| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00117/И |
| Дугаар | 212/МА2025/00028 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 212/МА2025/00028
М.С-ы хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00224 дүгээр шийдвэртэй, хүсэлт гаргагч *********** багт оршин суух С овогт М.С-ы хүсэлттэй,
“Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар баг Цагаан арал гэх газарт 1995 оноос 2000 оныг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга:
1.1. Хүсэлт гаргагч М.С- нь шүүхэд мал маллаж малчин байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлт гаргасан. Тодруулбал 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баяннуур сумын 3-р баг, Цагаан арал гэх газарт мал маллаж малчин байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан.
1.2. Хүсэлт гаргагч М.С- нь 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Энэ талаарх цэргийн алба хаасан лавлагаа хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түүнээс хойш одоо хүртэл Баяннуур сумын 3 дугаар баг Цагаан арал гэх газарт хувийн малаа маллаж, малчин хүн. Хүсэлт гаргагч М.С- ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангаж, 1991 оны 10 дугаар сараас 2000 он хүртэл буюу 9 жил 3 сарын, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хөнгөлөлт даатгалын шимтгэлийн нөхөн төлөх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 2009-2011, 2017 онуудын 4 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн тооцуулсан. Энэ жил 55 насанд хүрсэн учраас Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудаа бүрдүүлсэн байна.
1.3. Гэтэл тус аймгийн Баяннуур сумын 1995-2000 оны мал тооллогын А дансны баримтыг аймгийн архивын тасагт шилжүүлээгүй байна. Түүнээс болж мал тооллогын лавлагаа авах боломжгүй болсон учраас Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хүсэлт гаргасан. Тус зөвлөл нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, 05 тоот тогтоолоор нийгмийн даатгалын байгууллагын зүгээс тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн учраас шүүхэд хандсан.
1.4. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх дараах үндэслэл байна. Хүсэлт гаргагч М.С- нь 1991 оны 09 дүгээр сард цэргээс халагдаж ирсэн. Тэрнээс хойш Баяннуур сумын Цагаан арал гэдэг газар тогтвортой суурьшиж, амьдран сууж байсан байна. Хүсэлт гаргагч болон түүний хүүхдийн ХААТР маягтуудыг шүүхийн санаачилгаар нотлох баримтаар бүрдүүлсэн ба түүний 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.Жандос болон 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин С.А нарын ХААТР маягтуудад эцгийн хөдөлмөр эрхлэлтийн байдал малчин гэж тэмдэглэгдсэн байна. Харин 2000 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтын тэмдэглэх хэсэгт малчин гэх тодорхой зүйл байхгүй учраас хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэснийг тэмдэглэсэн байгаа учраас тухайн үед хувиараа мал маллаж байсан гэдгийг нотолж байгаа гэж үзэж байна.
1.5. Хүсэлт гаргагч 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Х.Б гэдэг хүнтэй гэр бүл болсон. Х.Б-ны малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дараа нь Баяннуур сумаас 1999 онд хадлан эзэмших талаар Засаг даргын захирамжаар олгосон хадлан эзэмших гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн гэрчилгээг үндэслэж олгосон Баяннуур сумын Засаг даргын захирамжийн шүүхийн зүгээс тус аймгийн архивын тасгаас нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Мөн шүүхийн санаачилгаар өмч хувьчлалаар авсан мал хөрөнгийн талаарх нотлох баримтыг тус аймгийн архиваас авахад 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баяннуур сумын Цагаан арал компанийн хөрөнгийн тооцоо маягт 3 гэж гарсан байна. Уг баримтад М.С- болон түүний эцэг н.М нар 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мал хөрөнгө хувьчилж авсан гэдгийг нотолж байна гэж үзэж байгаа.
1.6. Хамт мал малласан гэх Х.А, З.Ж, Х.Т нар нь тодорхойлолт өгсөн. Х.А нь 1978 оноос эхэлж, Х.Т 1970 оноос эхлэн Баяннуур сумын Цагаан арал гэх газар мал маллаж, Баяннуурын Сангийн аж ахуйн малчин байсан. 1992 онд тус Сангийн аж ахуйн тарснаас хойш хувиараа мал малласан байгаа. Эдгээр хүмүүс М.С-ыг багаас нь эхэлж таньдаг, одоо хүртэл мал маллаж амьдарч байгаа гэдэг тодорхойлолт олгосон байгаа.
1.7 Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэж, хүсэлт гаргагч М.С-ы 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Баяннуур сумын 3-р баг, Цагаан арал гэх газарт мал маллаж, малчин байснаа тогтоож өгөхийг хүсэж байна.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00224 дүгээр шийдвэрээр:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С овогт М.С-ы Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 баг Цагаан арал гэх газарт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоож, үлдсэн тус багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00224 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
3.2. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр хүсэлтийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.
3.3. Хүсэлт гаргагч М.С- нь 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр цэргээс халагдаж ирээд Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан арал" гэх газар тасралтгүй амьдарч байна. Энэ нь хэрэгт цугларсан шүүхийн журмаар улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулж авсан ХААТР маягтууд, гэрлэсний бүртгэлийн бүртгэл, хүүхдүүдийн төрсний бүртгэл зэрэг маягтуудаар нотлогддог. Гэтэл шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамаарах 1995-2000 онуудаас зөвхөн 1996, 1999 онуудыг тогтоож, бусад онуудад хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Малчин хүн жилийн 4 улиралд тасралтгүй мал аж ахуй эрхэлж амьдардаг бөгөөд дээрх хугацаанд хүсэлт гаргагч өөр хаягт шилжсэн, өөр төрлийн ажил хөдөлмөр эрхэлсэн талаарх ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад зөвхөн 2 жилийг тогтоосон нь учир дутагдалтай.
3.4. Хэрэгт Баян-Өлгий аймгийн Өмч хувьчлалын комиссын Баяннуурын сангийн аж ахуйн ХӨЭБ /хөрөнгө оруулалтын эрхийн бичиг/-ийн материал авагдсан. 1994 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр огноолсон ”Маягт 03, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ах арал компанийн хувьчилсан хөрөнгийн дэлгэрэнгүй тооцоо” гэх гарчигтай тухайн баримт бичигт хүсэлт гаргагч С-ы нэр орсон бөгөөд авсан хөрөнгийн нийт хэмжээ 21,8 мянган төгрөг, үүнээс мал толгой 38, 21,8 мян.төгрөг /4/ , төлбөрт авсан цэнхэр тасалбар 21,8 мянган төгрөг гэж тэмдэглэгдсэн.Энэ нь М.С- нь 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ахарал компаниас цэнхэр тасалбараар 21,8 мянган төгрөгийн үнэлгээтэй 38 толгой мал авсныг нотлох ба 1994 оноос тухайн багт мал маллаж малчнаар ажиллаж байсныг нотлох баримт юм.
3.5. Хэрэгт хүсэлт гаргагч М.С-ы 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А-ийн төрсний бүртгэлийн маягт авагдсан.Тухайн маягтад төрсөн аймаг, сум, баг нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар баг гэж тэмдэглэгдсэн.Энэ нь М.С- нь тухайн онд Баяннуур сумын 3 дугаар багт амьдарч байсныг нотолно.Мөн тухайн маягтын “эцгийн мэдээлэл” хэсэгт 26.Хөдөлмөр эрхлэлтийн байдал хэсэгт “хувиараа хөдөлмөр эрхлэгч” гэж тэмдэглэгдсэн.Шүүх үүнийг ажилгүй гэж тэмдэглэгдсэн гэж буруу дүгнэж бичсэн. Тухайн хөдөлмөр эрхлэлтийн байдал хүснэгт нь сонгох байдлаар бичихээр “цалин хөлстэй ажиллагч, ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршооллын гишүүн, өрхийн үйлдвэрлэлд цалин хөлсгүй оролцогч, ажилгүй, бусад” гэсэн үзүүлэлттэй бөгөөд “малчин” гэх хүснэгт байхгүй байгаа.Энэ тохиолдолд шүүхээс “хувиараа хөдөлмөр эрхлэгч” гэж тэмдэглэснийг малчнаар ажилласнаар адилтгах тооцох бүрэн боломжтой.
3.6. Хэрэгт Баяннуур сумын Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Хадлан хуваарилалтыг журамтай болгох тухай” 23 дугаартай захирамж, дээрх захирамжийг үндэслэн хүсэлт гаргагчид 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгосон 00353 дугаартай гэрчилгээ авагдсан. Дээрх гэрчилгээнд харьяаллыг III баг гэж бичсэн нь хүсэлт гаргагч 1999 онд мөн адил Баяннуур сумын 3 дугаар багт оршин сууж байгааг нотолно. Тухайн гэрчилгээнд эзэмших хугацааг бичээгүй ч гэсэн хадлан эзэмших гэрчилгээг нэг жилээр олгодоггүй, цаашид үргэлжлүүлэн ашиглах баримт бичиг учир үүнийг 2000 онд мөн адил хамааруулан үзэж хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг тогтоох боломжтой байсан.
3.7. Хүсэлт гаргагчийн шүүхэд хандах болсон үндсэн шалтгаан нь Баяннуур сумын жилийн эцсийн мал тооллогын “А” дансны 1995-2000 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүйтэй шууд холбоотой.Энэ нь хүсэлт гаргагчийг буруутгах үндэслэл биш бөгөөд тухайн үеийн ажил хариуцсан албан тушаалтнууд мал тооллогын “А” дансны баримтыг архивд шилжүүлсэн бол шүүхэд хандах шаардлага гарахгүй байсан. Хэрэв тухайн онуудын мал тооллогын “А” дансны баримтыг архивд шилжүүлээд тэндээс хүсэлт гаргагчтай холбоотой баримт гараагүй бол бас өөр хэрэг. Нэгэнт ажил хариуцсан хүмүүсийн буруугаас болж баримт архивд шилжээгүй учир хүсэлт гаргагч шүүхэд хандахаас өөр аргагүй болсон.Ингэхдээ он болгоныг нотлох баримтуудыг гаргаж өгөх ямар ч боломжгүй. Шүүх хүсэлтийг хянаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд 1995-2000 онуудад мал маллаж малчин байсныг тогтоох бүрэн боломжтой байсан.
3.8. Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус тус ойлгоно гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хүсэлт гаргагч М.С- нь “мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн” байгаа. Үүнийг шийдвэр гаргахдаа анхаарч үзэх ёстой.
3.9. Хэрэгт Баяннуур сумын 3 дугаар багийн иргэн Х.А, З.Ж, Х.Т нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд авагдсан.Эдгээр хүмүүс насаараа Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан арал гэх газар мал маллаж амьдарсан хүмүүс бөгөөд М.С-ы талаар тодорхой мэднэ. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр дээрх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасны дагуу хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан.Дээрх хүмүүс мэдүүлэг өгөхдөө И.С- нь 1995-2000 онуудад Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан арал” гэх газар хувиараа мал маллаж амьдарч байсныг тодорхой мэдүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар гэрчийн мэдүүлэг нь хэргийн нотлох баримтад тооцогдох бөгөөд эдгээр гэрч нарт хууль сануулж албан ёсоор мэдүүлэг авсан учир тэдний мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёстой.
3.10. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00224 дугаартай шүүхийн шийдвэрт гомдолд дурдсан үндэслэлүүдийн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулж миний гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
4. Давж заалдах шатны шүүх М.С-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакены гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
5. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, “үндэслэл бүхий байна” гэдэгт хэрэгт авагдсан, хууль ёсны нотлох баримтуудыг шүүх хуульд заасан журмаар үнэлж, дүгнээд хэргийн үйл баримтыг бодитой сэргээн тогтоосныг ойлгоно. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан дээрх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг буюу хүсэлт гаргагч М.С-ы:
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 баг Цагаан арал гэх газарт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал,
- мөн газарт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал тус тус мал маллаж, малчин байсан үйл явдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэж тогтоосон бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан процессын хэм хэмжээнд нийцжээ.
7. Харин хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3-р баг Цагаан арал гэх газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан талаар үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй учраас хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим нь хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зарчим дангаараа хэрэгжихгүй, шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байдаг.
Мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг олж цуглуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан баримтуудаар хүсэлт гаргагчийн зарим шаардлага тогтоогдоогүй байна.
9. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан шинжлэн судлахад:
Гомдлын үндэслэл болгосон Баян-Өлгий аймгийн Өмч хувьчлалын комиссын Баяннуурын сангийн аж ахуйн ХӨЭБ /хөрөнгө оруулалтын эрхийн бичиг/-ийн материал /хх-ийн 27-30дахь тал/, М.С-ы 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А-ийн төрсний бүртгэлийн маягт /хх-ийн 33-35 дахь тал/, Баяннуур сумын Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Хадлан хуваарилалтыг журамтай болгох тухай” 23 дугаартай захирамж /хх-ийн 51-54 дэх тал/ баримтууд нь хүсэлт гаргагч М.С-ы Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3-р баг, Цагаан арал гэх газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсныг нотлохгүй байх бөгөөд энэ талаах анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
10. Мөн шүүхэд Х.А, З.Ж, Х.Т нар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “хүсэлт гаргагч М.С-тай нэг зусланд хамт зусаж, өвөлжөөнд хамт өвөлждөг учраас түүний мал маллаж, малчин байсныг сайн мэддэг. Тухайн үед 400-500 малтай байсан. Одоо ч гэсэн мал малладаг бас хамт хөрш зэргэлдээ суудаг” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчүүдийн мэдүүлэг нь нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч тэдгээрт дурдагдсан баримтат мэдээллийг шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх замаар дүгнэлт хийх боломжтой. Гэтэл гэрчийн мэдүүлэгт дурдсан баримтат мэдээллүүдийг харьцуулах өөр нотолгооны хэрэгсэл хэрэгт байхгүй, иймээс тэдгээрийг хооронд нь харьцуулан үнэлэх нь хуульд заасан дээрх журамд нийцэхгүй буюу бодитойгоор харьцуулан үзэж, үнэлэх боломжгүй байх тул гагцхүү гэрчийн мэдүүлгээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
11. Иймд “...анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, гомдлыг хангуулах тухай” хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хуульд зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ