө орж ирэхээр өгнө гэсэн. Өөрийн дүү *******гээр дамжуулан бидэнтэй холбогдсон тул итгээд экскаватораа ******* аймгийн ******* сумын ******* гэх газар луу хүргүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхгүй байсан тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.2. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй, *******гийн авчирсан экскаватор нь эвдэрхий байсан, мөн нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр маргасан. Хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчийн явуулсан экскаватор нь эвдэрхий байсан гэх тайлбараас үзвэл гэрээний зүйлийг хүлээн авсан байна. Харин эвдэрхий байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд тухайн экскаваторыг жолоодож байсан жолооч эвдрээгүй тухай гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлснээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчтэй чатаар холбогдохдоо энэ талаар огт дурдаж байгаагүй зэрэг нь хариуцагчийн эвдрэлтэй байсан гэх тайлбар худал болохыг нотолж байна.

4.3. Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрөөс өөр өглөг, авлагын тооцоо байхгүй. Нэхэмжлэгч нь өөрийн фэйсбүүк цахим хаягаар дамжуулан хариуцагчтай холбогдон экскаватор хөлслүүлэх гэрээний төлбөрөө шаардахад хариуцагч төлөхөө удаа дараа илэрхийлж байснаа oгт үгүйсгээгүй. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал *******, экскаваторын эзэмшигч ******* нар нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд бөгөөд ******* нь өөрийн эзэмшлийн техникийг компанийн нэрээр хариуцагчид түрээслүүлсэн үйл баримтад маргаагүй. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаас үзвэл гэрээний зүйл заавал хөлслүүлэгч этгээдийн өмч байхыг хуульд заагаагүй. Анхан шатны шүүх гэрээний зүйл болох экскаваторын өмчлөгч этгээд нь тухайн үед иргэн ******* байхад ******* ХХК-аар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар гэрчээр талуудыг холбож буй ******* гэх хүнийг асуулгах хүсэлт гаргасан ч хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарахад нөлөөлсөн. Тодруулбал, нэхэмжлэгч анх ******* гэх дүүгээрээ дамжуулан хариуцагчтай холбогдсон бөгөөд тухайн үед гэрээний урьдчилгаа төлбөрийг *******гээр дамжуулан нэхэмжлэгчид шилжүүлсэн. Мөн экскаваторыг хариуцагчийн уурхайд ашигласан талаар хамгийн сайн мэдэх хүн. Хариуцагч би ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй, харин ******* надтай хамтрах зорилгоор экскаватор авчирсан гэж маргадаг зэргээс үзвэл зайлшгүй гэрчээр оролцуулах ёстой байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 80,666,667 төгрөг, хүү 34,073,600 төгрөг, нийт 114,740,267 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, экскаватор эвдэрхий байсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...******* ХХК нь 2020 оны 06 сарын 14-ний өдөр ******* улсын дугаартай экскаваторыг нэг сарын 25,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр *******той амаар тохиролцож, ******* аймгийн ******* сумын ******* гэх газарт хүргүүлсэн, ******* нь урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг өгсөн, экскаватораа 2020 оны 09 сарын 28-ны өдөр журмын хашаанаас очиж авсан... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч компанитай гэрээний харилцаанд ороогүй, ******* экскаваторыг талбайд авчирч ажиллуулаад орлогоо хуваая гэсэн, *******д экскаваторыг авчирах зардалд 6,000,000 төгрөг шилжүүлсэн... гэж тус тус тайлбарлан талууд маргажээ.

4. Хэргийн баримтаас үзвэл, аман хэлцэл хийсэн гэх 2020 оны 06 сарын 14-ний өдрийн байдлаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ******* т, ******* улсын дугаартай ******* маркийн экскаваторын өмчлөгчөөр ******* тус тус улсын бүртгэлд бүртгэлтэй байжээ.

Тухайн үед экскаваторын өмчлөгч *******оос ******* ХХК, гүйцэтгэх захирал *******д ******* улсын дугаартай экскаваторыг бусдад түрээслүүлж, түрээсийн төлбөрийг авах эрх олгосон баримт хэрэгт мөн авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хийсэн ......******* ХХК нь ******* улсын дугаартай экскаваторыг бусдад түрээслүүлсний үүргийг хариуцагч *******оос шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна... гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

5. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь тус тусдаа иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүд байна.

6. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо ...*******т, ******* нар нь хамаарал бүхий этгээдүүд... гэж тайлбарлах боловч энэ нь ******* ХХК-ийн шаардах эрхийг шууд нотлох үйл баримт биш.

Түүнчлэн, *******оос ******* улсын дугаартай экскаваторыг бусдад түрээслүүлж, түрээсийн төлбөрийг авах эрхийг ******* ХХК, гүйцэтгэх захирал *******тод олгосон эсэх нь гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй тул ...анхан шатны шүүх гэрчээр *******г асуулгах тухай хүсэлтийг хангахгүй орхисон... гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

Бүрэн эрх олгосон эсэх нь итгэмжлэлээр нотлогдох учиртай.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02743 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...287 дугаар зүйлийн 287.1... гэснийг ...318 дугаар зүйлийн 318.1, 222 дугаар зүйлийн 222.5... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 731,652 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

Д.НЯМБАЗАР