Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 64

 

Л.Ариунсайханын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00328 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.Ариунсайханын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хотол таван эрдэнэ” хоршоонд хариуцагдах

“17.114.420 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч  давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч Л.Ариунсайхан

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

            Хариуцагч Б.Оюунсүрэн

            Хариуцагчийн өмгөөлөгч Н.Сундуй

            Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

            Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нар оролцов.

     Нэхэмжлэгч Л.Ариунсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бурнавасан од ХХКомпани 2013 оны 7-8 аймгийн засаг даргын а\357 тоот шийдвэрийн дагуу Даланзадгад 8-р баг, Цагаан булаг, 4-1 тоотод 2000 мкв газрыг эзэмшиж байх хугацаандаа 2013 оны 8-р сараас 11 сарын хооронд 121 мкв талбайтай агуулах, 40 метр урттай хоёр давхар блокон хана, 130 метр торон хашаа, гаднах ариун цэврийн байр, 4x5 байшин. Эдгээр барилга байгууламжийг барьхад Л.Ариунсайхан, Л.Мөнхзаяа, Б.Оюунсүрэн, С.Бямба-Очир, Ц.Өлзийсайхан, М.Мөнхзул, Д.Мөнхцэцэг нар уг газар дээр түүхий эд авч байх хугацаандаа

барьж байгуулсан. Мөн 4х5-н харьцаатай байшин барьхад /2014 оны 5 сард барьсан/ Сэр-Од, Дэлгэрмаа, Мэндсайхан нар мөнгө нэмж барьсан. /тооцоо баримтыг хавсаргав/ 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс уг газрыг Хотол таван эрдэнэ хоршоо эзэмших болсон байна. Бид удаа дараа оруулсан хувь хөрөнгө мөнгөө буцааж авах хүсэлтээ хэлэхэд тодорхой хариу хэлэхгүй байсаар байгаад өдийг хүрлээ. Иймд нийт оруулсан мөнгөн дүн болох 17.114.420 төгрөгийг Хотол таван эрдэнэ хоршооноос нэхэмжилж байна. Биднийг хохиролгүй болгон асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ариунсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 05 сарын 09-ний Оюунсүрэнгийн ирүүлсэн тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Манай компани анх 2013 оны 04 сарын 01-нд газар эзэмших хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээн авч 2013.07.08-ны өдрийн а/357 тоот шийдвэрийг үндэслэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р багийн түр хогийн цэгийн баруун талд 2000м2 газрыг эзэмшихээр газрын байрлалыг кадастрын зургаар баталгаажуулсан. 2013.07.08-ны 000302901 тоот аж ахуйн нэгжийн гэрчилгээ олгосон. Ингээд тус газартаа: 1. 11x11 м2 агуулах, 2. 40м2 хоёр давхар хашаа, 3. 130м торон хашаа, 4. ариун цэврийн байр, 5. 4х5м харьцаатай байр 13 хүний оруулсан бүгд 30.141.680 төгрөгний хөрөнгө зарцуулж бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа компанийн дүрмийн дагуу тэгш эрхтэй хамтарч ажиллана гэсэн эрх үүрэг зөрчигдөж хамтран ажиллах боломжгүй болж маргаан үүссэн. 2014.10.28-ны өдрийн дугаар а/633 тоот захирамж гарч бидний тохижуулсан газрыг хүчингүй болгосон. 2015.10.06-нд Хотол 5 эрдэнэ хоршоо тус газрыг эзэмших шийдвэр гарч улмаар бид нэр бүхий 7 хүнийг уг газарт ажиллуулахгүй болсон тул бид анхны хөрөнгө оруулсан нийт 17.144.400 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. 2016.05.09-нд Б.Оюунсүрэнгийн гаргасан тайлбарт үнэн зүйл огт алга. Үүнд: Л.Ариунсайхан, Д.Мөнхцэцэг нар бид түүхий эдийн тооцоо барьж байхдаа мөнгө төгрөг дутааж, өөртөө ашигласан зүйл огт байхгүй. Харин ч ашигтай ажиллаж ашиг хувааж байсан нь үнэн болно. Мөнхзаяа, Б.Оюунсүрэн 2.388.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа тайлан гаргаж тайланд тусгагдсан тул одоо тооцоо байхгүй. Аймгийн Засаг даргын захирамжаар Бурнавасан Од ХХК-ний эзэмшил газрыг хүчингүй болгож Хотол 5 эрдэнэ хоршооны нэр дээр гэрчилгээ олгосон тул анх хашаа, агуулах, барилга байгууламж барьхад оруулсан хөрөнгөнөөс 17.144.400 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ариунсайхан анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэл гаргахдаа 2000 мкв газрыг эзэмшиж байх хугацаандаа манай компанийн нэр дээр байх хугацаанд байгуулсан. Тухайн үед бид газаргүй байсан бөгөөд манай компанийн газар дээр компанийн 4 гишүүн оролцсон. Бусад 6 гишүүн нь эхний үед оролцоогүй. Яагаад оролцоогүй вэ? гэвэл хувь, хувийн шалтгааны улмаас оролцоогүй юм. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд компанийн дүрмийн дагуу тэгш эрхтэй хамтарч ажиллана гэсэн эрх үүрэг зөрчигдөж хамтран ажиллах боломжгүй болж, маргаан үүсч компанийн зарим нэгэн гишүүн давуу эрх эдлэх байдал үүссэн. Энэ байдлаас болж манай компанийн гишүүдийг үгүйсгэж тэднийг газар дээрээ ажиллах боломжийг хааж эхэлсэн. Ингээд бид 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд хандаж газраа чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Тухайн үед газар дээр компанийн 4 гишүүн, компанийн биш 3 гишүүн, нийтдээ 7 гишүүн ажиллаж байсан юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргын захирамж гарч манай газрыг хүчингүй болгосон. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хотол 5 эрдэнэ хоршоо уг газрыг эзэмших болсноос бид ажиллах нөхцөл боломжгүй болж уг газарт оруулсан хөрөнгө 17.114.420 төгрөгөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хууль ёсны дагуу компани байгуулж, зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж, баримт материалыг хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлж татвар тайландаа тусгасан байгаа. Манай компанийн газрын асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байх үед энэхүү барилга бүтээн байгуулалтын тооцоог татварын газрынхан 24.057.340 төгрөгийг хүн тус бүрээр нь тооцож бидэнд бичиг баримт өгч байсан хэрнээ одоо яагаад өөр зүйл яриад байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Бид энэ газрыг эзэмшиж байх хугацаандаа оруулсан мөнгөө авья гэж байгаа. Бид оруулсан тооцоо баримтуудаа хүн тус бүрээр гаргасан. Бид урьд нь олж байсан ашиг орлого нэхэмжлээгүй, тухайн үед газар дээр оруулсан хөрөнгө, мөнгөө нэхэмжилж байгаа. Тиймээс 17.114.420 төгрөгөө зохих хууль журмын дагуу нэхэмжилж байна. Би бүтээн байгуулалтад орсон тооцооны баримтуудыг албан ёсоор нотариатчаар баталгаажуулж хавтас хэрэгт өгсөн байгаа. Газрыг Бурнавасан од ХХК-д олгосон гэрчилгээ нь энд байна. Тийм л байсан юм бол Өмнөговь аймгийн ченжүүдэд гээд газар олгох нь яасан юм. Миний хувьд бүхий л нотлох баримтуудаа хавтас хэрэгт гаргаж өгсөн байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн гол шаардлага нь Бурнавасан од ХХК-ийг байгуулан хамтран ажиллах явцдаа компанийн дүрэм баталсан. Энэхүү дүрэмд заасны дагуу хувь хөрөнгө нийлүүлсэн хүмүүсийн хамтран ажиллах боломжгүй болсон буюу дундын өмчлөлөөс үүдэх маргааныг Иргэний хуулийн 487 дугаар зүйлд заасны дагуу маргааны асуудал шийдэгдэх гэж байна. Хариуцагч талын тайлбарыг сонслоо. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагыг агуулгыг анхаарч үзэх ёстой. Бурнавасан од ХХК-ийг эдгээр хүмүүс хөрөнгөө нийлүүлж 200.000.000 төгрөгийн хөрөнгөтэй байхаар байгуулсан байна. Нэгэнт мөнгөө нийлүүлсэн хүн тухайн компанийн үйл ажиллагаанд биечлэн оролцох үгүйг компанийн дүрэмд тусгаж, компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Бурнавасан од ХХК нь аймгийн газрын албанаас хууль журамд заасны дагуу газар авсан. Компанийн үйл ажиллагаа газар авахаас өмнө ч явагдаж байсан, хойно нь ч явагдаж байсан. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Бурнавасан од ХХК-д газар олгогдсон. Энэ нь түүхий эдийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах зорилготойгоор төв хогийн цэгийн баруун талд газар олгосон гэсэн шийдвэр гарчихсан байгаа. Энэ нь хуулийн хүчин төгөлдөр үндэслэл. Энэхүү газар дээрээ 121 мкв талбайтай агуулах, 40 метр урттай хоёр давхар блокон хана, 130 метр торон хашаа, гаднах ариун цэврийн байр, 4x5 байшин барьсан байдаг. Энэ асуудал дээр маргаан үүсээд байгаа. Эдгээр бүтээн байгуулалтыг хэн барьсан, яаж барьсан гэдэг дээр хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хариуцагч хариу тайлбартаа энэ тухай дурдаагүй, үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан зардал зөрүүгээ яриад байгаа. Гэтэл энэ хүмүүс бүтээн байгуулалтыг тусгай зөвшөөрөл олгогдсон аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Засаг даргын захирамжаар өгсөн газар байгаа. Тэгэхээр 2013 онд Бурнавасан од ХХК-ийн нэр дээр газрын тусгай зөвшөөрөл гарсны дараа энэхүү бүтээн байгуулалт хийгдсэн. Бүтээн байгуулалт хийхийн тул эдгээр нэр бүхий эхний 10 хүн буюу Л.Ариунсайхан, Дэлгэрмаа, Од, Ц.Өлзийсайхан, Мэндсайхан, Болорхүү, Отгонцэцэг, Ууганбаяр, Л.Мөнхзаяа, Б.Оюунсүрэн нар, дээр нь нэмэгдэж С.Бямба-Очир, М.Мөнхзул, Д.Мөнхцэцэг нар оролцсон. Энэ хүмүүс барилгын бүтээн байгуулалтанд 30.271.684 төгрөгийн хөрөнгө оруулсан. Хариуцагчийн хэлж буйгаар бид ашигаасаа хуримтлал бий болгоод эдгээр бүтээн байгуулалтыг хийсэн гэдэг. Тухайн үед үйл ажиллагаанаасаа оруулсан ашигаа тэнцүү хувааж авах ёстой гэдэг нь компанийн дүрэмд заасан байдаг. Яагаад гэвэл эдгээр хүмүүс тэнцүү хөрөнгө оруулсан байдаг юм. Засаг даргын захирамжаар 2013 онд Бурнавасан од ХХК-д олгогдсон газар цуцлагдаж, Хотол 5 эрдэнэ хоршоо буюу та бүхний нэр дээр уг газар дахин олгогдсон байгаа. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Засаг даргын захирамжаар уг газар цуцлагдаж 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар Хотол 5 эрдэнэ хоршооны нэр дээр шинээр олгогдсон. Тэгэхээр энэ хүмүүс бүтээн байгуулалт хийсэн газраа Хотол 5 эрдэнэ хоршоонд нь өгье, зөвхөн бүтээн байгуулалт хийсэн хөрөнгөө авья гэж байгаа. Нийтдээ эдгээр бүтээн байгуулалт 30.148.684 төгрөгөөр боссон гэдгийг хариуцагч Б.Оюунсүрэн та өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Хэрвээ эдгээр бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан хүмүүст мөнгийг нь өгөхгүй гэж үзэж байгаа бол Хотол 5 эрдэнэ хоршооны 2000 м2 талбай бүхий хашаанд байгаа хашаа, агуулах, байшинг хувь ноогдох хэмжээгээр буцаан өгөх ёстой гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсүрэн анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Засаг Даргын Захирамжийн дагуу төвлөрсөн түүхий эдийн цэгийг нэгдсэн нэг зохион байгуулалтанд оруулах зорилгоор хуучин хогийн цэгийн баруун талд газар өгсөн бөгөөд энэ газар дээр 2013 оны 8 сараас "Арвин сан" худалдааны төвийн урд талд үйл ажиллагаа явуулж байсан түүхий эд бэлтгэн нийлүүлэгч ченжүүд /Л.Мөнхзаяа, Б.Оюунсүрэн, Л.Ариунсайхан, Ц.Өлзийсайхан, С.Бямба-Очир, Д.Мөнхцэцэг, М.Мөнхзул/ хоорондоо ярилцан хамтран ажиллаж эхэлсэн. Хамтарч ажиллах хугацаандаа Өлзийсайхан 8237650 төгрөг, Ариунсайхан 9017250 төрөгийн ашиг авсан. /10 сарын12-оос 10 сарын 26-ны хооронд Ариунсайханы тооцоо барьж байх үеийн ашгийг оруулаагүй болно/ Өлзийсайхан, Ариунсайхан нар нь хамтран ажиллаж байх явцдаа тухайн үед авч байсан

ашигаа голж хувийн ашиг сонирхолоо урьтал болгон хоорондоо харилцан тохиролцож илүү ашиг олох зорилгоор өөрсдийн хүсэлтээр цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ хэлж Ц.Өлзийсайхан 2013 оны 11 сарын 16, Л.Ариунсайхан нь 2013 оны 11 сарын 23 нд ажиллахаа больсон ба түүхий эд авахад зориулан гаргасан 3000000 /гурван сая/ төгрөг, ашгаасаа хуримтлал үүсгэсэн 2500000-3000000 /хоёр сая таван зуун мянгаас гурван сая төгрөг нийт Өлзийсайхан 5500000/таван сая таван зуун мянга/ төгрөг, Ариунсайхан 6000000 зургаан сая/ төгрөг авч явсан болно. Ариунсайхан нь тооцоо барьж байх хугацаандаа тооцоогоо будлиантуулж 2000000 /хоёр сая / төгрөгийг дутааж байсан. Манай хоршооны гишүүн болох Д.Мөнхцэцэг нь хоршооны тухай хууль, дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд 2015 оны 5 сарын З-нд хувийн эрх ашгаа урьтал болгон хоршооноос явсан. Явахдаа хоршооны эд хөрөнгө болох 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй посын машин, компьютерыг дагалдах хэрэгсэлийн хамт, түүхий эдийн үлдэгдэл мөнгө болох 9907940 төгрөгийг дур мэдэн авч явсан. Мөнхцэцэг нь хамтарч ажиллах хугацаандаа 15000000 /арван таван сая/ төгрөгөөр хувь нийлүүлсэн бөгөөд 5 сарын 28 нд авч явсан мөнгө болох 9907940 төгрөг дээр нь 4162000 /дөрвөн сая нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийг Мөнхцэцэгт нэмж өгсөн. Мөнхцэцэг нь тооцоо барьж байх хугацаандаа Номгон сумын иргэн Д.Батбуянд 1000000 /нэг сая/ төгрөгийг зээлгэсэн байснаа өөрөө авахаар болж тооцоо дуусгасан. Мөнхцэцэгтэй тооцоо хийхдээ 70000 /далан мянга/ төгрөгийг илүү өгсөн байсан. Тухайн үед авч явсан компьютер болон дагалдах хэрэгсэл, посын машиныг одоог хүртэл өгөөгүй. 2013 оны 8 сарын 3 аас 2015 оны 5 сарын 3 хүртэл хамтарч ажиллах хугацаандаа нийт 44027963 төгрөгний ашиг авсан байна. /Ашиг авч байсан гарын үсэгтэй баримт нь байгаа болно./ хавсралт 3,4,5,6 болон тооцооны дэвтэр/ Бүтээн байгуулалтанд нийт 7 хүн оролцсон /М.Мөнхзул, Л.Мөнхзаяа, Б.Оюунсүрэн,

Д.Мөнхцэцэг, Л.Ариунсайхан, Ц.Өлзийсайхан С.Бямба-Очир/ бөгөөд бүтээн байгуулалтыг хийхэд үндсэн мөнгөнөөс гаргахгүйгээр түүхий эдийн борлуулалтын зөрүү болох ашигаас хуримтлал үүсгэн 121 мкв талбайтай агуулах ,блокон болон төмөр сараалжин хашаа, 00 цэг зэргийг барьсан болно. Жич:Тухайн үед авч байсан ашгийг нэгтгэж гаргав. /хавсралт 5/ Ариунсайханы цаг тухайд нь тооцоогоо гаргаж үзүүл гэсэн шаардлагыг удаа дараа тавьсаны үндсэн дээр өөрийн гар бичмэлээр гаргасан тооцоог үндэслэн барилгын тооцоог гаргасан. /эх бичмэл нь байгаа болно/. Зардлын тооцоо болох 6364344 /зургаан сая гурван зуун жаран дөрвөн мянга гурван зуун дөчин дөрвөн/ төгрөг нь 8 сарын 3 аас 11 сарын 23 ны хооронд Ариунсайхан, Өлзийсайхан, Мөнхцэцэг нартай хамтран түүхий эд авч байх үеийн хоол, ажилчны цалин, шуудай зэрэг өөрсдийн хэрэгцээнд зориулан гаргасан зардал бөгөөд тооцоо хийх бүрдээ зардлаа хасаж ашгаа тооцон олгож байсан. /хавсралт 7/ Аймгийн засаг даргын 2015 оны 7 сарын 3 өдрийн а/452 тоот шийдвэрээр тус газрыг "Хотол таван эрдэнэ" хоршоо нь эзэмших эрхтэй болсон. "Хотол таван эрдэнэ" хоршооны газар дээр өөрсдөө дур мэдэн 4x5 жижиг байшин/ ямар ч тооцоо судалгаагүй, стандартын шаардлага хангахгүй, зориулалт нь тодорхой бус/ барьсан. Энэ барилгыг бидэнд бариад өгөөч гэж гуйж хэлээгүй өөрсдөө юу бодож барьсаныг мэдэхгүй. Одоо бодоход юу ч байсан яадаг юм нэг юм барьчихая тэгээд дараа нь шүүхээр мөнгийг нь авья гэсэн бодолтой байсан хүмүүс байна. Иймд харин тус эзэмшлийн газар дээр барьсан барилгаа ямар нэгэн арга хэмжээ авч газар чөлөөлж өгөхийг хүсэж байна. Энэ барилга нь манай байгууллагаар үйлчлүүлж байгаа нийт малчдын орж гарах үүдэнд тулгаж барьсан учраас үзэгдэх орчин хязгаарлаж ажил үйлчилгээ явуулахад саад болж байна. Иймд Ариунсайханы нэхэмжилсэн 17114420 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсүрэн анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2013 оны 8 дугаар сард "Арвин сан" худалдааны төвийн урд зогсож түүхий эд бэлтгэн нийлүүлж байсан ченжүүдэд В.Мөнхбат нь өөрийнхөө газар дээр барилгын ажил эхлэх болсноо бичгээр мэдэгдсэний дагуу бид Аймгийн засаг даргын тамгын газарт үйл ажиллагаа явуулах газар хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл өгсөний дагуу Аймгийн газрын албанаас түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нарт тус газрыг олгосон бөгөөд тэнд зогсож байсан ченжүүд /Л.Мөнхзаяа, Б.Оюунсүрэн, Л.Ариунсайхан, Ц.Өлзийсайхан, С.Бямба-очир, Д.Мөнхцэцэг, М.Мөнхзул/ хоорондоо ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр түүхий эдийн захаа "Хотол" гэж нэрлэж хуучнаар хогийн цэгийн баруун талыг өөрсдөө цэвэрлэн янзлаж тухайн орчиндоо тохижилт хийж агуулах сав барьсан. Тухайн үед бид түүхий эд эрхэлж байгаа хүмүүст энэ газрыг олголоо гэж ойлгосны үндсэн дээр санаа зорилгоо нэгтгэн бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан, нойр хоолоо хасан зүтгэсэн билээ. 11*11 хэмжээтэй агуулах, хашаажуулалтыг худалдан авч борлуулсан түүхий эдийн ашгаас хуримтлал үүсгэн барьсан. Барилгын ажил эхлэхэд Ариунсайханыг барилгын тооцоогоо бариад Бямба-очиртой барилгын ажлыг хариуц ,бид түүхий эд авах ,борлуулах болон бусад ажлаа хийе гээд ажлаа хувиарлан ажилласан. Барилгын тооцоог Ариунсайхан өөрөө барьж дуусгасан. Л.Ариунсайханд бид бүтээн байгуулалтын нэгдсэн тооцоогоо гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөхгүй байсаар 2014 оны 5 сард ямарч баримт байхгүй, тодорхой бус тооцоо гаргаж өгсөн. Барилгын тооцооны зарим баримтууд бид нар дээр байсан гэтэл бидний хажууд сууж худлаа тооцоо гаргахдаа аваад явсан. Тухайн үед түүхий эдийн тооцоогоо ээлжлэн барьдаг байсан. Барилгын ажил дууссаны дараа Л.Ариунсайхан нь тооцоо барьж байх хугацаандаа тооцоогоо будлиантуулж 2000000 /хоёр сая / төгрөг дутааж байсан ба дараа нь Д.Мөнхцэцэг тооцоо барих болоход түүхий эд борлуулсан барааныхаа мөнгийг данснаасаа бүрэн гүйцэд гаргаж өгөөгүйгээс болж үл ойлголцох байдал Д.Мөнхцэцэгтэй үүсгэсэн. Л.Ариунсайхан нь бидний адил тэнцүү хэмжээтэй нийлүүлсэн мөнгийг дур мэдэн хувьдаа ашигласнаа өөрөө хүлээсэн. 2013 оны 11 сард Ц.Өлзийсайхан нь авч байсан ашгаа голон хувийн ашиг сонирхолоо урьтал болгон тусдаа ажиллахаар болсон, харин Л.Ариунсайхан нь "би өр ихтэй, санхүүгийн байдлаа зохицуулчихаад буцаж ирнэ" гэж хэлээд явсан. Тэгэхэд бид нар ажлаа хийж бай, ямарч байсан хэдүүлээ хамтарч ажиллаж байгаад санхүүгийн бэрхшээлийг чинь хамтран даван туулж болно шүү дээ, замын дундаас нэгийгээ хаяна гэж юу байх вэ дээ гэж олон удаа гуйж хэлэхэд өөрийнхөө тарьсан өрийг та нарт нялзаагаад яахав дээ, би өөрийнхөө асуудпыг өөрөө зохицуулчихаад ирнэ гэж хэлээд явсан. Л.Ариунсайханыг биднийг төлөөлж чадах хүн гэж итгэж газрын асуудлыг түүнд даатгахдаа тухайн үед түүний хэлж байсан " Хуулийн цоорхойг ашиглаж сур" гэсэн үгний утгыг ойлгоогүй. Газрыг авахдаа "Заавал хариуцагчтай байх ёстой гэж байна" гэснээр нь Бурнавасан - Од ХХК -ын нэр дээр авчихвал яах бол гэж ярилцсаны үндсэн дээр газрыг уг компаний нэр дээр гаргахаар болсон. Л.Ариунсайхан нь бидэнд аймгаас өгсөн газрын асуудал шийдэгдчихлээ"одоо бид газартай болсон учраас нэгдэж ажиллах хэрэгтэй байна" гэсэн. Тухайн үед Бурнавасан-Од ХХК 10 гишүүнтэй байсан бөгөөд энэ компаниас Л.Мөнхзаяа, Б.Оюунсүрэн, Л.Ариунсайхан, Ц.Өлзийсайхан нар, компаний гишүүн бус М.Мөнхзул, С.Бямба-Очир, Д.Мөнхцэцэг нар нь сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө дайчлан бүтээн байгуулалтын ажлыг хийцгээсэн. Энэ бүтээн байгуулалтын ажлыг хийхэд тус компанид М.Мөнхзул, Д.Мөнхцэцэг, С.Бямба-Очир нар нь гишүүнээр элсээгүй байсан бөгөөд энэ тухайгаа Л.Ариунсайханд хэлэхэд та нар тэгж байгаад гишүүнээр элсэх өргөдлөө өгчихөөрэй гэж хэлэхээр нь бид тэгье гэж хэлээд ямарч юм санаагүй, гэтэл бид бүхний эхэлсэнээ дуустал хийдэг хөдөлмөрч занг маань ашиглан бүтээн байгуулалтаа хийлгэж аваад хөөх сонирхолтой байсан нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорхой болсон. Ингээд Л.Ариунсайхан нь газрын маргаан үүсгэн шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн боловч газрын албанаас энэ газрыг 2014 оны 6 сарын 30-ны өдрийн 156 тоотоор цуцалсан байсан/ хавсралт 1/ ба төсөл сонгон шалгаруулалт зарлан явуулсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 сарын 31ний өдрийн а\452 дүгээр шийдвэрийг үндэслэн "Хотол таван эрдэнэ" хоршоонд энэ газрыг өгсөн билээ. Л.Ариунсайханыг явснаас хойш 2014 оны 3 cap хүртэл бид түүнийг дарга гэж хүндлэн удаа дараа ирж ажлаа хийхийг хүссэн боловч сүүлдээ Засгийн газрын малчдад өгөх хонь тэмээний ноос, арьс нэхийний урамшуулал бичих ажил зогсоход хүрч хоршоонд шинээр малчин өрх элсэх хүсэлт гаргасныг Л .Ариунсайханд уламжлахад "манай гэр болон дэлгүүр рүү явуулчих" гэдэг байсан учраас малчид ихэд дургүйцэн та нар өөрсдөө хоршоо байгуулаач гэсэн хүсэлт гаргасан. Малчдын санал хүсэлтийг үндэслэн бид бүхэн хоорондоо ярилцсаны үндсэн дээр "Хотол таван эрдэнэ" хоршоог 2014.03.09-ний өдөр байгуулсан. Тус хоршоо нь байгуулагдсанаас хойш зуны түүхий эдийн агуулах, оффисын барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийсэн ба малчдад хонь, тэмээний ноос, түүхий эдийн урамшууллын падан бичих, тэжээлээр хангах дусламж дэмжлэг үзүүлэх, шагнаж урамшуулах зэрэг үйлчилгээг байнга үзүүлдэг. Улмаар 2015 оны 11 сард ХАА-н биржийн байнгын бус гишүүн болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж байна. Жич: Бурнавасан-Од ХХК-нийг анх байгуулахад Л.Мөнхзаяа,Б.Оюунсүрэн нар нь үүсгэн байгуулалцсан бөгөөд түс бүр 20000000 /хорин сая/ төгрөг дансанд нь байршуулсан. Данснаасаа буцааж гаргаж өгөхдөө Л.Ариунсайхан, Дэлгэрмаа нар нь 1000000 /нэг сая/ төгрөгийг дансандаа үлдээн бидэнд 19000000 /арван есөн сая/ төгрөг өгсөн. Ширээ сандал авахад зориулан хүн тус бүр 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, прессний тээврийн хөлс болон бусад зүйлд хүн тус бүр 74000 /далан дөрвөн мянга/ төгрөг өгсөн бөгөөд нийт 1194000*2 хүн=2388000 төгрөгийг Бурнавасан-Од ХХК-аас авах тул биднийг хохиролгүй болгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсүрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх Арвин сан худалдааны төв байгуулагдсан цагаас эхлэн газрын асуудлыг ярьж байсан. Үүний дагуу Говийн даржаа гэх компанийг 13 хүн байгуулсан юм. Энэхүү компанийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж 4 газар албан бичиг өгч байсан. Үүний дагуу хогийн цэгийн баруун талд түүхий эдийн зориулалтаар энэхүү газрыг өгсөн. Гэтэл энэ хүн зөвхөн Бурнавасан од ХХК-д өгсөн гэж яриад байгаа. Энэ газрыг ченж нарт зориулж өгсөн байдаг юм. Уг газар дээр 2013 оны 08 дугаар сард бид очиж буухад уг газар дээр ямар ч бүтээн байгуулалт байгаагүй, хоосон газар байсан. Уг газар би өөрийнхөө ногоон амбаарыг авч очиж буулгасан, Зулаа өөрийн гэрээ авчирч барьсан. Гэтэл тэрхүү газрыг өндөр хүчдэлийн шугамын дор байна гээд газрыг та нарт өгөх боломжгүй, дахин газрын албан дээр очиж энэ асуудлаа дахин шийдвэрлүүл гэсэн. Бид дахин газрын албан дээр очиж өндөр хүчдэлийн баруун талд шинэ газар анх удаа авч байсан. Гэтэл энэ хүн Бурнавасан од ХХК-д өгсөн газар гэж яриад байгаа. Энэ газар дээр анх Арвин сан худалдааны төвийн урд байсан Л.Ариунсайхан, Л.Мөнхзаяа, Б.Оюунсүрэн, С.Бямба-Очир, Ц.Өлзийсайхан, М.Мөнхзул, Д.Мөнхцэцэг бид 7 хүн тэрхүү газар дээр нүүж очсон. Яагаад нүүж очсон бэ? гэвэл В.Мөнхбатын барилгын компани орон сууцны барилга барьж байсан учраас бидний газрыг чөлөөлж өг гэсэн хүсэлт тавьсны үндсэн дээр бид газрын албаар хөөцөлдөж уг газрыг авсан. Энэ цагаас эхлээд бид Л.Ариунсайханд барилгын ажлыг хариуцуулж, бүтээн байгуулалтын ажлыг хийлгэж, бид түүхий эдээ авч борлуулъя гэж тохирсны үндсэн дээр бид олсон ашгаараа бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн. Бид бүтээн байгуулалт хийхдээ цемент, блок зэргийг зээлээр авч бүтээн байгуулалтын ажлаа хийж байсан. Бурнавасан од ХХК-ийн газар байсан юм бол яагаад Бурнавасан од ХХК-ийн гишүүн биш 3 хүнийг оролцуулж энэ газар дээр бүтээн байгуулалтын ажлыг эхлэх болсон юм бэ? Яагаад Бурнавасан од ХХК-ийн нэр дээр байгуулсан юм бэ? гэвэл Л.Ариунсайхан газрын албан дээр очиж уулзахад газрын алба ямар нэгэн хариуцагчтай байх ёстой гэж байна. Тиймээс уг газрыг хэний нэр дээр авах вэ? эсвэл хоршооны нэр дээр авах ёстой гэж байна гээд ирсэн. Тэгээд бид Бурнавасан од ХХК-ийн нэр дээр уг газрыг авахаар зөвшилцөж газар дээр бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Бид бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн олсон ашгаасаа хийж байсан. Энэ хүмүүс салж явахдаа 6.000.000 төгрөгийг ашиг авч явсан. Тиймээс бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Л.Ариунсайхан бүтээн байгуулалтын ажлын тооцоогоо бидэнд гаргаж өгөхгүй байсаар байгаад салж явсан. Баримт байхгүй учраас бид хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Сундуй анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч 17.114.420 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хотол 5 эрдэнэ хоршоо нь ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх тайлан, тооцоог хавтас хэрэгт гаргаж өгсөн байдаг. Энэхүү хоршооны бүх баримтуудыг тооцоотойгоор хэрэгт гаргаж өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

     Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг, 477 дугаар зүйлийн 477.1, 477.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хотол 5 эрдэнэ хоршоо /дарга М.Мөнхзул/-оос 15.740.436 /арван таван сая долоон зуун дөчин мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ариунсайханд олгож, нэхэмжлэгч Л.Ариунсайханы 1.373.984 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 308.520 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хотол 5 эрдэнэ хоршоо /дарга М.Мөнхзул/-оос 236.652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ариунсайханд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй мөн хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдлоо бичиж байна.

1.  Хавтаст хэргийн хүрээнд хэргийн материал танилцуулсан гэх баримт нь хх-ийн 86 хуудасанд 2016.05.30-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсүрэн нарт, хх-ийн 156-р хуудсанд 2016.06.10-ны өдөр нэхэмжлэгч Л.Ариунсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунсүрэн нарт, хх-ийн 182-р хуудсанд 2016.06.14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсүрэнд, дугаарлагдаагүй байсан баримтанд 2016.06.14-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч Л.Сундуйд хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудыг танилцуулсан байдаг. Эдгээр баримтуудыг үзэхэд анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг / хх-ийн 179/ 2016.06.09-ний өдрийн 00928 тоот шүүгчийн захирамжаар 2016.06.14-ний өдрийн 11 цагт хийхээр товлон зарласан байдаг. ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан: хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцана гэсэн танилцах эрх зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл 2016.06.09-ний өдрөөс хойш хэрэг танилцуулсан гэх баримт байгаа боловч уг баримтаас харвал хэргийн оролцогч нараас шүүхэд гарган өгсөн нотлох баримтуудыг л танилцуулсан байдаг хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтуудыг бүгдийг нь танилцуулсан гэх үндэслэл харагддагүй юм.

2.  Хэргийн оролцогч нар өөрсдийн эрхийнхээ хүрээнд нилээдгүй нотлох баримтуудыг гаргасан байдаг уг нотлох баримтыг хэрхэн яаж үнэлсэн талаар тодорхойгүй, хийсвэр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжпэгч талын гарган өгсөн баримтуудаас яг аль хуудсанд авагдсан баримтыг, хариуцагчаас гарган өгсөн аль аль баримтыг хэрхэн үнэлсэн талаар тодорхойгүй байна.

3.  Дундын өмчлөлийн эд хөрөнгөө хамтран өмчлөгчид хэрхэн яаж зарцуулах, уг газар дээр үлдсэн хөрөнгийг хэрхэн яаж хэнд шилжүүлэн өгөх, цаашид хэн хэний эзэмшилд өгөх талаар талууд өөр хооорондоо хэрхэн яаж зөвшилцсөн талаар хэргийн хүрээнд ямар нэгэн тайлбар болоод энэ талаар шүүгч лавлаж асуусан зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл дундын өмчлөлд шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийдэггүй.

4.  Хотол таван эрдэнэ хоршоо нэхэмжлэлд дурьдсан 5 хөрөнгийг шууд хоршоонд шилжсэн мэтээр хариуцагч хоршооноос мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр 121 мкв талбайтай агуулах л Хотол таван эрдэнэ хоршооны эзэмшилд шилжсэн байдаг. Бусад хөдлөх эд хөрөнгийг яагаад ямар учраас тус хоршоо хариуцаж мөнгө төлөх ёстой юм бэ, 13 хүний хөрөнгөөр боссон эд хөрөнгө гэж шүүх үзэж байгаа 13 хүний санаа бодол, уг хөрөнгийг хоршоонд өгөх, шилжүүлэх, эзэмшүүлэх талаар санал тусгагдсан зүйл байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн учир дутагдалтай байна. Зөвхөн Хотол таван эрдэнэ хоршоо нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл агуулахад хэн хичнээн төгрөгний хөрөнгө оруулсан тэр гаргасан мөнгийг нь хоршоо хариуцахаар баймаар, гэтэл илүү мөнгө төлүүлэхээр гаргасан нь үндэслэлгүй байна.

5.  Мөн хөдлөх эд хөрөнгийг хамтран ажилласан хүмүүс аваад цааш нь зараад зарсан мөнгөө хувааж авах боломжтой, нөгөөтэйгүүр уг эд хөрөнгө байгаа газар өөр бусад этгээдэд шилжиж эзэмшилд нь очсон тохиолдолд тухайн газар дээр байгаа хөрөнгө хамтдаа шилжин очно гэсэн хуулийн заалт байхгүй байхад өрөөсгөл дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг шүүгч та бүхэн нягтлан үзэж анхан шатны шүүхийн 00328 тоот шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн өмгөөлөгч Н.Сундуй давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хотол таван эрдэнэ хоршооноос 17.114.420 төгрөгийг Л.Ариунсайхан нэхэмжилсэн иргэний хэргийн материалд бүрдэл дутуу, нотлох баримт шаардлага хангахгүй материалд шүүх үнэн бодитой дүгнэлт хийгээгүй. ...Хотол таван эрдэнэ хоршоо нь 17.114.420 төгрөгийг нэхэмжилснийг төлөх субьект биш учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Ариунсайхан нь хугацаандаа 2013 оны 8-р сараас 11 сарын хооронд 121 мкв талбайтай агуулах, 40 метр урттай хоёр давхар блокон хана, 130 метр торон хашаа, гаднах ариун цэврийн байр, 4x5 байшинг барихад оруулсан 17.114.420 төгрөгийг Хотол таван эрдэнэ хоршооноос нэхэмжилжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Мөнхзул, Л.Мөнхзаяа, Б.Оюунсүрэн,Д.Мөнхцэцэг, Л.Ариунсайхан, Ц.Өлзийсайхан С.Бямба-Очир нарын 7 хүн оролцож үндсэн мөнгөнөөс гаргахгүйгээр түүхий эдийн борлуулалтын зөрүү болох ашгаас хуримтлал үүсгэн 121 мкв талбайтай агуулах, блокон болон төмөр сараалжин хашаа, 00 цэг зэргийг барьсан,  Ариунсайханы нэхэмжилсэн 17114420 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Аймгийн Засаг даргын 2013.07.08-ны өдрийн а/357 тоот шийдвэрийн дагуу  Бурнавасан од ХХК-ний эзэмшиж байсан  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р багийн түр хогийн цэгийн баруун талд 2000м2 газар дээр нэхэмжлэлд дурдсан 5 байгууламжийг түүхий эд цуглуулах зорилгоор барьсан талаар зохигчид маргахгүй байна.

Шүүх талууд ашиг олох болон тодорхой зорилго хэрэгжүүлэхийн тулд хамтран үүрэг хүлээж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах хэлцэл гэж үзэн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 476, 478 дугаар зүйлүүдэд зааснаар талууд  ямар зорилгыг хамтран хэрэгжүүлсэн, хураамж, ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилж байсан зэрэг хамтран ажиллах гэрээний гол шинжийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тодорхойлж чадаагүй байна.

 Хамтран ажиллах гэрээний талуудын аль аль нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар гэрээнээс гарахаар, 480 дугаар зүйлийн 480.1, 480.2.1-т зааснаар гэрээг дуусгавар болгож цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд ногдох хувь, үлдэх хөрөнгийг хуваарилах зэргээр өөр өөр гарах үр дагавар үүснэ. Дээрх нөхцөл байдалд шүүх ямар нэг  дүгнэлт хийгээгүй байна.

Хэргийн 92 дугаар хуудсанд хүн тус бүрээр оруулсан хөрөнгийн үнэлгээ гэсэн бичмэл баримтад Жинст ембүү, Говийн Даржаа гэсэн нэрсийг давж заалдах шатны шүүх хуралдаан оролцсон хэргийн оролцогчид хувь нийлүүлсэн хоршоо гэж тайлбарласан.

Түүнчлэн нэр бүхий 6 иргэний олгосон итгэмжлэлийн дагуу Л.Ариунсайхан төлөөлөн нэхэмжлэгчээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Бурнавасан од ХХК-ий санхүүгийн баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй шалтгаан, нэр бүхий 6 иргэд болон Бурнавасан од ХХК, Бурнавасан од ХХК болон Хотол  5 эрдэнэ хоршоо, нэр бүхий иргэд болон Хотол 5 эрдэнэ хоршоо нарын хооронд эрх зүйн ямар харилцаа хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болсон эсхүл гэрээнээс хэзээ гарсан зэрэг цаг хугацаа, хамтран үйл ажиллагаа хэрэгжүүлсэн субъектүүд тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд шүүхийг нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй зөрчил гаргасан гэж үзэх  үндэслэл тогтоогдож байх бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5,  168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Хотол таван эрдэнэ хоршоо, Оюунсүрэн гэсэн нэрээр давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 236652 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын газрын ХААН банкны 5585042119 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                             Ш.ТӨМӨРБААТАР    

                                                                                     Н.НАСАНЖАРГАЛ