Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 5243

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, “Хос бэрс” ХХК /РД: 5009995/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Экспрейс трейд” ХХК-ийн захирал Ш.Ганбатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “Хос бэрс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хос бэрс” ХХК нь “Экспрейс трейд” ХХК-д 2015 оноос турба зээлээр авч байсан төлөх төлбөрт 25 415 000 гаргуулахаар шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд заасан хаягандаа байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. “Экспрейс трейд” ХХК-ийн захирал Ш.Ганбат нь манай компаний төмөр эдлэл борлуулах цэг дээрээ борлуулагч н.Саранбаатар, н.Тогтохбаатар,  н.Оюунэрдэнэ, н.Бумбарай нараас турба зээлээр авч компанийн бараа материалын бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлэн авдаг байсан. Тэрээр бараа материал авч байхдаа Баянгол дүүргийн 16-р хороо “Шонхор плаза” ХХК-ийн байранд байрлаж байсан. Гэтэл шүүх нэхэмжлэл гаргахад хаягаа өөрчилж төлөхөөс зайлсхийж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийг удирдлага болгон “Экспрейд трейд” ХХК, түүний захирал Ш.Ганбатыг эрэн  сурвалжилах шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хос бэрс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Экспрэйд Трэйд ХХК-ийн захирал Ш.Ганбатын оршин байх хаягийг тогтоолгох эрэн сурвалжлах тухай шүүх хуралдааныг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр товлосон байна. Уг шүүх хуралдааныг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний оролцоогүйгээр шийдвэрлэж шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хос бэрс” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Экспрейс трейд” ХХК-ийн захирал Ш.Ганбатыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Хос бэрс” ХХК нь “Экспрейс трейд” ХХК-д холбогдуулан 25 415 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Экспрейс трейд” ХХК нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Шонхор плаза” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2016/21655 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “Хос бэрс” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Экспрейс трейд” ХХК-ийн захирал Ш.Ганбатыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Экспрейс трейд” ХХК-ийн захирал Ш.Ганбатыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Хос бэрс” ХХК /Утас: 95909077/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

“Экспрейс трейд” ХХК-ийн захирал Ш.Ганбат нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, “Шонхор плаза” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Экспрейс трейд” ХХК-ийн захирал Ш.Ганбатыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг “Экспрейс трейд” ХХК-ийн захирал Ш.Ганбатыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Хос бэрс” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН