| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0628/Э |
| Дугаар | 654 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 654
2019 8 22 2019/ШЦТ/654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Сүхбаатарын Даваасамбууд холбогдох эрүүгийн 181022650798 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн операторч мэргэжилтэй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, Ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33 дугаар гудамжны 6516 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зуутраг овогт Сүхбаатарын Д., /РД: ......,
Шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Д нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажиллуулдаг “Чандмань” хүнсний дэлгүүрт иргэн О.Ганбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Ганбаатар ганцаараа манай дэлгүүрт дутуу мөнгөтэй орж ирчихээд архи авна гэхээр нь би түлхээд хөөгөөд гаргасан түлхэж гаргахад унаж бэртсэн зүйл ерөөсөө байхгүй. Гэрч Нямдаваа болон бусад гэрчүүд худлаа мэдүүлэг өгсөн байна хэрэг болох үед хамт байгаагүй хүмүүс намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Хэрэг болдог үед болон хэрэг болж өнгөрсний дараа цагдаа нар ямар ч ажиллагаа хийгээгүй манай хүнсний дэлгүүр дээр ирж дүрс бичлэгийг ч шалгаагүй. Хохирогчийг мөрдөгч дуудахаар ерөөсөө ирдэггүй алга болчихдог ингэж явсаар байгаад энэ хэрэг бүтэн жил болж байна гэв.
Шүүгдэгч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 08 сарын 03-ны өдөр манай ажиллуулдаг “Чандмань” дэлгүүрт нэг зүс
таних залуу согтуу орж ирсэн. Хамар нь шалбархай, дутуу мөнгө өгөөд архи авъя гэсэн. Тэгэхээр нь би наад мөнгө чинь дутуу байна, чи яахаараа дандаа ингэдэг юм бэ, түрүүчийн удаа охиныг байхад бас ингэж маргасан байна лээ гээд түлхээд гаргасан. Тэгэхэд уучлаарай Самбуу ахаа гээд гарсан. Дараа нь би нэг хартал хашааны буланд тамхи татаад зогсож байсан. Би юм бодоогүй. Тэгтэл тэр өдрийн үдээс хойш орж ирээд ах, дүү, нартайгаа манай эхнэртэй хэрүүл хийгээд гарсан гэсэн...” гэх /хх-ийн 25-26х/,
Хохирогч О.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “... 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би өглөөний 09 цагийн орчимд “Чандмань” дэлгүүрт орсон. Ороод нэг хайрцаг тамхи аваад мөн нэг шил 0,5 литрийн “Хараа” архи авсан. Тэгээд авсан архиа гудамжинд найзтайгаа уучихаад эргээд дэлгүүр лүү ортол намайг Самбуу хөөгөөд миний нүүр лүү цохиод хөөж гаргасан. Мөн буланд шахаад нуруу руу сандлаараа 2-оос 3 удаа цохисон. Би пиво авах гэж ороод маргалдсан. Намайг ороход чи согтуу байна гар гээд хөөсөн. Төмөр хашааны буланд миний нүүр лүү 2-оос 3 удаа цохиод тэгээд жижиг сандлаар нуруу хэсэгт 2-3 удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй, өр авлага өс хонзонгийн харилцаа байхгүй, би гомдолтой байна...” гэх /хх-ийн 21- 22x/
Гэрч Д.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би дэлгүүртээ 11 цагийн орчимд орж ирээд сууж байтал гаднаас архи уудаг хүн бололтой орж ирээд халаасаа ухаж зогсож байгаад үрчийсэн мөнгө гаргаж ирээд лангуун дээр тавиад байхаар нь яах гэж байгаа юм гэж асуухад архи авах гэж байгаа юм гэж хэлсэн...”, “...Тэгээд удалгүй орж эргэж орж ирээд дахиад архи авья гээд гуйгаад байсан өгөхгүй гээд өөрөө хөтлөөд гаргасан юм. Би 3-аас 4 удаа гаргасан дахин дахин орж ирээд байсан. Тэгээд эргэж орж ирээгүй 17 цагийн үед би эргээд гэрлүүгээ орсон юм. Тэгээд манай нөхөр миний оронд суусан. Нөхөр бид хоёр ээлжлээд дэлгүүртээ суудаг юм. Би тэр хүнийг мэдэхгүй, царайг нь мэднэ...”, “...нүүр нь хавганасан байсан. Маш их архи уудаг хүн шиг байсан. Өөр ямар нэгэн шарх сорви байгаагүй...”, “...Манай дэлгүүрийн гадаа ямар нэгэн хүн байгаагүй. Тэр залуу ганцаараа байсан...”, гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
Гэрч У.Амарбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнхнасан надруу Солонгосоос яриад Самбуугийн утасны дугаарыг олоод өгөөч, манай дүүг зодсон байна чи мэдээгүй юм уу гэж надаас асуусан. Би мэдээгүй гэрээсээ ямар гарах биш мэдсэн бол Самбууд хэлнэ шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би нөхөр лүүгээ залгаад хаана байна гэж асуутал зогсоол дээр байна гэж хэлсэн. Энэ үед Мөнхнасан надруу залгаад дугаар олсон уу гэж асуутал би манай хүн Самбуугийн дэлгүүрийн ойролцоо байна гэнээ манай хүн рүү залгаад ярьчих гэж хэлсэн...”, “...Мөнхнасан утсаар ярьсан өдрөө удалгүй залгаад Самбуутай ярьчихлаа “өө танай дүү байсан юм уу мэдээгүйш дээ нээх сүртэй зодсон зүйл байхгүй 1, 2 удаа цохисон ш дээ тэр үед бөгжний нэг зүйл орсон юм байлгүй гэж хэлсэн талаар манай найз Мөнхнасан надад хэлсэн. Сүртэй зүйл болгоод яахав дээ өргөдлөө авчих гээд хэлээд өгөөч” гэж хэлсэн талаар надад хэлсэн. Тэгээд манай найз Самбууд хандаад “би Солонгост хол байгаа хүн яаж авахуулах юм бэ мэдэхгүй манай эгч наана чин байгаа гэж хэлсэн ...” гэх /хх-ийн 29-30х/,
Гэрч Н.Нямдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хамтран амьдрагч Амарбаяр надруу залгаад хаана явна манай багын найз Мөнхнасан одоо чамруу залгана Самбууд утсаа оруулаад өгөөдөх гэж хэлсэн ба би Самбуугийн дэлгүүрт ороод утсаа өгөөд Мөнхнасантай яриулсан. Самбуу утсаар ярихдаа хэн бэ, заза ойлголоо яасан юу болсон бэ гэж хэлсэн тэгээд миний утасны дугаарыг ав гээд тэр Мөнхнасан гэж хүнд утасныхаа дугаарыг өгсөн. Тэгээд би утсаа аваад гараад явсан...”, “...Ганбаатар нь Мөнхнасангийн төрсөн дүү нь байгаа юм. Мөнхнасан нь Монголд байхдаа Даваасамбуугийн дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байсан учраас бие биенээ таньдаг хүмүүс..” гэх /хх-ийн 31-32х/,
Гэрч О.Уртнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө манай дүү Ганбаатар манай гэрт орчихоод Хайлааст руу гэрлүүгээ явлаа гэж хэлсэн. Удалгүй надруу хүнд зодуулчихлаа гэж хэлсэн, ... намайг тамхи авах гээд ороход зодчихсон гэсэн ... би тэр тамхи авах гээд орсон дэлгүүр дээр очиход Самбуу байна уу гэхэд байхгүй гэж хэлсэн ба дэлгүүрт нь нэг авгай, залуухан хүүхэн 2 байж байсан. Манай дүүг зодсон байна гээд хэлтэл дэлгүүрт байсан хүн өөрөө ... өдөр орж ирээд пиво авна гээд бид нартай маргалдаж, доромжилж байгаад гарсан гэж хэлсэн юм. Би тэр дэлгүүрээс гараад цагдаа дээр ирээд өргөдөл гаргасан юм...”, “ ... Өглөө манайд орж ирэхдээ Ганбаатар согтууруулах ундаа хэрэглээгүй, биед нь ил харагдах шарх сорви байгаагүй, Самбуу гэж дэлгүүрийн худалдагчид зодуулчихлаа гэж хэлсэн ... Хамар нь хавдартай, хамрын дээд хэсгээрээ арьс нь хууларсан, нүүр нь цус болчихсон байдалтай байсан...” гэх хх-ийн 33- 34х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9511 дугаартай дүгнэлт:
- О.Ганбаатарын биед зовхинд язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх /хх-ийн 39х/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №890 /хх-ийн 56-58х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэч С.Д нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн “Чандмань” хүнсний дэлгүүрт иргэн О.Ганбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалт, мөн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Хохирогч О.Ганбаатар эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт баримт гаргаж өгөөгүй. Иймд шүүгдэгч С.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зуутраг овогт Сүхбаатарын Даваасамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Дгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД