Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 14

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж,

Нэхэмжлэгч:Арвайхээр сумын 8–р баг, 466-2-49 тоотод оршин суух Гүн нарийн овогт Дамдинсүрэнгийн Алтангэрэл, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү

Хариуцагч:Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрыг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт холбогдох “Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар  сарын 20-ны өдрийн б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай”  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Дуламын гэрт гэр бүлийн маргаанаас болж асууж тодруулах зүйл байсан болохоор гэрт нь очсон. Энэ үед би ажил үүргээ гүйцэтгэж яваагүй.

Тухайн үед зөрчил гаргасан гэж байгаа бол шалгаж болох байсан. Би үүний дараа Б.Дуламаас уучлалт гуйгаад эвлэрсэн байгаа. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын зөвлөлийн хурал болох үед би иргэн Б:Дуламтай эвлэрсэн байсан.

Зөвлөл хуралдаж намайг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/11 дугаартай тушаалаар ажлаас халсан.

Тэгээд би 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Намайг иргэн Б.Дуламтай эвлэрсэн байхад шүүхэд хандсаны дараа гомдолтой гээд ирсэн нь цаанаа нөлөөлсөн гэж бодож байна.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2011 оны 598 тоот тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.4.1 дэх заалтанд тухайн болсон үйл байдалтай холбогдолгүй заалтыг оруулж тохиромжгүй болон нотлогдоогүй заалтыг хэрэглэсэн

 Албаны шалгалт явуулаагүй байж надад шалгалт явуулсан мэт материал ирүүлсэн байгаа нь сонин байна. Би нэг ч удаа тайлбар өгөөгүй байхад хачирлаж нэмэрлэсэн байдал харагдсан. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа нь зөвлөлийн хуралд намайг оруулахдаа халах саналтай орсон байсан.

Надад хэлэхдээ чамайг 6 сарын цалинг 20 хувиар хасах саналтай орж байгаа гэж хэлсэн. Надад эхнээсээ үнэнээ хэлж болох байсан. Би Цагдаагийн байгууллагад 10 гаруй жил ажиллаж байна.

Энэ хугацаандаа цагдаагийн байгууллагын нэр хүндийг дордуулж яваагүй. Харин ч өргөж явсан болов уу гэж бодож байна. Би банкинд 37000000 гаруй төгрөгний зээлтэй. Ажилгүй болоод байраа зарж байгаа. Амьдрал ахуй их хүнд болж байна. Би ажил албатайгаа л үлдье гэж бодсон. Ингээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Иймд хуульд заасны дагуу миний нэхэмжлэлийг шударгаар үнэн зөв шийдэж өгөхийг шүүхээс хүсч байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа: Би өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Алтангэрэлийн өмгөөлөгчөөр оролцож байна.

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/11 дугаартай “Албанаас чөлөөлж, цол хураах тухай” тушаалыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа. Хэний ч амьдралд гэр бүлийн маргаан байдаг. Тэр дундаа залуу хүмүүсийн дунд нэгнийгээ хардахаас эхлээд маргаан үүснэ. Нэхэмжлэгч Б.Алтангэрэл албаны хувцастай ажлын цагаар явж байгаагүй.

 Энэ өдөр амарч байсан. Үүнийг Цагдаагийн байгууллага мэдэх ёстой. Энэ тушаал дээр хууль зөрчсөн зүйл байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.6, 4.4.1, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12.12-д заасныг тус тус зөрчсөн байна гэсэн. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгүүдэд заасан байгаа.

Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм гэдэг бол бусдад дээрэлхэх гэдэг хэсэгт заалт байх ёстой.

Гэтэл Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халах тушаалдаа нэхэмжлэгч Д.Алтангэрэлийг айлд орж танхайрсан, мөн Уянга сумын 6 дугаар багийн нутаг “Шар суваг” гэх газарт байсан цагдаа, иргэд, Засаг дарга нарын хажууд бид нар идэх хоол унд шийдэж өгөөгүй гэх зэрэг үгийг чанга дуугаар хэлж орон нийтийн дунд маш эвгүй нөхцөл байдалд оруулсан асуудал үүсгэсэн гэсэн байгаа.

Энэ асуудал 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн байсан.

 Аливаа зүйл болсны дараа гэм бурууг тогтоох ёстой. Гэтэл шууд үнэлэлт дүгнэлт өгсөн байдаг.

 Өвөрхангай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол байгаа.

Нэхэмжлэгч Д.Алтангэрэл нь олон нийтийн хэв журам алдагдуулаагүй,гэр бүлийн хооронд үүссэн маргаан буюу хувийн сэдэлттэй болсон асуудал байгаа. Тухайн үед айлд орохдоо ажлын хувцастай явсан бол өөрөөр яригдаж болох байсан.

Бат-Өлзий сумаас нэг хүн эхнэр лүү нь яриад чамайг очиж эрхлүүлнэ гэдгийг сонссон эр хүн ямар байх уу гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ бол цэвэр гэр бүлийн хооронд үүссэн маргаан байсан.

Заавал үүнийг ажил албатай холбох шаардлага байхгүй. Харин Уянга сумын 6 дугаар багийн нутаг “Шар суваг” гэх газарт Д.Алтангэрэл нарын цагдаа нар тухайн газарт байсан цагдаа, иргэд, Засаг дарга нарын хажууд бид нар идэх хоол унд шийдэж өгөөгүй гэх зэрэг үгийг чанга дуугаар хэлж байсан нь өөрийн бодол санаагаа илэрхийлсэн байж болно.

Уянга сумын Засаг дарга тайлбартаа би Д.Алтангэрэл цагдааг танихгүй, ямар нэгэн асуудал болоогүй гэж хэлсэн байсан. Иймд нэхэмжлэгч Д.Алтангэрэлийг ажлаас халахдаа буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Алтангэрэлийг сахилгын шийтгэлээр ажлаас халсан байсан. Үүнийг сайн хэлэхгүй бол болохгүй гэж бодож байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэл оногдуулна гэсэн байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д сануулах, 26..1.2-д албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах, 26.1.3-д төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн шат дараалалтай хуулийн заалт байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:Төрийн албаны тухай хуулийн 15.1.1-д албан  үүрэгтэйгээ  холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох.

Хуулийн 15.1.2-д ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл  ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох.

Хуулийн 15.1.3-д албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах.

Хуулийн  15.1.4-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах.

Хуулийн 15.1.5-д Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын  хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих,

Мөн хуулийн 15.1.7-д албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших.

Тус хуулийн 15.1.8-д аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, ажахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх.

Мөн хуулийн 15.1.1-д Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглах гэсэн заалтууд байдаг.

Хуулиа уншаад үзээрэй. Ийм учраас нэхэмжлэгч Д.Алтангэрэлийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Д.Алтангэрэл нь Төрийн албаны үүргээ гүйцэтгэхдээ танхайрсан гэмт хэрэг хийсэн зүйл байхгүй болохоор Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа:Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Алтангэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.4.1 дэх заалтанд тухайн болсон үйл байдалтай холбогдолгүй заалтыг оруулж тохиромжгүй болон нотлогдоогүй заалтыг хэрэглэсэн гэж нэхэмжлэгч дурдсан байсан. Тус Цагдаагийн газар хуулиар хүлээсэн чин үүргээ биелүүлж Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн нутаг “Шар суваг” гэх газарт олон тооны иргэд хууль бусаар алт олборлож байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Бат-Оргилоор удирдуулсан бүрэлдэхүүнийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр явуулж ажиллуулсан ба тухайн үед тус газарт багийн цагдаагаар ажиллаж байсан Д.Алтангэрэл нь энэ бүрэлдэхүүнд орж ажилласан.

 Дээрх бүрэлдэхүүн ажиллах хугацаанд Уянга суманд иргэд хууль бусаар алт олборлож байгаа нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан ажил арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор тус газраас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа, Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Туяацэцэг нар нь орон нутгийн хэвлэл мэдээллийн сурвалжлагч нартай хамт газар дээр нь очиж ажилласан.

Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоо, Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхболд нараас ярилцлага авсан.

Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоо нь ярилцлагын үеэр Засаг даргын тамгын газраас хууль бус алт олборлож  байгаа асуудлыг таслан зогсоох зорилгоор 2000000 төгрөгний асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгөхөд тэнд хажууд нь сонсоод зогсож байсан Д.Алтангэрэл нарын цагдаа нар тухайн газарт байсан цагдаа, иргэд, Засаг дарга нарын хажууд “Бид нарт идэх хоол унд шийдэж өгөөгүй гэх зэрэг үгийг чанга дуугаар хэлж олон нийтийн дунд маш эвгүй нөхцөл байдалд оруулсан асуудал үүсгэсэн. Хүмүүст буруу ташаа ойлголт төрүүлсэн. Миний бие өөрөө ингэж хэлэхийг нь сонсож байсан учраас нотлож байна.

 Харин ч би боль гэж байгаад болиулсан. Д.Алтангэрэл өөрөө мэдэж байгаа гэж бодож байна. Тухайн үед төрийн байгууллагаас чиг үүргээ хэрэгжүүлж явуулсан үйл ажиллагаанд зориулан гаргаж зардал шийдвэрлэсэн, явуулж байгаа ажил арга хэмжээний талаар Уянга сумын Засаг даргын ярьсан  үгийг буруу байдлаар Д.Алтангэрэл нь тухайн газарт байсан иргэд, цагдаа, сурвалжлагч нарт ойлгуулсан хамт олныг өдөөсөн үг яриа гаргасан энэ зохисгүй үйлдэл нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.4.1 дэх заалтыг зөрчсөн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон. Мөн Д.Алтангэрэл нь хуулинд заасны дагуу ажил үүрэг гүйцэтгэхдээ бусдын нэр, төрд хохирол учруулж болзошгүй Уянга сумын Засаг дарга нь худлаа ярьсан мэтээр бусдад ойлгогдохоор нар төрд нь халдсан шинжтэй мэдээллийг иргэд болон олон нийтэд тараасан, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тухайн бүрэлдэхүүнийг удирдаж явсан Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Бат-Оргилын тайлбараар Уянга сумын Засаг даргын тамгын газраас шийдвэрлэсэн 2000000 төгрөгийн асуудалд холбоотой мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэхийг хориглосон заалтыг зөрчиж дур мэдэн бүдүүлэг байдлаар асуудалд хандсан болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэлд Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12.12 дахь заалтыг сонгож хэрэглэхдээ хариуцлагын хамгийн хүнд хэлбэрийг сонгон нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн байдлыг дордуулсан, тухайн үед үүссэн маргаан, түүний шинж байдал нь гэмт хэргийн болон захиргааны зөрчил, алба хаагчийн ёс зөрчилд огт хамааралгүй гэр бүлийн ахуйн хүрээний үл ойлголцолтой маргаан байсан гэдэг үндэслэлээр Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12.12 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж арга хэмжээ оногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль холбогдох дүрэм журам заавар зэргийг зөрчсөн тухай дурджээ.

Мөн Арвайхээр сумын 5 дугаар баг 232 дугаар байрны 1-604 тоотод оршин суух иргэн Б.Дулам нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус цагдаагийн газарт хандаж 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.Алтангэрэл гэдэг цагдаа эхнэртэйгээ хамт манай гэрт орж ирээд миний эхнэр аль буудалд хэнтэй хоносон, чи мэдэж байгаа биз дээ, хэл гэж асуусан.

Тэгэхээр нь би мэдэхгүй гэхэд миний өмнөөс хоёр гараараа салаавч өгөөд нүүр лүү нулимаад над руу дайрч байснаа ална гэж хэлээд эвхдэг хутга гаргаж ирж чамайг алчихаад гарна, гэрийг чинь самрана, чи намайг ямар цагдаа гэдгийг мэдэх үү? чамайг гишгэх газаргүй болгоно гэж айлган сүрдүүлсэн. Тухайн үед 6 настай манай охин хамт байсан. Их айсан байсан.

Би ийм байдалд анх удаа орсон болохоор их айж сандарсан тул гомдолтой байна гэж тайлбар гаргасан тул Цагдаагийн газраас албаны шалгалт явуулсан. Арвайхээр сумын 4 дүгээр багийн иргэн 32-22 тоотол оршин суух иргэн Самдангийн Гансүх гэх гомдол гаргагчийн хадам аавын гаргасан тайлбарт 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай хүү 88328181 дугаарын утсаар над руу залгаж Д.Алтангэрэл гэдэг цагдаа эхнэртэйээ хамт гэрт орж ирээд эхнэр Б.Дулам охин хоёрт хутга гаргаж ирээд ална хядна, чиний амьдралаар чинь тоглоно, намайг ямар цагдаа гэдгийг мэдэх үү гээд дарамтлаад байна гэж утсаар ярьсан.

Төрийн цагдаа хүн чинь айлд ороод хутга гаргаад танхайрч болох уу? болохгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүн уурлаж болно. Гэр бүлийнхээ асуудлыг гэртээ шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тайлбар өгсөн.

 Тус цагдаагийн газраас тухайн үед Багийн цагдаагаар ажиллаж  байсан цагдаагийн ахлах ахлагч Д.Алтангэрэлийн гаргасан дээрх асуудалд албаны шалгалт явуулж дүнг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн ёс дүрмийн 4.1.6-д заасан ажлын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг хүндэтгэж сахин биелүүлэх гэсэн заалт, мөн 2014 оны 869 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12.12-т албан хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах, бусдыг дээрэлхэх, өөрийн байр суурийг бусдаас илүүд үзэх бол сануулах, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртлэх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах эсхүл тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн ажлаас нь халах шийдвэр гаргасан.

Тус Цагдаагийн газрын даргын зүгээс Д.Алтангэрэл нь цагдаагийн албаны нэр хүндийг ашиглан бусдыг айлган сүрдүүлсэн, хүйтэн зэвсэг хутга гаргасан зэрэг нь ноцтой үйлдэл гэж үнэлэлт, дүгнэлт өгч Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж учирсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн заалт мөн Төрийин албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д энэ хуулийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэсэн заалтыг баримталж арга хэмжээ авсан. Тус Цагдаагийн газраас албан хаагч нарт иргэдтэй хүндэтгэлтэй харьцах, хүний эрхийг хангах, сахилга ёс зүйгээ чанд сахиж ажиллах талаар удаа дараа үүрэг даалгавар, ажлын чиглэл өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн албан хаагчдад Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн талаар сургалт зохион байгуулах зэрэг олон ажил арга хэмжээг зохион байгуулан Д.Алтангэрэлээс баталгаа хүртэл гаргуулан авсан байхад төрийн албан хаагчид байх боломгүй зохисгүй үйлдэл үйл хөдлөгөөн, үг яриа, танхайрсан үйлдэл гаргасан нь сахилгын хамгийн хүнд хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болсон.

 Улсын Дээд Шүүхээс 2014 онд зохион байгуулсан Шүүхийн байгууллагын удирдпах ажилтны сургалт зөвлөгөөн дээр дээрх асуудалтай холбоотой буюу ажилтныг ажлаас халсан үндэслэл нь зөв, гаргасан зөрчил нь бодитой тогтоогдож ажлаас халахаас өөр аргагүй байдалд хүрсэн, өөрөөр хэлбэл зөрчлийн улмаас ноцтой үр дагавар бүхий асуудал үүссэн бол тушаал дээрх хууль дүрэм журмын заалт буруу гэсэн үндэслэлээр албан тушаалтны гаргасан шийдвэр эрх зүйн актыг хүчингүй болгож хэрэг унагахгүй байх талаар анхааруулж байсан, энэ практик одоо ч хэрэгжиж байгаа гэж ойлгож байгаа.

Эрхэм шүүгч Төрийн тусгай албан хаагч бид Монгол улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж нэр хүндээ дээдлэн иргэдэд үйлчлэх үүрэгтэй, албаны нэр хүндийг ашиглан иргэдийг айлган сүрдүүлж болохгүй, ийм ёс суртахуунтай хүн төрийн албанд байж хэрхэвч таарахгүй гэж үзэж  байгааг анхаарч үзнэ үү гэж тайлбар гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар Д.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт холбогдох “Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар  сарын 20-ны өдрийн б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар  тус Цагдаагийн газрын Багийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч Д.Алтангэрэлд албан шалгалт явуулсан тухай дүнг хэлэлцжээ.

Тус хуралдаанаар зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр  халах саналыг дэмжсэнийг  үндэслэн тус Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/11 дугаартай тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахлах ахлагч Д.Алтангэрэлийг Төрийн албанд төрийн албанд 1 жилийн хугацаатайгаар орох эрхгүйгээр халж. Цагдаагийн ахлах ахлагч цолыг хураах тушаал гаргажээ.

Тус гаргасан  тушаалд  дараахь хуулийн заалт, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм зэргийг тус тус үндэслэл болгожээ. Үүнд:

 “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар “Ажлын бус цагаар Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэн сахин биелүүлэх”,

“Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д зааснаар “Байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх, энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулж, оролцохгүй байх”  гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь Өвөрхангай аймгийн Уянга суманд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ гаргасан үг, яриаг тус суман дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхболд, Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Бат-Оргил нарын илтгэх хуудас, тайлбар зэргүүдээр нотлогджээ.

“Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12-д “Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харьцах, хүнд суртал гаргах, хууран мэхлэх, бусдыг дээрэлхэх, өөрийн байр суурийг бусдаас илүүд үзэх, аливаа асуудалд хариуцлагагүй хандсан бол сануулах, уг үйлдийг улмаас хор уршиг учирсан бол албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаатайгаар 20 хувиар бууруулах, эсхүл тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь  гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас  иргэн Б.Дуламын гэрт 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 40 минутын орчим  Д.Алтангэрэл нь үг яриагаар доромжилж, хутга барьж айлган сүрдүүлсэн болох нь Цагдаагийн газраас шалгалт явуулсан материал, иргэн Б.Дуламын шүүхэд гаргасан тайлбар, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай”  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол зэргээр нотлогдсон байна.

Тус Прокурорын тогтоолд Д.Алтангэрэлд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хариуцлага тооцуулахаар даалгажээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дугаарт “Төрийн албан болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”,

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дугаарт “Төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах” гэсэн заалтуудыг тушаалын үндэслэх хэсэгтээ баримталсан нь хуулийн үндэслэлтэй тушаал болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дугаарт “Энэ зүйлийн 26.1 дүгээрт заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэж хуульчлан заажээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээрт  зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3 дугаарт зааснуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Алтангэрэлийн “Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаарт  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Ц.НЭРГҮЙ