Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т, 

Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Н.С-т холбогдох эрүүгийн 1820002860011 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Х аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт Н.С,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан иргэн Т.Б-н ачаанаас 4 ширхэг гар утсыг завшиж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Замын-Үүд сумаас БНХАУлсын Эрээн хот хооронд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслээр хүн ба ачаа тээвэр хийж ажилладаг. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Замын-Үүд сумаас БНХАУлсын Эрээн хот руу өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаад оочорлоод явж байхад миний гар утас руу Б залгаад чинь хаана байна Эрээн хотод байна уу гэж асуухад нь би Эрээн хот руу явж байна хаана байгаа талаар асуухад би С нэртэй зочид буудалд байна гэж хэлсэн Тэгээд би 2 цагийн үед орж ирсэн. Эрээн хотод “М" нэртэй баарнаас баруун тийш 100 метрийн зайд байдаг “О” нэртэй, зочид буудлаас бэлэн хувцас, гутал 8 хэсэг скочоор ороосон шуудаатай ачааг аваад машиндаа ачсан. Тэгээд байсан газрын эсрэг талд байрлах “С” нэртэй зочид буудлын гадаа ирээд Б-тэй уулзаад ямар ачаа байгаа талаар асуухад 88 ширхэг гар утас байгаа гээд нэг ширхэг ҳайрцагтай ачааг ачаад Эрээн хотоос Замын-Үүд сум руу гараад ирсэн. Тэгээд Монгол улсын хил дээр явж байхад Б миний гар утас руу залгаад би маргааш орох болсон чи миний ачааг өөр дээрээ байлгаж бай гэж хэлсэн. Тэгээд би хилээс гараад карго орж бусад ачааг каргонд өгч явуулаад Б-н ачааг гэртээ авч ирээд тухайн хайцаганд хэдэн ширхэг гар утас орж болох талаар үзэх гээд задлаж үзэхэд хоёр үе байсан боловч нэг үеэндээ 88-аас илүү байхаар нь Б-г худлаа ярьсан байна гэж мэдээд би буцаагаад скочоор ороогоод байлгаж байгаад маргааш нь каргонд Улаанбаатар хот руу явуулсан. Би Б-н хохирлыг бүрэн барагдуулж дууссан байгаа. Хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 58-59 /,

- Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... Гар утасныхаа лангууны барааг татахаар БНХАУ-ын Шинжин хот руу жижиг тэргээр Х, Ш, С нарын хамт явсан. Шинжин хотын гар утасны захаас 146 ширхэг утсаа 14,000,000 төгрөгөөр худалдаж авсан. БНХАУ-ын Эрээн хотод 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бараагаа авчраад Замын-Үүд хилийн боомт руу гаргуулахаар ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн жолооч С-той утсаар холбогдож 500 юаниар тохиролцож хилээр 146 ширхэг бараагаа нэвтрүүлсэн. Би БНХАУ-ын Эрээн хотод тэр өдрөө хоноод маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын  06-ны өдөр Замын-Үүд суманд орж вагонд сууж хот орсон бараагаа С-г явуулахыг хүлээж байгаад каргоны бараа ирэхэд 23 цаг болж байхад хүлээж авахад барааг шуудайг нь задалж буцаагаад скочидсон байдалтай байсан. ... Дархан луу бараагаа аваад гэртээ ороод нэг бүрчлэн дэвтэрт бичигдсэн бараатай тулгахад Самсунг С-7, Самсунг с6 эдже, Ай поне-5с, Самсунг с6 зэрэг эд зүйлс алга болсон буюу 4 ширхэг алга болсон байсан. Тэгээд би С-т залгаж хэлэхэд би тал гар утсыг нь төлье талыг нь төлж чадахгүй гэсэн. Би яагаад чи төлдөггүй юм. Бүгдийг нь төл гэхэд 2-ыг нь л төлнө үгүй бол алийг нь ч төлөхгүй гэсэн. Надад 4 ширхэг утасны 800,000 төгрөг, машины бинзен 163,700 төгрөг, замын хураамж 4,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/,

- А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 24-26/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд зэргийг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан иргэн Т.Б-н ачаанаас 4 ширхэг гар утсыг завшиж 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Н.С нь 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан иргэн Т.Б-н ачаанаас 4 ширхэг гар утсыг завшиж 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрийн хооронд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан иргэн Т.Б-н ачаанаас 4 ширхэг гар утсыг завшиж 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Б-н “...Дархан луу бараагаа аваад гэртээ ороод нэг бүрчлэн дэвтэрт бичигдсэн бараатай тулгахад Самсунг С-7, Самсунг с6 эдже, Ай поне-5с, Самсунг с6 зэрэг эд зүйлс алга болсон буюу 4 ширхэг алга болсон байсан. Тэгээд би С-т залгаж хэлэхэд би тал гар утсыг нь төлье талыг нь төлж чадахгүй гэсэн. Би яагаад чи төлдөггүй юм. Бүгдийг нь төл гэхэд 2-ыг нь л төлнө үгүй бол алийг нь ч төлөхгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.С-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг болон уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй  гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Н.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-г 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Н.С-т 8 /найм/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Б.Н