| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00034/И |
| Дугаар | 212/МА2025/00026 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 212/МА2025/00026
“Т” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тусгайлсан журмаар шийдвэрлэсэн, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/00181 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ************ үйл ажиллагаа явуулдаг, РД:*******, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ************оршин суух К овогт Ш.О-, Б овогт Н.М- нарт холбогдох,
“Үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй бол баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүссэн” иргэний хэргийг хариуцагч Н.М-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Н.М-ийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх “Т” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.О-, Н.М- нарт холбогдох 5,234,926 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.М-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэн, хэрэгжүүлснийг ойлгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн явуулах нь мөн зарчмыг хангах үндсэн нөхцөл болдог. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй байна.
3. Анхан шатны шүүх хариуцагчийн үгүйсгэлийн үндэслэлд тусгагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хангахгүйгээр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ш.О-т гардуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй нөхцөл шалтгаан болжээ.
4. Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ш.О-, Н.М- нар нь “Т” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 6,500,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй хариуцагч Ш.О- нь Казахстан явсан тул түүний ээж хамтран зээлдэгч Н.М-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулж, хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулж өгнө үү.” гэж тайлбарлажээ.
Хариуцагч Н.М- нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд оршин суудаг, миний хүү О- тус байгууллагаас 2021 оны 5 дугаар сард уг зээлийг авсан ба Ш.О- нь гэр бүлтэйгээ хамт 2022 онд Казахстан улсад ажиллахаар явсан. Одоо хүртэл Монгол Улсад орж ирээгүй ба хэзээ ирэх нь тодорхой бус байна. Тухайн үед зээл авах үед хамтран хариуцагчаар Н.М- би зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Гэвч одоо уг зээлийг үндсэн зээлдэгч Ш.О- төлөх ёстой ба харин хамтран хариуцагч Н.М- би хариуцахгүй гэж бодож байна. Надад уг зээлийг төлөх ямар ч боломжгүй, би өрх толгойлсон эмэгтэй, надад ямар нэгэн хөрөнгө байхгүй, тэтгэврийн зээлтэй. Иймд “Т” ББСБ-ын нэхэмжилсэн нийтдээ 5,234,926 төгрөгийг Н.М- надаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж маргажээ.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
- 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 251050110019 дугаартай ээлийн гэрээ, 251050110019 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 251050110019 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцаат гэрээгээр хариуцагч Ш.О-, хамтран зээлдэгч Н.М- нар нь 6,500,000 төгрөгийг, сарын хүү 3.10 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай “Т” ББСБ ХХК-аас зээлжээ.
- Хариуцагч үндсэн зээлдэгч Ш.О- **********оршин суух хаягтай болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №12/162 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №CVL2583000001000573 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Ш овогтой О- (РД:***********) дугаартай хаягт албан ёсоор оршин суух бүртгэлтэй боловч гадаадад оршин суугч иргэн мөн гэсэн байна.
- Хариуцагч (үндсэн зээлдэгч) Ш.О- нь зээлээ төлөөгүй, оршин суудаг хаягтаа байхгүй, Бүгд Найрамдах Казахстан Улс руу гэр бүлээрээ явсан гэдэг нь хариуцагч (хамтран зээлдэгч) Н.М-ийн тайлбар, багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогджээ.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан хариуцагч Н.М-ээс үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 5,234,926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан ********тоот хаягт байршилтай 64 м.кв талбайтай Ү-****** дугаартай хувийн сууц, *********** тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай Э-*********** дугаартай өвөлжөөний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Т” ББСБ-тай 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ш.О-, Н.М нар 251050110019 дугаар Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 6,500,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээний зүйлийг шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтуудад талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул “Т” ББСБ болон С Ш.О-, Н.М- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
8. Хариуцагч (зээлдэгч) Ш.О-, хариуцагч (хамтран зээлдэгч) Н.М- нар нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Т” ББСБ-аас 6,500,000 төгрөгийн зээл авч, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр Баян-Өлгий аймгийн *********** тоот хаягт байршилтай 64 м.кв талбайтай Ү-********** дугаартай хувийн сууц, ************* тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай Э-************ дугаартай өвөлжөөний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж үндсэн зээлдэгчээр Ш.О-, хамтран зээлдэгчээр ээж нь Н.М- тус тус гарын үсэг зурсан нь тогтоогджээ.
2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 51050110019 дугаартай Зээлийн гэрээний 2.1.7-д хамтран зээлдэгч-энэхүү зээлийн гэрээний нөхцөлөөр зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэгтэй иргэн гэж, 4.2.15-д Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон (тухайлбал зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт) тохиолдолд хуулийн дагуу Зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээгээр авсан зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээнэ гэж тус тус заасан байна. Иймд хариуцагч (хамтран зээлдэгч) Н.М-ээс үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 5,234,926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ.
Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үндсэн зээлдэгч буюу хариуцагч Ш.О-ийн талаар гэрээнд заасан “зээлдэгч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, сураггүй алга болсон” зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гэрээний заалт хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдээгүйг шүүх анхаараагүй байна.
9. Хариуцагч Н.М- нь “Миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд оршин суудаг, миний хүү Ш.О- тус байгууллагаас 2021 оны 5 дугаар сард уг зээлийг авсан ба Ш.О- нь гэр бүлтэйгээ хамт 2022 онд Казахстан Улсад ажиллахаар явсан. Одоо хүртэл Монгол Улсад орж ирээгүй ба хэзээ ирэх нь тодорхой бус байна. Тухайн үед зээл авах үед хамтран хариуцагчаар Н.М- би зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Гэвч одоо уг зээлийг үндсэн зээлдэгч Ш.О- төлөх ёстой ба харин хамтран хариуцагч Н.М- би хариуцахгүй гэж бодож байна. Надад уг зээлийг төлөх ямар ч боломжгүй, би өрх толгойлсон эмэгтэй, надад ямар нэгэн хөрөнгө байхгүй, тэтгэврийн зээлтэй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн, нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2.15 дахь заалтад хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг хүлээх нөхцөл, журмыг тодорхой тусгаж зохицуулсан байхад хариуцагч (хамтран зээлдэгч) Н.М-ээс 5,234,926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК-нд олгож, хариуцагч Ш.О-т холбогдох хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
“Т” ББСБ нь зээл олгохдоо хариуцагч Ш.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон гэрийн эд хогшил барьцаалсан, зээлийг хариуцагч Ш.О-ийн дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ. Хэдийгээр 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 51050110019 дугаартай Зээлийн гэрээний 2.1.7-д хамтран зээлдэгч энэхүү зээлийн гэрээний нөхцөлөөр зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэгтэй гэж заасан боловч энэ нь гэрээний ерөнхий зарчмын зохицуулалт бөгөөд тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.15 дахь заалтад “Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон (тухайлбал зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох гэх мэт) тохиолдолд хуулийн дагуу Зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээгээр авсан зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээнэ.” гэж хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх үндэслэл журам, нөхцөлийг тодорхой заасан байна. Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2.15-д заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд хариуцагч Н.М- нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-д заасан зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх үндэслэлгүй.
Мөн зээлийн гэрээний 4.2.15-д заасан нөхцөл байдал үүсээгүй, үндсэн хариуцагч Ш.О- нь “...тухайн хаягт бүртгэлтэй боловч, гадаадад орчин суугч иргэн...“ гэсэн тодорхойлолт болон хариуцагч Н.М-ийн “…2022 онд Казакстан улсад ажиллахаар явсан…” гэх тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх хамтран зээлдэгч хариуцагч Н.М-ээс үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 5,234,926 төгрөг гаргуулан шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй, хэргийн үйл баримтад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн “…шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү…” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна.” , 72.2.”Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.”, 72.3.”Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.”, 72.4.”Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаврыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ.” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх дээрх ажиллагааг хийгээгүй байж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн үйл ажиллагаа талуудын мэтгэлцэх зарчимд нийцээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж, хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж дүгнэв.
11. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаар гаргасан хариуцагч Н.М-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэх учраас түүний хэргийн үйл баримттай холбогдуулж гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн гомдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилсан байдлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.
12. Хариуцагч Н.М-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос “шүүхийн шийдвэрийг хүчингүй болох талаар гаргасан үндэслэлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн Н.М-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,710 төгрөгийг хариуцагчид хуульд зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2025/00181 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, хариуцагч Н.М-д буцаан олгосугай.
3. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ