Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2025/0099

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Төв

аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:  Д.Батбаатар

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      П.Соёл-Эрдэнэ   

                                         Ц.Цогт                           

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2025/0045 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2025/0552 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ц.О, түүний өмгөөлөгч Т.Т, хариуцагч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээд Ж.Э нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0470 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Ц.О нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *** албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлүүдийг ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1. *** аймгийн *** сумын *** газрын *** мэргэжилтэн Г.Б-ээс тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *** Ц.О-т холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан байна. Тус хороо гомдлыг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ц.О-ийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасны дагуу төрийн албанаас халах ёс зүйн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй ...” гэсэн дүгнэлт гаргажээ.

2.2.Хариуцагч Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар захирамжаар Ц.О-т 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

 “... Тухайн үедээ худлаа гүтгүүлсэндээ сэтгэл санаа цочирдоод Г.Б-ийг түлхэх явцдаа хальт нүүрэнд нь хүрснийг алгадсан гэж гүтгэсэн. Би санаатайгаар алгадъя гэж бодоогүй, маргааш нь миний буруу гээд уучлалт гуйхад тэрээр ойлгосон гээд надаас бас уучлалт гуйгаад ойлголцоод өнгөрсөн, гэтэл гомдол гаргасан байсан. Хариуцагч нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас халсан захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороог журмаа зөрчиж байгуулсан, тус хорооны чиг үүрэг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой атал төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн нь журмаа зөрчсөн. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь надад өнөөдрийг хүртэл албан ёсоор ирээгүй, дүгнэлтийг гардаж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах хугацаа өгөөгүй байхад ажлаас халах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нь ёс зүйн алдаа гаргасан үйлдэлдээ харамсан Г.Б-ээс болон байгууллагын хурал дээр хамт олноосоо уучлалт гуйсан, хэдийгээр ажлын үр дүн өндөр оноотой гарсан ч буруугаа ухамсарлан сайн дураараа урамшуулал авахаас татгалзсан. ... Эдгээр нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Ц.О нь албан томилолтоор явах үедээ согтууруулах ундаа хэрэглэж *** сумын *** газрын *** мэргэжилтэн Г.Б-ийг *** аймагт “Хуулиа дээдэлье” тэмцээнд оролцохоор ирсэн хүүхдүүдийн дэргэд маргаан үүсгэж хөгжлийн бэрхшээлтэйгээр нь дуудан, хоёр удаа хашхирч алгадаж ёс зүйгүй үйлдэл гаргасан нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, сонсох ажиллагааны тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон. Иймд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.7-д заасныг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлтэй. Би өөрөө Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг Ц.О-т танилцуулж, тэмдэглэл хөтөлж ажлаас халах тухай ойлголт өгсөн тул сонсох ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэжээ.

5.Гуравдагч этгээд тайлбартаа: “... Ц.О нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа халагдсаны улмаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Э санал тавьж, Засаг дарга Э.Б болон надтай харилцан зөвшилцөж, төрийн албыг тасралтгүй явуулах ажлын зайлшгүй шаардлагын улмаас хууль болон журамд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *** томилогдон ажиллаж байна. Үүсээд байгаа захиргааны хэргийн маргаанд миний бие ямар нэгэн хувийн сонирхол байхгүй бөгөөд уг маргааны улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тохиолдол үүсэх нөхцөлд хууль ёсны дагуу эрх ашгаа хамгаалах, ажлын байр, албан тушаалдаа эргэн томилогдох, шаардлагатай тохиолдолд зардлаа нэхэмжлэх болно ...” гэжээ.

6.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2025/0045 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ийн “Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *** албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлүүдийг ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

6.1.“... Гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Ц.О нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *** аймгийн *** сумын *** газрын мэргэжилтэн Г.Б-ийг “хөгжлийн бэршээлтэй, төрийн албанд ажиллаж чадахгүй, ачаалал даахгүй” гэх зэрэг үгээр хэлсэн, мөн түүний зүүн хацрыг баруун гараараа 2 удаа алгадсан болох нь тогтоогдсон, түүний энэ үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4-т заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

6.2.Монгол Улсын Ёс зүйн хорооноос Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороог байгуулсан шийдвэр, мөн хорооноос Ц.О-ийг ажлаас халах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгосон, хууль бус болохыг тогтоосон ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

6.3.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар иргэн Г.Б-ээс Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд хандаж Ц.О ёс зүйн зөрчил гаргасан гэх гомдлыг гаргаснаар тус хороо тухайн гомдлыг хэлэлцэж дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо байгуулсан шийдвэр, мөн тус Ёс зүйн дэд хорооны “Ц.О-ийг ажлаас халах үндэслэлтэй” гэсэн дүгнэлттэй холбогдуулан шүүхэд хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь хууль журмын дагуу байгуулагдаагүй ..., сонсох ажиллагаа явуулах үүрэггүй” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.

6.4.Хариуцагчаас Ц.О-т 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр явуулсан сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгчид ажлаас халах тухай урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан, мөн түүнд 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тайлбар гаргах боломж олгосон байна. Иймд маргаан бүхий захирамж хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.

7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2025/0552 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 14 дүгээр зүйлийн 14.3.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

7.1.... Хариуцагч нь Ц.О-ийн хэзээ гаргасан ямар үйлдлүүдийг ёс зүйн, эсхүл сахилгын зөрчил гэж үзсэн, аль үйлдлийг Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн заалт тус бүрийг зөрчсөн гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан бодит нөхцөл байдлыг маргаан бүхий актад тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4-т заасныг зөрчсөн, үүний улмаас Ц.О-ийн ёс зүйн болон сахилгын зөрчил тус бүрийг холбогдох хууль, журмын дагуу шалган тогтоосон эсэх, хариуцлага нь тохирсон эсэх, холбогдох хууль зүйн үндэслэл тус бүрд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна ...

7.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь аймгийн Хурал, түүний нийт албан хаагчдын саналыг аваагүй Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу байгуулагдсан Хороо биш байна. Мөн уг хуулийн дагуу байгуулагдсан Ёс зүйн дэд хороо нь зөвхөн өөрийн байгууллагын албан хаагчдын ёс зүйн асуудлыг шийдвэрлэх атал *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *** Ц.О-ийн ёс зүйн асуудлыг харьяалж шийдвэрлэсэн нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.3.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.3.1-д заасныг зөрчсөн, ... дүгнэлтэд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасны дагуу “Ц.О-ийг төрийн албанаас халах хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан доод шатны Хурлын томилох эрх бүхий этгээдийн бүрэн эрхэд халдсан, Монгол Улсын Төрийн албаны Ёс зүйн зөвлөлийн 2024 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 6.12.5-д заасан эрх хэмжээнээс хэтрүүлсэн байна.

7.3.Гомдол гаргасан Г.Б нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд хандахгүй, аймгийн Ёс зүйн дэд хороонд гаргасан нь хуульд нийцэхгүй бөгөөд өөрийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны шийдвэр гараагүй байхад хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь дээрх байдлаар хууль зөрчсөн аймгийн Хурлын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг шууд хэрэгжүүлж Ц.О-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар олгосон томилох эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийг зохих журмын дагуу шалган тогтоож, сахилгын хариуцлага хүлээлгэх, эсхүл ёс зүйн зөрчил гаргасан талаарх өөрийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зохих ёс зүйн хариуцлагыг ногдуулах чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргажээ.

7.4.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хүчин төгөлдөр болсноор сахилгын зөрчлөөс ялгаж, улмаар Ёс зүйн дэд хороо нь ёс зүйн зөрчил гаргасан талаар дүгнэлт гаргавал тус хуульд зааснаар төрийн албан хаагчид шууд хариуцлага хүлээлгэхээс өмнө өөрийн ухамсрын түвшинд “гаргасан алдаагаа ухамсарлаж дахин алдаа гаргахгүй байх боломж олгохоор байхад олгоогүй байна. Маргаан бүхий акт нь дээрх байдлаар хуульд нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй ...”  гэжээ. 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, өмгөөлөгч С.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1.“... Ц.О-ийн *** аймгийн *** суманд албан томилолтоор ажиллах явцдаа архидан согтуурч, төрийн албан хаагч (хөгжлийн бэрхшээлтэй иргэн)-ийг зодсон, биед нь халдсан үйл баримтад Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.7-д заасныг хариуцагч баримталсан.  2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр албан томилолтоор ажиллах явцдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, *** аймгийн *** суманд байрлах театр дотор “Хуулиа дээдэлье” тэмцээнд оролцохоор ***сумаас ирсэн хүүхдүүдийн дэргэд тус сумын *** мэргэжилтэн Г.Б-ийг “хөгжлийн бэрхшээлтэй, төрийн албанд ажиллаж чадахгүй, ачаалал даахгүй” гэх зэрэг үгээр хэлсэн, түүний зүүн хацрыг баруун гараараа 2 удаа алгадаж ёс зүйгүй авирласан нэхэмжлэгчийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.3, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3, 8.2, 8.2.3, 8.2.8-д заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдсон гэж үзсэн маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4-т заасан шаардлагыг хангаагүй гэх боловч агуулгын хувьд зөрчилгүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасныг баримталсан бөгөөд нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдэлд ногдуулсан хариуцлага тохирсон гэж үзнэ.

8.2.Маргаан бүхий акт зөвхөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс Ц.О-тэй уулзаж, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн ба уг тэмдэглэлд “... дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ер нь Г.Б-ийг ч зүгээр ажлыг нь хийлгэхгүй ...” гэж хэлээд хаалга саваад гараад явав” гэсэн байна. Энэ нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг тус тус зөрчсөн тул хариуцагчаас түүнийг ажлаас халах тухай шийдвэрийг гаргасан байдаг. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 8.3.Аймгийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхдугаар хуралдааны 04 дүгээр тогтоолоор батлагдаж, байгуулагдсан байх бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 45.5, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг удирдлага болгон нийт 41 төлөөлөгч оролцох ёстой хуралдаанд 40 төлөөлөгч оролцсоноор Ёс зүйн дэд хорооны гишүүдийг нэр дэвшүүлэн санал хурааж олонхийн саналаар шийдвэрлэсэн байхад хуулийн дагуу байгуулагдаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

8.4.Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон хууль зүйн үндэслэл нь төрийн албан хаагч Ц.О-ийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Түүний энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3-т заасныг тус тус зөрчсөн.

8.5.Нэхэмжлэгч нь энэхүү үйлдлээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч тайлбарладаг ба гомдол гаргагч Г.Б-ээс уучлалт гуйсан гэх боловч 1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дугаар талд авагдсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсанаар “бид хоёр эвлэрсэн зүйл байхгүй, надаас албан ёсоор уучлалт гуйгаагүй” гэснээр няцаагдана.

8.6.Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар тогтоолын дагуу гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлэх эрхтэй, энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрвөл хуульд зааснаар гомдол гаргах эрхтэй байсан боловч нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон ...

8.7.Мөн Ц.О-ийг ажлаас халах шийдвэрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргах хүртэл хуульд заасны дагуу түүний эрхийг хангасан гэж үзнэ. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар “... энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, зөрчлийн шинж байдал ...”-ыг харгалзан сахилгын ямар шийтгэл ногдуулах нь эрх бүхий этгээдэд хадгалагдах бөгөөд нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэлийг гаргасан зөрчилд нь тохироогүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдсон, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

8.8.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй, харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийн албан томилолтын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран ажиллагч Г.Б-ийг “Хуулиа дээдэлье” тэмцээнд оролцохоор ирсэн Мөнгөнморьт сумын хүүхдүүдийн дэргэд бүдүүлэг, зохисгүй үг хэллэг хэрэглэн доромжилж, биед нь халдан алгадаж, ёс зүйгүй авирласан үйлдлийг зөвтгөсөн агуулгаар дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

9.Нэхэмжлэгч тал “хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

10.Гуравдагч этгээд хариуцагч талын гаргасан гомдлыг дэмжсэн байр суурьтай оролцов.

11.Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

13.Энэ хэргийн тухайд, анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээс шүүхийн хууль хэрэглээний зөрүү үүссэн байх тул үүнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх нь зүйтэй.

14.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар төрийн албан хаагчийн “ёс зүйн зөрчил” болон “сахилгын зөрчил”-ийн үндсэн шинж буюу ялгаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам, хүлээлгэх хариуцлага зэргийг ялгаатай байдлаар зохицуулж өгчээ.

15.Тодруулбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн зорилт нь 2 дугаар зүйлийн 2.1-д тодорхойлсноор “төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн  5.1.1-д ““төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ” гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг”, 5.1.2-т ““төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг” гэснээс үзвэл, ёс зүй гэдэг нь төрийн албаны харилцаанд төрийн албан хаагч-хүний баримтлах ёстой ёс суртахуун, зан үйл, харилцаа, хандлагын нийтлэг хэм хэмжээ бөгөөд түүнийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь ёс зүйн зөрчилд тооцогдоно.

16.Харин Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд ... төрийн ... албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан “Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг”, 39 дүгээр зүйлд заасан “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн агуулгаас үзвэл, сахилгын зөрчил гэдэг нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах (хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар) үүднээс төрийн албан хаагчид ажил, үүргийнх нь хувьд хууль болон байгууллагын дотоод дүрэм журмаар хүлээлгэсэн үүрэг, баримтлах ёстой дэг журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.   

17.Гэвч зарим тохиолдолд ёс зүйн зөрчил нь мөн сахилгын зөрчилд тооцогдож сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болдог нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна: ...”, 16.3-т “Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасныг зөрчсөн бол тухайн хуульд заасан хариуцлага хүлээнэ”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж тус тус зааснаас харж болно.

18.Түүнчлэн, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “Төрийн албан хаагчид энэ хуульд заасны дагуу ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд заасны дагуу эрүүгийн, зөрчлийн, сахилгын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэснээс үзвэл ёс зүйн зөрчилд давхар хариуцлага хүлээлгэх ч боломжтой байна. 

19.Хэргийн үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Ц.О нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *** аймгийн *** суманд албан томилолтоор ажиллах явцдаа “Хуулиа дээдэлье” тэмцээнд оролцохоор ***  сумаас ирсэн хүүхдүүдийн дэргэд тус сумын *** газрын мэргэжилтэн Г.Б-ийг “хөгжлийн бэрхшээлтэй, төрийн албанд ажиллаж чадахгүй, ачаалал даахгүй” гэх зэргээр хэлж, түүний зүүн хацрыг баруун гараараа 2 удаа алгадсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

20.Ц.О-ийн энэхүү үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8.“байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх”, 8 дугаар зүйлийн 8.2.3.“хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах” гэсэн ёс зүйн зөрчил болохоос гадна Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, ... бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, ... дарамт, хүчирхийлэл ... үзүүлэх”-ийг хориглосон хуулийн заалтыг ноцтой зөрчсөн “сахилгын зөрчил” гэж үзнэ.

21.Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа дээрх хуулийн зүйл, заалтыг  баримтлан нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал ...-ыг харгалзан ... дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: ...” гэсний дагуу 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсныг хууль бус, хүлээлгэсэн шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй гэх үндэслэлгүй байна.

22.Иймд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул “... хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа зөвхөн Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслээгүй, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4... -ийг үндэслэсэн, зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд заасны дагуу халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцнэ” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

23.Хэдийгээр “... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хүчин төгөлдөр болсноор сахилгын зөрчлөөс ялгаж, улмаар Ёс зүйн дэд хороо нь ёс зүйн зөрчил гаргасан талаар дүгнэлт гаргавал тус хуульд зааснаар төрийн албан хаагчид шууд хариуцлага хүлээлгэхээс өмнө өөрийн ухамсрын түвшинд “гаргасан алдаагаа ухамсарлаж” дахин алдаа гаргахгүй байх боломж олгохоор заасан ... ” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ч, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь тодорхой, тогтоогдсон бөгөөд Төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээлгэхүйц “ноцтой зөрчил” байхад хариуцагчийг “ухамсарлах боломж олгоогүй” гэх үндэслэл буруу, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдэл нь сайн дураар хариуцлага хүлээгээд өнгөрөх “ялимгүй” зөрчил биш байна.

24.Мөн давж заалдах  шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал болон маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөх боломжтой байхад “... хариуцагч нь Ц.О-ийн хэзээ гаргасан ямар үйлдлүүдийг ёс зүйн зөрчил, эсхүл сахилгын зөрчил гэж үзсэн, аль үйлдлийг нь дээрх хуулийн заалт тус бүрийг зөрчсөн гэж үзэж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь бодит нөхцөл байдлыг маргаан бүхий актад тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.4-т заасныг зөрчсөн ... холбогдох хууль зүйн үндэслэл бүрд шүүх дүгнэлт өгөх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

25.Түүнчлэн, “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь өөрийн харьяалалд үл хамаарах асуудлыг авч хэлэлцсэн, ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах байтал хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж эрх хэмжээгээ хэтрүүлсэн” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш боловч бодит байдалд сумын Ёс зүйн дэд хороо нь удирдах албан тушаалтан болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *** ёс зүйн асуудлыг хараат бусаар шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй, ийм ч учир иргэн Г.Б гомдлоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд өгсөн талаар тайлбарласныг харгалзан үзэх үндэслэлтэй. Энэ утгаараа аймгийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороо зөрчлийг шалгаж, дүгнэлт гаргасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.3.1-д “Ёс зүйн дэд хороо өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны” зөрчлийг шалгаж шийдвэрлэх хуулийн заалтын зорилго, агуулгад нийцсэн гэж үзэж болохоор байна. 

26.Нөгөөтээгүүр, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т заасны дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т “... албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан ... шалган тогтооно” гэж заасан. Энэ тохиолдолд хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь нэхэмжлэгч Хурлын *** томилох эрх бүхий дээд шатны албан тушаалтны хувьд өөрийн эрхийн хүрээнд зөрчлийг шалгаж (Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, бусад баримт зэрэгт үндэслэн), холбогдох хариуцлагыг хүлээлгэсэн ч гэж үзэх боломжтой.

27.Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2025/0552 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2025/0045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

        ШҮҮГЧИД                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ  

                                                                   Ц.ЦОГТ

                                                                                                           Г.БАНЗРАГЧ