| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2022/03063/И |
| Дугаар | 210/МА2025/01300 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01300
*******гийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/03848 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус сан нь ЭМЯ-тай хамтран ажилладаг байсан бөгөөд 2017 оноос төсөл хөтөлбөрүүд дуусаж, цаашид сангийн үйл ажиллагааг тогтмол явуулах боломжгүй болж, сангийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх санхүүгийн эх үүсвэргүй болсон. Иймээс сангийн ажилтан ******* (сангийн тэргүүний хамаатан)-ын нэр дээр орон сууцыг түр хугацаагаар шилжүүлж, сангийн үйл ажиллагаа дахин явагдсан тохиолдолд буцаан шилжүүлэхээр тохиролцсоны дагуу 2017 оны 04 сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн. 2017 оны 09 сараас сангийн тэргүүн ******* миний эрүүл мэндийн байдал муудаж, АНУ-д удаан хугацаанд эмчлүүлсэн. 2019 оноос хойш *******той орон сууцыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэх тухай удаа дараа шаардаж байсан бөгөөд 2020 оны 07 сарын 07-ны өдөр төлбөр барагдуулах тухай лавлагаа гаргаж өгсөн. Сангийн орон сууцыг өргөтгөлийн хамт худалдан борлуулаад зээл төлсөн төлбөрийг барагдуулах, 70,000,000 төгрөгийг эргэн олгохоор баталгаа гаргасан. Үүнээс хойш хэлцлээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандаж байна.
Иймд, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. *******ны зээлийн барьцаанд байж байгаад зээлээр худалдаж авсан. Зээлийн төлбөр 44,981,204 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн. Тухайн үед ******* намайг төлөөд өгөөч гэсний дагуу би төлөөд барьцаанаас чөлөөлж авсан. Манай компани тус орон сууцны өргөтгөлд нь үйл ажиллагаа явуулж байсан. Бид ах дүүсийн хүүхдүүд бөгөөд сүүлийн үед ойр дотно холбоотой ажиллаж байсан. Сангийн төслийн санхүүжилт зогссон тул орон сууцны зээл болон үйл ажиллагааны өдөр тутмын зардлыг төлж чадахгүй байсан. Оффисын зардал, нийгмийн даатгалын шимтгэл, үл хөдлөх эд хөрөнгийн татвар, орон сууцны зээлийн төлбөрийг хаахад 57,503,990 төгрөг, 2016 оны 12 сарын 26-ны өдөр 44,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн. Ингэснээр 69,960,398 төгрөгийн авлагатай болсон бөгөөд үүнийг дараа төлнө гэж ярьж байсан. Орон сууцыг худалдан борлуулах, орлогоор нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр төлөх 45,000,000 төгрөг, үйл ажиллагааны зардалд 25,000,000 төгрөгийг барагдуулах Сангийн Удирдах зөвлөлийн тогтоол байдаг. Үүнийг үндэслээд 70,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдах-худалдан авахаар тохирсон. Орон сууцны үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар төлсөн бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн *******т холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 29 м.кв 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Талууд 2017 оны 04 сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг *******т худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцны төлбөрийг буцаан төлөөгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулах болсон үндэслэл нь *******д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлөхийн тулд *******т худалдаж, мөнгөөр нь өрийг төлөх зорилготой байсан. Энэ нь *******гийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед ******* мөнгөгүй байсан учир сангийн ерөнхийлөгч ******* нь өөрийн найз ******* ХХК-ийн захирал *******аас 50,000,000 төгрөгийг зээлж, *******т өгч, уг мөнгөөр хариуцагч нь *******ны зээлийн төлбөрийг төлсөн. Сангийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу маргаан бүхий орон сууцыг хариуцагчид худалдсан ч үр дүн гараагүй буюу 70,000,000 төгрөгийг ******* нь төлөөгүй ба *******аас зээлж авсан 50,000,000 төгрөгийн өрийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна.
4.2. ******* нь 70,000,000 төгрөг төлөхөө удаа дараа илэрхийлсэн, орон сууцыг бусдад худалдан борлуулж мөнгийг гарган өгнө гэсэн боловч өөрөө нөхрийнхөө хамаарал бүхий ******* ХЗХ-ны зээлийн барьцаанд тавьж, үр шимийг нь хүртэж байгаа төдийгүй, худалдан борлуулах аливаа үйлдэл хийгээгүй, 2020 оны 07 сарын 07-ны өдөр ******* нь орон сууцны төлбөр 70,000,000 төгрөгийг төлөх агуулга бүхий баталгааг өөрийн гараар бичиж, гарын үсгийн баталгаа хийлгэж *******д өгсөн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасан үндэслэл үүссэн гэж үзэх ба ******* нь төлбөр төлөх баталгаа хийж өгсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна.
4.3. Анхан шатны шүүхээс *******ын төлбөр төлөх баталгааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байгаа ба дээрх зохицуулалт нь хэлцэлд хамаарах хуулийн зохицуулалт төдийгүй төлбөр төлөх баталгааг илтэд гуйвуулан гэрээний үнийг нэмэгдүүлж, төлбөр төлөх нөхцөлийг тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий гэж үзэхээргүй байна.
Иймд, шударга ёсны зарчмын дагуу хариуцагч төлбөрийг нь төлөөгүй орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл нь үндэслэлгүй хөрөнгөжиж буй хэлбэр гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалган тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...орон сууцыг түр шилжүүлсэн, орон сууцны үнэ төлөгдөөгүй, хариуцагч нь баталгаа бичиж өгсөн... гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...орон сууцны үнийг бүрэн төлж өмчлөлдөө шилжүүлэн авсан, сангийн тэргүүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд баталгаа бичиж өгсөн... гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргасан байна.
4. Хэргийн 1-р хавтасны 41, 65-р талуудад ******* болон ******* нарын хооронд 2017 оны 04 сарын 26-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ авагдсан.
Эдгээр гэрээнд орон сууцны үнийг 30,000,000 төгрөг, 70,000,000 төгрөг гэж хоёр өөр байдлаар тодорхойлсон боловч хэргийн баримт, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан үзвэл талуудын тохиролцсон бодит үнэ 70,000,000 төгрөг гэж үзэхээр байна.
Иймд, 2017 оны 04 сарын 26-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр ******* нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийг *******д төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон гэж үзнэ.
5. ******* нь орон сууцны үнэ болох 70,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар бодит үнэнд нийцээгүй байна. Тодруулбал:
5.1. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 4-т дурдагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 2.2-т Төлбөр төлөх нөхцөл: Төлбөр төлөгдсөн, тооцоо дууссан гэж бичигдсэн.
5.2. Хэргийн 1-р хавтасны 49-р талд авагдсан *******гийн Удирдах зөвлөлийн 2017 оны 04 сарын 26-ны өдрийн тогтоолд ...орон сууц худалдан борлуулсан орлогоор Баянгол дүүргийн шүүхээс гаргасан 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 2924 дугаар шийдвэрийн дагуу төлөгдсөн 45,000,000 төгрөг, үйл ажиллагааны зардалд зээлсэн 25,000,000 төгрөгийг хүүгийн хамт барагдуулах-аар шийдвэрлэсэн. (Уг тогтоолд төлөгдсөн, зээлсэн гэж өнгөрсөн цаг дээр болсон үйл баримтыг дурджээ)
5.3. Маргаан бүхий орон сууц 2017 оны 04 сарын 26-ны өдөр *******ын өмчлөлд бүртгэгдсэн.
5.4. Хэргийн 1-р хавтасны 69-130-р талд авагдсан баримтуудаар ******* болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд ******* ХХК нь *******гийн нэрийн өмнөөс түүний үйл ажиллагааны зардал, цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, бусдад өгөх өглөг, *******ны зээлийн төлбөр зэрэгт нийт 69,930,398 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон.
6. Дээрхээс үзвэл ******* нь 2014 оны 08 сараас 2016 оны 12 сар хүртэлх хугацаанд *******гийн өмнөөс түүний бусдад төлөх төлбөрт нийт 69,930,398 төгрөгийг төлсөн, улмаар *******гийн Удирдах зөвлөл нь *******т төлөх төлбөрт тооцон Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар *******ын өмчлөлд шилжүүлэн өгчээ.
Иймд, ...******* нь өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрийг төлөөгүй... гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч нь хэргийн 1-р хавтасны 181-р талд авагдсан Баталгаа гэх 2020 оны 07 сарын 07-ны өдөр гэсэн огноотой, *******ын гарын үсэг бүхий баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгодог.
Дээрх баримтад ...******* нь Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот хаягт орших ... 2 өрөө байр болон түүний өргөтгөлийг худалдан борлуулж, худалдан борлуулсан борлуулалтын орлогоос 70,000,000 төгрөгийг *******д буцалтгүйгээр олгоно. ******* нь хүнд өвчтэй байгаа бөгөөд дээрх орон сууцыг худалдан борлуулах үед ******* нь нас барсан тохиолдолд түүний хүсэлтийн дагуу охин *******д 70,000,000 төгрөгийг шууд олгоно... гэж бичигджээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.
Баталгаа-г үгийн шууд утгаар тайлбарлавал ...орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул орон сууцыг буцаан шилжүүлнэ... гэсэн утгыг илэрхийлээгүй буюу ...орон сууцыг өргөтгөлийн хамт бусдад худалдан борлуулсан тохиолдолд 70,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ... гэсэн агуулгыг илэрхийлж байна.
Анхан шатны шүүх Баталгаа гэсэн баримтад дурдагдсныг гэрээний үнийг нэмэгдүүлж, төлбөр төлөх нөхцөлийг тохирсон гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Иймд, ...анхан шатны шүүх төлбөр төлөх баталгааг илтэд гуйвуулан дүгнэсэн... гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
8. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/03848 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР