Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Шүүгдэгч: С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт Сийн Цид холбогдох 1935002950157 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дугаар сарын   07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 9-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 3-р багт оршин суух З овогт Сийн Ц  / РД:.............................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч С.Ц нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Б.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

1. Шүүгдэгч С.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Б.Оийг зодсон болох нь хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц манай худ юм аа. Цийн залуу манай охинтой гэр бүл юм. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт С.Ц ирээд цай ууж байснаа гэрийн гаднаас 1 шил 0.75л архи авч ирээд манай нөхөр Дтай уусан. Хүргэн Б нь манай гэрийн утас руу залгаад манай адуу зүүн эх булаг дээр очсон байх шиг байна гэж хэлэхэд би Цийг яваад харчих гэхэд манай нөхөр тэр 2 хамт яваад ирсэн. Ирээд дахин нэг шил архи уух гэхээр нь одоо та хоёр архи уухаа болиод амар гэж хэлэхэд тэд зүгээрээ гээд ууж эхэлсэн. Удалгүй намайг амбаарт намайг юм хийж байхад Ц орж ирээд чи архинаас нэг амсчих бид 2 үлдсэнийг нь уучихъяа гэсэн. Би гэрт орж амсчаад  байж байтал Ц нь манай нөхөрт “танай эхнэр ойрд надад илүү үг их хэлдэг болсон байна” гэхээр нь би чи юу яриад байна гэхэд та нар миний хүүхдийг даралж байна, миний хүү үхэр сааж байна би хүүхдээ та нараан дарлуулахгүй шүү, би та 2ыг иднэ гэж хэлсэн. Тэхээр нь би чи юу яриад байна гээд галын үүдэнд суугаад цай уугаад авгаа тавих зуур миний нүүр рүү Ц гараараа цохисон. Тэр хооронд биний хамраас цус гарч ухаан балартсан. 2017 онд Ц манай нөхөртэй хамт архи ууж байгаад манай нөхрийн шүд рүү цохиж дээд талын 4 шүд доод талын 2 шүдийг нь унагасан юм. Өөр өш хонзон хэрүүл маргаан өр авлаганы зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-7, 8-р тал/,

Гэрч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 07 сарын 26-ны өдөр 16 цагийн үед би Эрүүл мэндийн төвд байхад Давст сумын Хандгайт багийн иргэн Б.О хүнд зодуулчихсан ирсэн. Тэгээд биеийнх нь байдлыг үзэхэд толгой өвдөнө, хамар өвдөнө, нүдний угаар хөшиж өвдөнө, зүрх дэлсэнэ хоёр нүд хамар нь хөхөрсөн зүүн хөлний шилбэ хэсгээр хөхөрсөн байсан. Тэгээд даралт нь 220, 110-тай байсан. Зүрхний цохилт нь 114-тэй байсан. Тэгээд даралт буулгах эм, өвчин намдаах эм, мөн цус алдалтын шингэн нөхөж хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

Гэрч Ч.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэртээ хэвтэж байтал худ Ц Цагаан нэртэй 0.75л архи авч ирсэн. Түүнийг нь хувааж уучихаад бид хоёр Цийн мотоциклиор адуунд явсан. Тэхэд Ц сумын төв орж бензин авах хэрэгтэй байна гэсэн тэгээд бид 2 сумын төв орж бензин авахад Ц дэлгүүрээс Цагаан нэртэй 0.75л архи 1 шилийг авсан. Бид манайд ирээд хувааж ууж байтал манай эхнэр чи яагаад бид хоёрыг дээрэлхэж ална нтр гээд байдаг юм гэтэл Ц миний эхнэрийн хамар руу гараараа цохисон. Би босоод салгах зуур тэр эхнэрийн хөл рүү нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал/,

Шүүгдэгч С.Цийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн үед худ Дын гэрт очсон. Очихдоо би цагаан нэртэй 0.75л архи авч очоод гурвуул хувааж уусан. Тэгтэл Д, О хоёр дахиад нэг шил архи уумаар байна гэхээр нь би сумын төв рүү орж дахин цагаан нэртэй 0.75л архи авч ирсэн. Тэгтэл О над руу янз бүрээр хэлж иднэ ууна гэж агсам тавьсан юм. Тэгэхээр нь би Оийн хамар руу гараараа нэг удаа цохитол түүний хамраас цус гарсан. Хамраасаа гарсан цусыг арчиж цэвэрлэхээр нь бид  гурав унтаж амарсан ба өглөө нь би Д, О хоёроос уучлал гүйгаад явсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 536 дугаартай шинжээчийн “Б.Оийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, 2 талын хацарт зөөлөн эдийн цус хуралт няцралт зэрэг гэмтэл үүссэн байна.  Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнхөн нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/-ээр хохирогч Б.Оийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж нүүрний орчим, толгойн орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Оийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч С.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ц урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/-аар нотлогдсон. 

Хохирогч Б.О нь “Миний хохирлыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тодорхойлолт /хх-ийн 48-р тал/ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч С.Цийн зан байдлын тараал: Гэрч Б.Дын өгсөн: “Манай авга ах С.Ц нь даруу төлөв, дуу цөөтэй хүнд тусархаг ажилд хичээнгүй, хэдэн хүүхдүүдээ хүн болгож өсгөсөн. Нутгийн ард иргэд дунд нэр хүндтэй үнэнч шударга хүн юм. Хааяа нэг баяр ёслолоор архи хэрэглэдэг ч унтаад амарчихдаг хүн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/, Гэрч О.Гийн өгсөн: “Манай хүргэн ах С.Ц нь даруу төлөв, хүнд тусархаг, нутгийн иргэдийн дунд нэр хүндтэй, ажилсаг, үр хүүхэддээ халамжтай, элдэв янзын зан байхгүй. Шулуун шударга хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/ гэх мэдүүлгүүд авагдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэл учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Сийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Цид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

     

       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ