| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06763/И |
| Дугаар | 5236 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 5236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж-5, өөрийн байранд байрлах, “БСБ Люкс Мебель” ХХК /РД: 5686261/-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Офком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батчимэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БСБ Люкс Мебель” ХХК-ийн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Офком” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу өөрийн худалдан борлуулдаг бараанаас зээлээр нийлүүлсэн. Гэвч Офком ХХК нь зээлээр авсан барааны үнийг төлөөгүй тул гэрээг дуусгавар болгож тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн актаар “Офком” ХХК нь манай компанид 8 829 770 төгрөг, алданги 180 8829= 1 589 220 төгрөг нийт 10 418 990 төгрөг болоод байна. Энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа байдаггүй, утсаа авахгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “Офком”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батчимэгийг эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Офком” ХХК-ийн захирал Б.Батчимэгийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БСБ Люкс Мебель” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Офком” ХХК-ийн захирал Б.Батчимэгийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч “БСБ Люкс Мебель” ХХК нь “Офком” ХХК-ийн захирал Б.Батчимэгийг холбогдуулан 10 418 990 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Офком” ХХК-ийн захирал Б.Батчимэг нь Баянгол дүүргийн 13
дугаар хороо, “Тана мебель” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/20938 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “БСБ Люкс Мебель” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ““Офком”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батчимэгийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд “Офком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батчимэгийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “БСБ люкс мебель” ХХК /Утас: 329124, 88109087/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.
“Офком” ХХК-ийн захирал Б.Батчимэг /РД: УЮ89061105/ нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Тана мебель” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Офком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батчимэгийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Офком” ХХК /РД: 2808455/-ийн гүйцэтгэх захирал Б.Батчимэгийг /утас: 99780164/ эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “БСБ Люкс Мебель”” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН