| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0138/Э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Цгийн Ад холбогдох 1935002990162 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 10-ндр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8-р багт оршин суух Б овогт Цгийн А /РД: РД:...................................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Тариалан сумын 6-р багийн нутаг Гурван тээл гэх газар хохирогч Б.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Ц.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Тариалан сумын 6-р багийн нутаг Гурван тээл гэх газар хохирогч Б.Нийг зодсон болох нь хохирогч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэр Тариалан сумын нутаг "Гурван тээл" гэх зуслангийн газарт байгаа ба өөрийн төрөл садангийн хүмүүс болон хүргэн залуутай ойролцоо айл хошоо байгаа. Миний хүргэн Ц.А бид 2-ын адуу хамт байдаг юм. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байтал над руу миний хүргэн болох А утсаар ярьж "адуу хаана байгаа талаар" асуухаар нь "гахайн байрны хажууд байсаныг би авч ирсэн" гэж хэлсэн. Үүний дараа Ц.А намайг хонь болон адууны хажууд байж байтал мориор ирж адуунаас 2 морь барьж аваад манай гадна уяж үлдээчээд явсан. А, Б нар манайд ирээд бид гурав 0.5л Чингис архи хувааж уусан. Би гэрээс гараад малдаа яваад ирэхэд тэр хоёр арын айлд ороод дахин архи ууж байсан. Ц.А буцаж манайд ирж надад "хадам аав, хадам ах 2-ыг чи алсан биздээ" гэсэн зүйл ярьж уурлан намайг газарт унагасан. Тэгээд миний дээр гарч суугаад миний нүүрний хэсэг рүү цохиж зодход нь би түр хугацаанд ухаан алдаад буцаад сэргэтэл А цохиж байсан. Тэхээр нь би Аг түлхэж өөрөөсөө холдуулаад гэрийн ард талд байх харганатай мод руу зугатаасан чинь миний араас хөөж байсан. Харгана дотор ороод хэсэг хугацаанд нуугдсан. А миний араас ирэхгүй болохоор нь хаана байгааг харсан чинь манай гэрийн хажууд зогсож байгаад морио унаад явсан. Тэгээд би А гэх айлд орж нүүрнээс гарсан цусаа боолгуулчаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Надад учирсан хохиролыг Ц.А барагдуулсан тул ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6, 7, 8, 9-10-р тал/,
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “А бид хоёр Нийн гэрт ирээд адуунаас морь бариад Нийн гэрт орж бид гурав 0.5л Чингис гэх архи хувааж уусан. Архи дуусч Н хониндоо явсан. Харин бид хоёр Л гэх айлд очсон. Тэднийх 0.75л Экс гэх архи гаргасан боловч Л бие тааруу гээд уухгүй байсан. Н араас ирсэн ба удалгүй гараад явсан. Үлдсэн архийг А бид хоёр хувааж уугаад А түрүүлээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,
Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 19-20 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн гадна А гутлаа талцсан байдалтай сууж байсан. тэгсэн Агийн хөлнөөс нь цус гарсан халамцуу байдалтай байсан. Хөлөө яасан талаар нь асуутал Н ахтай маргалдаж, муудалцаад ийм болсон гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “А морь солих ажилтай явна гэж ирээд явсан. Үдээс хойш 18-19 цагийн үед дахин ирсэн ба тухайн үед халамцуу байдалтай хүнд хутгалуулчихлаа гэсэн зүйл хэлж ирэхээр нь хартал гутал нь цоорсон, цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч П.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Н, Б, А гурав манайд байсан. Тэр гурав 0.5л хэмжээний архи хувааж ууж байсан. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас архи уухгүй байгаа. Гэтэл Н гэрээс гараад явсан. Тэр үеэр гадаа морь үргэх шиг болохоор нь би гараад хартал морь алдагдсан байсан. Н алдагдсан морьны араас яваад Агийн морийг барьж ирээд данхарын модноос уяад явсан. Алдагдсан морьдоос нэгийг нь барьчаад манай гэрийн үүдэнд ирээд хэлчээд цааш явсан. А морио унаад явсан. Харин Бийг би мотоциклиор хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “..2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед Н ах ирсэн ба нүүрнээс нь цус гарсан байхаар нь юу болсон талаар асуутал “Аагийд цохиулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би нүүр толгойны цусыг тогтоож боолт хийж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
Шүүгдэгч Ц.Агийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ах Б.Н бид 2-ын адуу цуг байдаг юм. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр адуунаасаа морь барьж авахаар ах Нийн гэр рүү очсон чинь гэрийн гадна адуу байсан. Тухайн үед би ах Б гэх хүнтэй хамт морь барихаар Нийн гэрт очсон байсан. Бид 3 адуунаас миний 2 морь бариад унаж очсон морио адуунд тавьсан. Тэгээд бид 3 Нийн гэрт орж цай уучаад 0.5л Чингис гэх архийг хувааж уусан. Архи дуусч Н хониндоо явахаар болж Б бид Нийн гэрийн ардхан байсан Л гэх айл руу явхаар болсон. Тухайн үед би гэр рүү биш арын Л гэх айл руу явж байсан тул адуунаас барьсан 1 морио унаад, 1 морио Нийнд үлдээгээд явсан юм. Б бид 2 Лгийн гэрт очиж цай уугаад байж байтал ах Л 0.75л ЭКС гэх архи гаргаж ирээд ууж эхэлсэн. Лгийн биеийн байдал муу гээд архи уухгүй байсан. Лгийнд задалсан архийг дөнгөж уугаад эхэлж байтал гаднаас Н нэлээн согтсон байдалтай ирсэн юм. Нийг ирсэнээс хойш дунд зэргийн хэмжээтэй хундагаар архийг тойруулсан ба архи шилний хагаст хүрч байтал Н гэнэт надруу агсам тавьж "чамд юу байсан юм" гэсэн утгатай зүйл хэлээд байхаар нь би ч юм ярилгүй хэлсэнийг нь сонсоод суугаад байсан юм. Тэгсэн Н гэрээс гараад гадна уяан дээр байсан морио авахдаа морь уясан шонг газраас хөдөлгөж уяатай морьдыг үргээгээд өөрийнхөө морийг барьж аваад унаад гэрлүүгээ явсан. Тэхээр нь би гэрлүүгээ явья гэж бодоод замаараа Нийн гадна үлдээсэн морио авах гээд очсон. Тэр үед Н гэрийн үүдний хэсэгт зогсож байсан над руу хараад үглэж янз бүрийн юм хэлж байсан. Яг юу хэлээд үглээд байгааг нь ойлгож сонсоогүй. Нийн гэрийн гадна морио шон дээр уяж үлдээгээд Н рүү чиглээд очиж явтал миний урдаас Н "чамайг хутга шааж алнаа ална "гээд гүйгээд ирэхээр сайн харсан чинь гартаа жижиг хутга барьсан байсан. Тэр дор нь Н надад тулаад ирсэн ба хутгаа надруу чичиж хатгасан байдалтай дайрхаар нь би хутгыг хөлөөрөө өшиглөж гараас нь унагах гээд Нийн хутга барьсан гарны тохой хэсэг рүү чиглээд өшиглөтөл хутга миний хөлний хэсэг рүү хатгагдсан. Тэхээр нь шууд Нийг газарт унагаад ямар ч хөдөлгөөнгүй болгоод дээр нь гарч суугаад цохисон. Нийн нүүр рүү цохиж байгаад болиод бостол Н ч бас боссон ба надаас зугатаахаар нь би араас нь хөөх гэсэн чинь хутгаар чичигдэж хатгагдсан миний хөл өвдөөд гишгэж болохгүй байсан тул морины шон руу очиж морио авах гэсэн чинь Лгийнхээс унаж ирсэн морь уяа нь тайлагдаад гүйгээд явсан байсан ба нөгөө морио зайдан унаад Дгийн гэр рүү очсон. Ийм л зүйл болсон. Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Миний буруу гэдгийг ойлгож байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 548 дугаартай шинжээчийн “Б.Нийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын муруйлт, дух, баруун хацар, баруун нүдний дотно булан, хамрын үзүүрт язарсан шарх, цус хуралт, зүүн зулай, дагзны дээд хэсгийн хуйханд, баруун, зүүн хөмсөг, баруун хацарт зулгаралт, 2 нүдний эргэн тойронд цус хугаралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнхөн нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 34-р тал/-ээр хохирогч Б.Нийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Хохирогч Б.Н нь шүүгдэгч Ц.Агийн хөлийг хутгаар зүссэн үйл баримт тогтоогдсон боловч шүүгдэгч Ц.А нь хохирогчийн үйлдэл төгссөний дараа түүнийг унагаж байгаад зодсон үйлдэл хийсэн байх тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болоогүй гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч Ц.А энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж нүүрний орчим, толгой орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Нийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р тал/-аар нотлогдсон.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Д.Эын өгсөн: “Манай багт уг иргэн байдаг ба багийн залуу малчдын нэг байгаа юм. Уг залуу ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Мөн мал маллахаас гадна урлаг, спортоороо багтаа үлгэр жишээ залуу юм. Уг залуу багаа төлөөлж нийтийн монгол бөх тэмцээнд оролцож 2 удаа үзүүрлэсэн, "Малчид дуулж байна" тэмцээнд шилдэг 15-д орж байсан амжилтыг тус тус гаргаж байсан. Зан байдлын хувьд даруухан, харилцаа сайтай хүн байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/, Гэрч А.Сгийн өгсөн: “А төлөв даруу, нийтэч, ямар нэгэн онгироо, сагсуу зан байхгүй. Хүний эв зүйг олж зөв боловсон харилцаж чаддаг зан чанартай. Мөн урлагийн чиглэлээр суралцаж байгаад төгсөж чадалгүй мал дээр гарсан ба өөрийн болон хадам талын хүмүүстэй мал маллаж амьдардаг. Мөн бөх сонирхож барилддаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/, Гэрч Б.Цийн өгсөн: “Төлөв даруу, хүнд тусархаг, ажилсан хүүхэд байсан. дуу дуулдаг ба эхнэр хүүхэддээ халамжтай, сайн эцэг. Архи дарс хэрэглээд байдаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэхдээ учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хутга, чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хутга, чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ